| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0630/Э |
| Дугаар | 645 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 645
2019 6 11 2019/ШЦТ/645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч, хохирогч Ж.Б, өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч, хохирогч И.Г, өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Б, И.Г нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808058930704 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 371 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Харчуу овогт Жамъянгийн Б /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, “Хавиргажин” ХХК-ийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1 дүгээр гудамж, 21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол жинст овогт Ичинхорлоогийн Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ж.Б нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8-12б тоотод И.Гтой “миний архи уух чамд ямар хамаатай юм” гэж маргалдан түүний баруун гарын чигчий хурууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч И.Г нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8-12б тоотод Ж.Бд “чи архи ууж эхнэр, хүүхдээ зовоолоо” гэж хэлснээс болж маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч, хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Архи ууж байсан. Хутга барьсан гээд байгаа. Би хутга бариагүй. Найзындаа дулаацах гэж орсон. Г архитай орж ирснийг ууж байсан. Тэгээд тасарсан. Өөр зүйл мэдэхгүй байна” гэв.
Шүүгдэгч, хохирогч И.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Нилээн согтуу байсан. Б хутга бариад ирэхээр нь түрүүлээд цохьё гээд хутгатай гарыг нь бариад дарж унагаагаад би цохисон. Гэрээс нь гараад өөр хэн нэгэнтэй маргаагүй. Дөрвүүлээ 2 шил 0,75 литрийн архи уусан. 140.000 төгрөгөөр Бы зургийг авахуулсан. Гэм буруугаа хүлээж байна. Гомдолгүй. Архи ууж, эхнэр, хүүхдээ зовоолоо гэж би хэлснээс болж маргаан болсон. Нэхэмжлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1808058930704 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч И.Гийн: “2018 оны 12 дугаар сарын 02-ны 18-19 цагийн орчим би Ажрахгүйн гэрт очиход гэрт нь Ажрахгүй, түүний нөхөр, Б, найз хүүхэн Алтай нар байсан. Б найзтайгаа уулзаагүй удсан байсан учраас тэд нартай архи ууцгаасан. ...Быг “архи уугаад эхнэр хүүхдээ зовоолоо” гэж хэлсэн чинь Б “чамд ямар хамаатай юм бэ” гээд уурлаад хэрэлдээд байсан. Хажууд байсан хүмүүс “Г ахаа эхнэрт нь бас асуудал байдаг юмаа, яах гэсэн юм бэ, хая” гээд байсан. Би болиод ...ахин Быг зэмэлтэл Б уурлаад хутга барьж босож ирээд “битгий хуцаад бай, пизда минь” гээд дайрахаар нь би нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. Цуг байсан хүмүүс намайг Быг газар унагаагаад өшиглөсөн гээд байгаа, би харин тэрийг санахгүй байгаа. Би Быг цохих гэж байгаад хутганд гараа исгэсэн. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад цагдаа дуудаад ийм асуудал болсон. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Хохирогч Ж.Бы: “2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр найз Ажрахгүйнд дулаацах гээд орсон чинь Г гаднаас өөрийн хүүхэдтэй цуг нэг шил 0,75 литрийн архи авж орж ирээд бид нар хувааж ууж дуусаад дахиж нэг шилийг аваад ирэхээр нь би ууж байсан. Тэгээд би тасарчихсан. Нэг сэрсэн чинь миний нүүр битүү хавдартай болчихсон байсан. Ажрахгүй, Алтай нар Г намайг дэвсээд зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Гэрч О.Ажрахгүйн: “2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б, Төмөрбаатар хоёр манай гэрт 1 шил архи бариад ороод ирсэн. Тухайн үед би охиноо алдаад сэтгэл санаа маш хэцүү байсан юм. Найзууд ороод ирэхээр нь ярьж суугаад архинаас уусан. ...Архи ууж байхад Г Бд эхнэрийнх нь тухай яриад байсан. “Эхнэр чинь надтай таараад уйлаад явж байсан” гэсэн утгатай зүйл яриад байсан. Быг Г цохиод газар унагаагаад өшиглөхөд Алтанцэцэг “боль” гээд салгаад цагдаа дуудсан. Г гарч яваад буцаад ороод ирэхдээ хүүгийнхээ хамт орж ирсэн. Хүү нь “та яаж байгаа юм бэ, яагаад аавын гарыг ингэж байгаа юм бэ” гэхэд хажуунаас нь Г “миний гарыг зүсчихсэн байна” гэж хэлээд Б руу дайраад зодоод байсан. ...Гийн биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-23-24/,
