Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 0210

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, 

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.Н, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв,

шүүгдэгч Д.Ц, өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Н, Д.Ц нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908053871697 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дөшин тавнан овогт Базаррагчаагийн Н /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Даваасүрэнгийн Ц /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Н, Д.Ц нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Аийг “автомашинаар дайрах шахлаа” гэснээс болж маргалдан, улмаар Б.Аийг зодож, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 6 дугаар хавирганы шинэ хугарал, 7,8,9 дүгээр хавирганы бороожсон хугарлын давтан шинэ хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь үнэн зөв мэдүүлсэн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн гар утсыг би цохиж унагаасан, би өшиглөсөн. Би архи хэрэглээгүй байсан. Миний буруу, ухаарч ойлгосон. Ялыг минь хөнгөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй. Энхтайвантай хамт 2 шил архи хувааж уусан. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 1908053871697 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Аийн: “2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...16 цагийн үед ажил дуусч танил Давкагийн гэрт нь очихоор явах замд найз Хадаа над руу залгасан. Намайг Давкагийн ...гэрт очих үед Хадаа мөн ирээд ...0,5 литрийн архи нэг шилийг хувааж уусан. Бид 3 манай гэр лүү очихоор Тахилтын 5 дугаар гудамжаар алхаад явж байхад хажуугаар саарал өнгийн жижиг тэрэг хурдтай яваад өнгөрсөн. Нөгөө машин бидний явж байсан гудамжинд айлын хашааны гадаа зогссон. Бид хажуугаар нь өнгөрөх үедээ “та нар одоо болиоч, хүн дайрлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд машинаас 3-4 залуу бууж ирээд “чамд ямар хамаатай юм, та нар үзэгдэж харагдаагүй хулгайч нар вэ” гээд дайраад байсан. Би Давка, Хадаа нарт “битгий зодолд, би цагдаа дуудна” гээд утсаа гаргаж ирэхэд Ц булааж аваад “чи яасан цагдаа дууддаг юм” гээд хашааны хажуу руу шидчихсэн. Энэ хооронд намхан махлаг Н гэх залуу Давкаг бариад авсан байсан. Нөгөө хүмүүс зодох гээд байхаар нь би “цагдаа дуудна” гээд зугтаагаад гүйж байхад Ц араас ирээд намайг хавсарч унагаасан. Араас Н хүрч ирээд толгой, биеийн цээж, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Би толгойгоо бариад доош эвхрэлдэн хэвтэж байхад нуруу, цээж рүү дахин хэд хэдэн удаа өшиглөсөн. Энэ үед би хэн өшиглөснийг хараагүй. Босох гэхэд цээжээр хөндүүрлэн өвдөөд, амьсгалахад хэцүү байхаар нь арай гэж яваад, намайг зодсон залуучууд машинаа оруулсан тоот хашааны өөдөөс харсан айлын хашааны хаалгыг нүдсээр байгаад хүн гарч ирэхээр нь цагдаа дуудуулсан. Тухайн хүмүүсийн үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-9-10/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.10.17-ны өдрийн 12437 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Аийн биед цээжний зүүн талын 6 дугаар хавирганы шинэ хугарал, 7,8,9 дүгээр хавирганы бороожсон хугарлын давтан шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-14/,

Гэрч Ц.Хад-Өвгөний: “...Давкагийн гэрийн гадаа бид нар нэг шил архи уусан. Аийн гэрт очиж архи уухаар явж байхад саарал өнгийн автомашин хажуугаар дайрах шахаад хурдтай өнгөрөөд, хаалга нь онгорхой хашааны гадаа ирээд зогсохоор нь А “дайрлаа шүү дээ аятайхан яваач, согтуу байгаа юм уу” гэхэд машинаас 3 залуу бууж ирээд “та нарт хамаатай юм, та нар хаанахын хулгайч нар юм” гээд бид нар луу зүглэн ирсэн. Намхан махлагдуу залуу нь машиндаа буцаж суугаад машинаа хашаандаа оруулсан. Ц Давкаг ирж заамдаж авахад А “цагдаа дуудлаа шүү” гээд гүйхэд Ц Давкаг тавьчихаад Аийг хөөгөөд гүйж байсан. Би тухайн үед хашааны хажууд намхан туранхай залуутай “уучлаарай” гээд ярилцаж байхад машинаа оруулсан намхан тарган залуу гарч ирээд Аийн араас гүйсэн. Энэ хооронд хашаанаас дахин 2 хүн гарч ирээд Аийн араас гүйсэн. Махлаг тарган залууг дагуулан хашаа руу аваад орсон. ...Орой нь намайг гэртээ ирсний дараа залгаад “миний хавирга хугарсан байна, намайг зодуулж байхад та 2 ирж салгасангүй” гэж ярьсан. А ярихдаа “намайг махлагдуу намхан залуу газар унагааж байгаад хавирга руу өшиглөж цохиод хугалчихлаа” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-38-39/,

