| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00443/И/ |
| Дугаар | 422 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 422
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух Урианхай овгийн Очирбатын Түмэнжаргалын /РД: ДД61120508/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Түмэнжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Очирбатын Түмэнжаргал нь 1961 оны 12 сарын 05-нд төрсөн. 1968 оны 09 сарын 01-нд 8 жилийн дунд сургуульд орж 1977 онд сургуулиа төгсөж мал аж ахуйд гарч ажилласан. 1978 оны 03 сараас 1982 оны 10 сарыг дуустал 1986 оны 03 сараас 1989 оны 12 сарыг дуустал Дарив сумын Ундрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд 1978 оны 03 сараас 1982 оны 10 сарыг дуустал 1986 оны 03 сараас 1989 оны 12 сарыг дуустал Дарив сумын Ундрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
О.Түмэнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч О.Түмэнжаргал нь 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Хужирт, Жавхлант бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
О.Түмэнжаргал нь дээрх хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Хужирт, Жавхлант бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1990, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 489, 490 дугаартай лавлагаануудаар тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугааар сарын 05-ны өдрийн 493 дугаартай “...Тус аймгийн Дарив сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Хужирт бригадын харьяат Луузан овогтой Очирбат нь 1916 оны 09 сарын 30-нд төрсөн эрэгтэй, Норжин овогтой Рэгзэн нь 1933 оны 07 сарын 09-нд төрсөн эмэгтэй, ...Очирбат овогтой Түмэн нь 1961 оны 12 сарын 05-нд төрсөн эмэгтэй... гэж бүртгэгдсэн байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 02 сарын 17-ны өдрийн 29 дүгээр зарлигаар тус аймгийн Дарив сумын харьяат Хоржин овогтой Рэгзэнг алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. Х.Рэгзэнгийн хүүхдүүдэд: 4. О.Түмэнжаргал 16 настай гэж бүртгэгджээ...” гэх лавлагаа,
Гэрч Л.Лагийгийн “...О.Түмэнжаргал 1978 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал маллаж байсан. Түмээ, Түмэн гэж дууддаг байсан. Түмэнжаргалын ээж нь уг нь Түмэнжаргал гэдэг юм. Хүмүүс Түмээ Түмэн гэж дуудсаар байгаад Жаргал нь хаягдаж байгаа юм байлгүй гэж ярьдаг байсан. Бид нар нэг дор нутагладаг, бие биенийдээ орж гардаг хүмүүс байсан...” гэх мэдүүлгээр тус тус Түмэнжаргалыг Түмэн гэж дууддаг байсан болох нь тогтоогдож байна.
Шүүх О.Түмэнжаргалын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон архивын лавлагаанд бичигдсэн төрсөн он сар өдөр, эцгийн нэр овог тохирч байгаа зэргийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.
Иймд О.Түмэнжаргалыг 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Хужирт, Жавхлант бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Урианхай овгийн Очирбатын Түмэнжаргалыг 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Хужирт, Жавхлант бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Түмэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