Гэрч Д.Алтанцэцэгийн: “...Г, Б, Ажрахгүй нар архи уугаад сууж байсан. ...Би гэртээ орчихоод буцаж ирэхэд гэр дотор Г Бы нүүр лүү гараараа олон удаа цохиод бас унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Г гарч яваад буцаж “миний гарыг ийм болгосон байна” гээд хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Хүүхэд нь “Баяраа ахаа та яаж байгаа юм бэ, аавын гарыг ийм болгочихлоо шүү дээ” гэж байсан. Г Бы нүүр лүү өшиглөхөөр нь би салгасан чинь Г “айлын гэрт зодолдоод яахав гадаа гаръя” гээд Быг чирээд гэрээс гаргаад машины хажуу талд аваачаад өшиглөх гэхээр нь Ажрахгүй очиж хамгаалаад өшиглүүлээгүй. ...Намайг гэртээ орчихоод буцаж Ажрахгүйн гэрт ороход Г, Б хоёр маргалдаад байж байсан. Б хутга барих тэнхэл байхгүй согтуу сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
Гэрч Д.Минжингийн: “...22 цагийн үед Г гэртээ орж ирсэн. Харсан чинь Гийн баруун гарын чигчий хурууны өндгөн хэсэг нь цус гоожуулчихсан “Баяраа пиздагийн эхнэрийг өмөөрөөд Баяраатай зодолдоод Баяраа хутга аваад хутгаар ингээд зүсчихлээ” гээд орж ирсэн. Тухайн үед 19 цагийн гэртээ орж ирэхэд биедээ гэмтэл шарах байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.12.17-ны өдрийн 294 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ж.Б-н биед хамар ясны хугарал, зүүн дээд 4-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.25-ны өдрийн 490 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.И.Г-н биед баруун гарын 5-р хурууны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-37/,
Шүүгдэгч И.Гийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би Цогтоотой уулзахаар Ажрахгүйн гэрт ирэхэд Б, Ажрахгүй бас нэг залуу байсан. Тэд нар архи ууж байсан. ...Би “архи дарс уугаад яах гэж эхнэрээ зовоогоод байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхэд нэг их зөрчилдөөгүй. Үргэлжлүүлээд юм ярьцгааж байтал Б над руу “та нар залуу байхдаа тамирчин байсан биз дээ, бокс тоглоод цохидог байсан биз дээ, Жагаа ах та ширэн бээлий энэ тэр шагнал аваад л” гээд ярихаар нь “за өдий хүртэл хоёулаа муудалцаж, ам мурийж үзээгүй байж болиорой” гээд л би хэлсэн. Би дахиад “чи өөрөө яах гэж архи уугаад байдаг юм, эхнэрээ зовоогоод” гээд хэлтэл агсам тавиад байсан. Тэгснээ гэнэтхэн гал тогооны хоолны шүүгээ руу ухасхийгээд л хутга барьж босож ирээд “чи тэгвэл манай эхнэртэй суучих” гэж хэлээд хутгатай гараараа далайхаар нь би өрсөөд түүний нүүрэн дундуур нь цохиход газар унасан. Миний гар түүний барьсан хутганд зүсэгдсэн байсан. Миний хуруунаас гарсан цус миний хувцсыг бас Бы хувцсыг цус болгосон байсан. Ажрахгүйн гэрийн үүд хэсэг нь цус болсон байсан. Би тэндээс гараад шууд гэртээ очсон. ...Тэгээд Ажрахгүйн гэрт очиход Бы нүд, нүүр нь хавдчихсан байсан. Манай хүү Гансоронзон “та нар яагаад аавын гарыг ийм болгочихов оо” гэхэд Алтанцэцэг нь “танай аав Бтай муудалцаад, зодолдоод, би нар салгасан, юун хэрүүл хийх бушуухан аавыгаа аваад гэмтэл рүү яв, цагдаа дуудсан байгаа” гэж хэлсэн. Би ч архинд нилээн согтсон байсан. Тиймэрхүү зүйл хэлж байхыг муухан мэдээд байгаа, заримыг нь сайн санахгүй байгаа. Ямар ч байсан нүүрэнд нь цохисноо санаж байна. Баярсайхны биед гэмтэл учруулсанаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-49-51/,
Шүүгдэгч Ж.Бы яллагдагчаар өгсөн: “Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2018 оны 12 дугаар сарын 02-ны орой найз Ажрахгүйн гэрт дулаацах гэж орсон. Удалгүй гаднаас Г өөрийн хүү Гансоронзонгийн хамтаар орж ирсэн. Тэгэхдээ 0.75 литрийн архи авч орж ирээд “ойрд уулзсангүй” гэж хэлээд ууцгаасан. Нэг мэдэхэд би тасраад унасан байсан. Нэг сэргэхэд цагдаа сэргийлэх болсон байсан. Хутга барьж дайрсан гэж Г хэлээд байгаа, үүнийг би огт санахгүй байна. Ухаан ороод сэргэхэд Алтай, Ажрахгүй хоёр басйан. Г ерөнхийдөө намайг зодсон гэсэн зүйлийг тэд нар ярьсан. Би ямар нэг хутга бариагүй байх, би ямар ч хутга мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-55-58/,
гэмтлийн талаарх гэрэл зураг /хх-64, 80/, шүүгдэгч И.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-62/, “Хавиргажин” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/, шүүгдэгч Ж.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-70/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Гэрч Г.Гансоронзонгийн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Оюундалайн мэдүүлэг /хх-32/-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж заасныг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул тэднийг гэм буруутайд тооцуулах саналтай. Бы хутгаар зүссэн үйлдэл нь хохирогч Гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Идэвхитэй үйлдлийнхээ улмаас хэн хэндээ хөнгөн гэмтэл учруулсан. Шүүгдэгч нар төлөх төлбөргүй.