Гэрч Д.Эрэгдэнэдагвын: “...Манай гэрийн гадаа бид нар архи уусан. Тахилтын 5 дугаар гудамжинд алхаж явахад хойноос саарал өнгийн автомашин хажуугаар хурдтай өнгөрөөд, хаалга нь онгорхой хашааны гадаа ирээд зогссон. Энэ үед А, Хадаа 2 машинд байсан хүмүүстэй маргалдаад байж байсан. Би “юу болоод маргалдаад байгаа” талаар асуухад А “энэ хүмүүс согтуу байна” гэж хэлсэн. Нөгөө машинтай хүмүүс А руу дайраад байхаар нь би дундуур нь орж болиулах хооронд А гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэхэд намхан махлаг залуу гар утсыг нь цохиод унагаасан. Энэ үед А зугтаагаад гүйхэд араас нь өндөр залуу гүйсэн. Араас нь махлаг намхан залуу гүйсэн. ...Орой А залгаад “намайг зугтааж байхад араас 2 залуу ирээд намхан махлаг залуу нь цээжин дээр дэвсээд, хавирга руу өшиглөөд хугалчихлаа, цээжээр хөндүүрлэн өвдөж байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-42-43/,

Гэрч Д.Базаррагчаагийн: “2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...гэртээ байхад гаднаас манай ач нарын нэг орж ирээд “өвөө гадаа хүмүүс зодолдоод байна” гэхээр нь хашаанаас гараад ирэхэд 6-7 орчим хүн байсан. Н нэг өндөр туранхай хүнийг газар унагаасан, дээр нь дараад цохиж байхаар нь очиж салгаад Нг 2 алгадаад, загнаад гэр лүү дагуулан явахад нөгөө залуу зугтаад явсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Шинжээч Н.Туяагийн: “Аийн биед учирсан 7-9 хавирганы /бороожсон/ хугарал болон 6 хавирганы хугарал гэмтэл унах үед үүсэх боломжгүй. Мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хавирганы хугарал гэмтэл нь хугарсан даруйдаа өвдөж мэдрэгдэнэ. Аийн биед учирсан 6 дугаар хавирганы хугарал гэмтэл дангаар нь салгаж үзэхгүй, 4 хавирга нэг хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна” гэх мэдүүлэг /хх-44-46/,

Шүүгдэгч Б.Нгийн: “2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...0,5 литрийн apxи уусан. Ц 0,75 литрийн архи нэг шилийг нэмж авахаар нь бид уугаад дахин архи ууж байгаад Цэрэнбямбыг гэрт нь оруулах гэхэд ...машины бензин дуусч тасалдаад байхаар нь машинаа хоёр тал руу нь дарж займчуулан зогсохгүй явсаар хашааныхаа гадаа ирж зогсоход манай хашааны үүдэнд үл таних 3 хүн зогсож байсан. Бид нарыг “согтуу машин бариад хүн дайрах гэлээ” гээд дайраад байсан. Ц, Энхтайван бид 3 машинаас буусан. Би машиндаа буцаж суугаад хашааны хаалгаар машинаа оруулж тавиад, буцаж хашаанаас гүйж гарч ирэхэд Энхтайван нэг залуутай нь маргалдаад, Ц А гэх хүнтэй маргалдаад зогсож байсан. Би Энхтайваны маргалдаж байсан хүмүүстэй муудалцаж байхад Цийн маргалдаж байсан А гэх хүн гар утсаа гаргаж ирээд “цагдаа дуудна, бичлэг хийнэ” гээд байхаар гар луу нь цохиход утас нь хашааны хажуу руу унасан. Тэгэхэд А зугтаад цагдаа дуудна гээд гүйхэд Ц хөөж гүйгээд хавсраад унагаасан. А гэх залууг гэрийн гадаа ирж хэрүүл хийлээ гээд уур хүрч хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж дээр нь дарж, гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-115-116/,

шүүгдэгч Д.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-57/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/, шүүгдэгч Б.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-87-88/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/ хохирлын баримтууд /хх-106/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тодорхойлолт, хохирогчийн “Эмчилгээний төлбөрт 400.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх гар бичвэрийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин хуралдаанд талуудын шинжлэн судалсан шүүгдэгч Д.Цийн 2019.10.13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-23-24/, шүүгдэгч Б.Нгийн 2019.10.24-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-30-31/-ийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.     

