Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бөд холбогдох эрүүгийн 1914007350431 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            1.Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  Б.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Зүүн хаяа 6 дугаар багийн нутаг “ Тарвагтын тээг” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн П.Батболдын ззэмшлийн 2 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж 2300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

            .... Би мотоцикольтой явж байгаад замд таарсан хэсэг үхрээс тухайн 2 тооны үхрийг өөрийн биед явдаг эвхдэг хутгаараа нугасалж унагааж хуулаад гэдсийг нь гаргаж хаяад махыг нь дөрвөн мөчлөөд аймаг оруулж ирж зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

            Хохирогч П.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн

            ... 2019 оны 09 дүгээр сарын 21-ний орой өвөлжөөний урд үхрээ бүртгэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө үхэр өөр газраас цуваад ирсэн, үхрийн ирсэн газраас үхрээ бүртгэтэл 2 үхэр дутуу байхаар нь мөрийг нь сөрж хөөхөд бэлчээр дээр манай өвөлжөөнөөс 7 км газар “Банганы хоолой” гэх газар 2 үхрийн гэдэс толгойг нь арьс ширээр нь битүү хучаад ил хаясан байсан. Тэгээд хүн мал нядлаад явсан байна гээд төрсөн ах П.Нэргүй руу яриад цагдаа нарт мэдэгдэж, мөн П.Нэргүй ах газар дээр нь ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/

            Хохирогч П.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баацагаан сумаас төрсөн дүү П.Гантулга утсаар ярихдаа Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг “Тарваган тээг” гэх газарт манай 2 тооны үхрийг нядлаад арьс шир толгой гэдэстэй хээр үлдээсэн байна гэж хэлсэн. Бид нарыг очиход 14 цаг болж байсан байх нартай байсан. Хэргийн газарт ерөнхийдөө 2 хэсэг газарт арьсаар нь толгой болон гэдсийн ороож тавьсан 2 ширхэг үхрийн арьс байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/

            Гэрч Д.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн

       .... Тус өдөр би сумын тевд байх гэртээ байж байсан чинь Б.Б ганцаараа мотоцикльтой 19-20 цагийн үед манайд ирсэн. Тэр ирчихээд маргааш банкны мөнгө төлөх хугацаа болчихоод хүнээс би 2 тооны үхэр авсан тэдгээрийг туугаад явъя гэхээр ерөөсөө явахгүй байна би өөрөө гаргасан бэлэн байна чи маргааш харин аймаг хүргээд өгчих гэж хэлэхээр нь би надад бензин алга байна чи өөрөө аргална гэж хэлсэн чинь 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн...Би гэрээсээ прадо 95 маркийн машинтай ганцаараа гарсан. Тэгээд сумын төвөөс хөдлөөд наашаагаа буюу аймаг тал руугаа бараг 20 орчим км яваад замаас гараад 2-3 км яваад нөгөө газар очиход гялгар уутан дээр махыг овоолж тавьсан байсан. Тэгээд тэр газраас нь махнуудыг ачиж аваад хөдлөөд Баянхонгор аймгийн төв рүү 10-11 цагийн үед ирсэн, Хөх толгойн тэнд байх нэг айл руу махаа авч буусан. Би Бөмбөгөр сум руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28/

            Гэрч А.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... Б.Б надад хандаж үхрийн мах авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь хаанахын мах юм гэхэд Бууцагаан, Бөмбөгөр сум тэр хоёрын аль нэгнийх гэж хэлсэн. Мөн түүнээс мах чинь хаана байгаа, гарал үүслийн бичиг байгаа юу гэхэд амралтын өдөр таарсан учир гарал үүслийн бичиг авч чадаагүй мах болохоор гадаа машинд байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр махны хашаанд оруулж ирээд жигнэхэд 259 кг мах байсан. 1 кг-ын 5 700 төгрөгөөр аваад нийт 1 476 300 төгрөгөөр авсан...гэх мэдүүлэг хх-ийн 29-30/

            Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 555 дугаар шинжээчийн

            1. хохирогч П.Гантулгын ..нас гүйцсэн эр үхэр 1 толгой 1500.000 төгрөг, монголын сувай үнээ 1 толгой 900.000 төгрөг нийт 2300.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 45/

            Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № 661 дугаар шинжээчийн

            1. Б.Эрдэнэпүрэвийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль 50.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 80-81/

            - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 3-4/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, хэгийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 06-10/ шүүгдэгч Б.Бийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1659 дугаар тодорхойлолт /хх-ийн 60/, шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, депозит дансны хуулгууд /хх-ийн 74-77/, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 67/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг “ Тарвагтын тээг” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө иргэн П.Баттулгын ззэмшлийн 2 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж, 2300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Б.Бийн... 2 тооны үхрийг өөрийн биед явдаг эвхдэг хутгаараа нугасалж унагааж хуулаад гэдсийг нь гаргаж хаяад махыг нь дөрвөн мөчлөөд аймаг оруулж ирж зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

            хохирогч П.Гантулгын..  үхрээ бүртгэхэд 2 үхэр дутуу байсан, мөрийг нь хөөтөл Банганы хоолой гэх газар 2 үхэр нядлаад гэдэс толгойг ширээр нь хучаад ил хаясан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-25/

            Хохирогч П.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй... Бид нарыг очиход хэргийн газарт ерөнхийдөө 2 хэсэг газарт арьсаар нь толгой болон гэдсийн ороож тавьсан 2 ширхэг үхрийн арьс байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/

            гэрч Д.Болормаагийн ... нөгөө газар очиход гялгар уутан дээр махыг овоолж тавьсан байсан, махнуудыг ачиж аваад хөдлөөд Баянхонгор аймгийн төв рүү 10-11 цагийн үед ирсэн, Хөх толгойн тэнд байх нэг айл руу махаа авч буусан... гэх мэдүүлэг /хх-ийн 28/

            гэрч Д.Алтантуяагийн ... тэр махны хашаанд оруулж ирээд жигнэхэд 259 кг мах байсан. 1 кг-ын 5 700 төгрөгөөр аваад нийт 1 476 300 төгрөгөөр авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

            Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 555 дугаар шинжээчийн... Нас гүйцсэн эр үхэр 1 толгой 1500.000 тагрөг, монголын сувай үнээ 1 толгой 900.000 төгрөг нийт 2300.000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 45/,

            Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 661 дугаар шинжээчийн....мустанг-5 маркийн мотоцикль нэг ширхэг 50.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 80-81/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг “ Тарвагтын тээг” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө иргэн П.Баттулгын ззэмшлийн 2 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж, 2300000 төгрөгийн хохирол учруулсан улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч хохирогч П.Гантулгын 2300000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Б.Б нь бусдын 2 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Бийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч Б.Б ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүтгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн үйлдлийн улмаас хохирогч П.Гантулгад учирсан хохиролд 2410000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бөд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, / хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй/, тогтмол орлогогүй, эрхэлсэн тодораой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжгүй, хохирогч П.Гантулга нь гомдол саналгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлтийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн мотоцикль Б.Эрдэнэпүрэв өмчлөлийн ба уг тээврийн хэрэгсэлийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 661 дугаар шинжээчийн дүгнэлтээр ... 50000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч Б.Бөөс 50000 төгрөг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Батмөнхөд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг үнэ 50000 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.БАЙГАЛМАА