Минжин, Алтанцэцэг, Гансоронзон нарын мэдүүлгээр “тухайн үед цус гарч байсан” гэдгийг нотлож байна. Хурууны зургийг хороололд авахуулсан гэж мэдүүлж байгаа нь нотлогдож байна. Б “би мэдэхгүй” гэж мэдүүлдэг” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Хутгаар зүссэн гэж гэрч Ажрахгүй, Алтанцэцэг нар мэдүүлэхгүй байгаа. Шинжээчийн дүгнэлт хэзээ учирсныг тогтоох боломжгүй гэсэн байдаг. Хохирогч Гийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “Гэм буруугийн асуудлаар маргаагүй тул хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Б, И.Г нар согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 02-ны 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8-12б тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Ж.Б нь хутга барин дайрснаас И.Гийн баруун гарын 5-р хурууны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
И.Г нь Ж.Быг цохиж зодон хамар ясны хугарал, зүүн дээд 4-р шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч И.Гийн “...Б уурлаад хутга барьж босож ирээд ...би Бы нүүр лүү нь 2 удаа гараараа цохиж авсан. ...Би Быг цохих гэж байгаад хутганд гараа исгэсэн...” гэх мэдүүлэг /хх-13-14/, хохирогч Ж.Бы “...нэг сэрсэн чинь миний нүүр битүү хавдартай болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч О.Ажрахгүйн “...Быг Г цохиод газар унагаагаад өшиглөхөд ...Г “миний гарыг зүсчихсэн байна” гэж хэлээд Б руу дайраад зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/, гэрч Д.Алтанцэцэгийн “...Г Бы нүүр лүү гараараа олон удаа цохиод бас унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/, гэрч Д.Минжингийн “...Гийн баруун гарын чигчий хурууны өндгөн хэсэг нь цус гоожчихсан “...Баяраатай зодолдоод Баяраа хутга аваад хутгаар ингээд зүсчихлээ” гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-29-30/, шүүх эмнэлгийн 294 дүгээр “1. Ж.Б-н биед хамар ясны хугарал, зүүн дээд 4-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-34/, шүүх эмнэлгийн 490 дүгээр “1. И.Г-н биед баруун гарын 5-р хурууны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-37/, шүүгдэгч И.Гийн яллагдагчаар өгсөн: “...хутга барьж босож ирээд “чи тэгвэл манай эхнэртэй суучих” гэж хэлээд хутгатай гараараа далайхаар нь би өрсөөд түүний нүүрэн дундуур цохиход тэрээр газар унасан. Миний гар түүний барьсан хутганд зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-49-51/, гэрэл зураг /хх-64, 80/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч И.Гийн Ж.Быг зодож, Ж.Бы И.Гийн гарыг хутгаар зүсэж харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтуудаар “шүүгдэгч Ж.Бы хутга бариагүй, улмаар хохирогч И.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх шүүгдэгч Ж.Бы өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч И.Г, Ж.Б нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдний “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Ахуйн хүрээнд гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Б, И.Г тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж,
шүүгдэгч өмгөөлөгч Ц.Амар “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Ахуйн хүрээнд үйлдэгдсэн, найздаа санаа зовж үг хэлснээс гэмт хэрэг гарсан. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Улсын яллагчийн санал болгосон ялыг багасгаж, 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, шүүгдэгч И.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч И.Гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ аваагүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч И.Г нь “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нар согтуурсан байсан, Б хутга хэрэглэсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар харилцан “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч И.Г гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Гт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ж.Бд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгч нарын цалин хөлс /сарын 950.000 төгрөгийн цалинтай, хүнсний дэлгүүр ажиллуулж орлого олдог/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч И.Гийг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд, шүүгдэгч Ж.Быг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Г, Ж.Б нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчуу овогт Жамъянгийн Б, Монгол жинст овогт Ичинхорлоогийн Г тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч И.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд, шүүгдэгч И.Гийг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, И.Г нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б, И.Г нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б, И.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л. БААТАР