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Аийг зодож, цээжний зүүн талын 6 дугаар хавирганы шинэ хугарал, 7, 8, 9 дүгээр хавирганы бороожсон хугарлын давтан шинэ хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Шүүгдэгч Б.Н гэм буруугийн асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардалд 550.000 төгрөг сайн дураараа төлсөн...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Шүүгдэгч Д.Ц гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлээр маргаагүй...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Н, Д.Ц нар бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Аийг зодож, цээжний зүүн талын 6 дугаар хавирганы шинэ хугарал, 7,8,9 дүгээр хавирганы бороожсон хугарлын давтан шинэ хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Аийн “...Ц араас гүйж ирээд намайг хавсарч унагаасан. Тэгэхэд араас Н хүрч ирээд толгой, цээж, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Хэвтэж байхад нуруу, цээж рүү дахин хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-9-10/, шүүх эмнэлгийн 12437 дугаар “1.Б.Аийн биед цээжний зүүн талын 6 дугаар хавирганы шинэ хугарал, 7,8,9 дүгээр хавирганы бороожсон хугарлын давтан шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-14/, гэрч Д.Базаррагчаагийн “...Н нэг өндөр туранхай хүнийг газар унагаасан, дээр нь дараад цохиж байхаар нь очиж салгаад ...нөгөө залуу зугтаад явсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/, гэрч Ц.Хад-Өвгөний “...Ц ...Аийг хөөгөөд гүйж байсан. ...намхан тарган залуу гарч ирээд Аийн араас гүйсэн. ...А ярихдаа “намайг махлагдуу намхан залуу газар унагааж байгаад хавирга руу өшиглөж цохиод хугалчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-38-39/, гэрч Д.Эрэгдэнэдагвын “...А зугтаагаад гүйхэд араас нь өндөр залуу гүйсэн. Тэгэхэд араас нь махлаг намхан залуу гүйсэн. ...А миний гар утас руу залгаад “намайг зугтааж байхад араас 2 залуу ирээд намхан махлаг залуу нь миний хавиргыг гэмтээчихлээ, цээжээр хөндүүрлэн өвдөж байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-42-43/, шинжээч Н.Туяагийн “Аийн биед учирсан 7-9 дүгээр хавирганы /бороожсон/ хугарал болон 6 хавирганы хугарал гэмтэл унах үед үүсэх боломжгүй. Мохоо зүйлийн 1 буюу олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-44-46/, шүүгдэгч Б.Нгийн “...А зугтаад цагдаа дуудна гээд гүйхэд Ц араас нь хөөж гүйгээд хавсраад унагаасан. Энэ үед би Аийг “гэрийн гадаа ирж хэрүүл хийлээ” гээд уур хүрч хэд хэдэн удаа өшиглөж, дээр нь дарж гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-115-116/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Нгийн хохирогчийг унасны дараа бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөж, дээр нь гарч гараараа хэд хэдэн удаа цохисон, шүүгдэгч Д.Цийн согтуурсан үедээ, хохирогчийг хөөж барин хавсарч унаган гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч нарыг холбогдуулан яллах дүгнэлт шүүхэд ирүүлснийг зөвтгөх нь хуульд нийцнэ гэж шүүх үзсэн болно. Өөрөөр хэлбэл тухайн зүйл, хэсэгт зааса н гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “бүлэглэж” үйлдэхийг тусгайлан зохицуулж хуульчилсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлах хууль зүйн үндэслэлгүй юм.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд өмгөөлөх талаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогчийн “Эмчилгээний төлбөрт 400.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх гар бичвэр, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-9-10/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Н, Д.Ц нарт 1 жил 5 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нар “Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус хэрэглэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч Д.Ц согтуурсан үедээ, шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд цээжний зураг авахуулсан 150.000 төгрөг, эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа/, гэмт хэрэгт оролцсон оролцоо /хохирогчийн биед шүүгдэгч Д.Ц 1 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Н хэд хэдэн удаагийн үйлдлээр халдсан/-г тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Нг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Цийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч нарын дээр дурдсанаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Н, Д.Ц нарт тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дөшин тавнан овогт Базаррагчаагийн Н, Боржигон овогт Даваасүрэнгийн Ц нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Нг 1 /нэг/ жил 5/тав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Цийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Н, Д.Ц нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Д.Ц нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н, Д.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Д.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР