Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 659

 

 

 

 

 

 

 

     2019           6           14                                         2019/ШЦТ/659         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,  

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908007630458 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт суух, урьд ял шийтгэлгүй, Хуацай овогт Энхбатын Н /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт илээр, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, довтолж таксины жолооч Т.Гыг хоолойг нь боож, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд хаван цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, дээд эрүүний үүдэн 1 шүд хугарч унасан, 1 шүд хөдөлсөн, хоолойд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулан, түүний эзэмшлийн нийт 62500 төгрөгийн LG /эл жи/ маркийн 1 ширхэг гар утас, LD /эл ди/ тамхийг хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд найзын төрсөн өдөрт очоод харихаар такси барьсан. Жолоочтой маргалдсан. Болсон явдлыг сайн санахгүй байна. Жолоочийг араас нь юүдэнтэй цамцаар нь боогоод буухдаа нүүрэнд нь 1 удаа цохисон. Тамхи, утас 2-ыг халааснаас нь авсан. Утсыг нь 10.000 төгрөгөөр зарсан. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлоо төлсөн. 500.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1908007630458 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Гын: “2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө өөрийн 28-85 УНГ улсын дугаартай саарал өнгийн Приус-10 маркийн машинтай такси үйлчилгээнд явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гарьд” нэртэй зочид буудлын дэргэдээс алаг өнгийн куртиктэй, 25 орчим насны халамцуу байдалтай 1 залуу гар өргөсөн. Би нөгөө залууг машиндаа суулгасан. Тэр залуу “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээл pүү хүргүүлнэ” гэж надад хэлээд суусан. Зээл рүү чиглээд явж байгаад засмал замаас гараад, шороон зам руу ороод, гэр хорооллын гудамж руу орохоор явж байтал нөгөө залуу “зөөлөн яваач, битгий донслуулаад бай” гээд уурлаж эхэлсэн. Би “шороон зам дээр өөр яаж явах юм бэ, боломжоороо л явж байна” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Нөгөө залуу гэнэт миний араас гараараа боогоод над руу дайрсан. Тэр үед би боосон гарыг нь суллаж нэг гараараа татаад буцаад засмал зам руу орсон. Бид хоёр маргалдаад “хоёулаа буугаад зодолдчих юм уу” гээд байж байтал би боолтонд ороод машин дотроо хэсэг зуур ухаан алдаад уначихсан байсан. Сэрээд хартал ЛЖ маркийн гар утас, ЛД нэртэй 1 хайрцаг тамхи зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөн миний биед гэмтэл учирсан...

...Тухайн үед миний нүүр хавдчихсан, нил цус болчихсон, уруул дотор талдаа язарчихсан, урд үүдэн дээд 1 шүд уначихсан, 1 шүд хөдөлчихсөн, хүзүү хоолой хэсгээр улайчихсан баруун нүд хөхөрч цус хурсан байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Н надаас уучлалт гуйж, намайг эмнэлгээр дагуулж явж үзүүлж эмчилгээний зардал болон гар утас, тамхины мөнгө 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-9, 10-11/,

Гэрч Д.Нэргүйн: “...Э.Н надад “ээжээ, хүү нь 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянхошууны хуучин эцсээс такси барьж гэр лүүгээ явж байгаад таксины жолоочтой маргалдаад зодоод гэмтээчихсэн, нэг шүдийг нь унагаачихсан байна” гэж хэлэхээр нь “чи хүн цохичихож байгаа юм уу” гэхэд “би харин тухайн үед согтуу байсан юм, зарим зүйлээ санахгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-17/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.01.30-ны өдрийн 1807 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Т.Гын биед баруун нүдний зовхинд хаван цус хуралт, дээд уруулын дотор салст язарсан шарх, цус хуралт, дээд эрүүний үүдэн 1 шүд хугарч унасан, 1 шүд хөдөлсөн, хоолойд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-31/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.03.15-ны  өдрийн СБД/3 дугаар үнэлгээнд: “LG маркийн хуучин гар утас 60.000 төгрөг, LD тамхи 2.500 төгрөг” гэжээ /хх-35/,

Шүүгдэгч Э.Нгийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хуучин эцэс орчимд байрлах “Гэрэлт-Од” төвийн “888” нэртэй бааранд ууж байгаад харихаар төв зам дээрээс такси барих гээд гараа өргөөд зогсож байтал саарал өнгийн Приус-10 маркийн автомашин ирээд зогсохоор нь суугаад “Баруунсалаа явна, Зээл рүү эргээд яваарай” гэж хэлтэл жолооч бага зэрэг дургүйцээд “Зээл рүү явмааргүй байна, зам муутай” гэхээр нь би “Зээл рүү явчихаач” гэж хэлээд бид хоёр маргалдаад эхэлсэн. Би жолоочийн арын суудал дээр сууж байгаад жолоочийг хойноос нь хоёр гараараа боож тэр үед таксины жолооч ухаан алдаад уначихаар нь би жолоочийг гараараа нэг удаа цохичихоод халаасанд нь байсан LG маркийн цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, нэг хайрцаг LD тамхийг аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-76-78, 79-80/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Т.Гын өргөдөл /хх-4/, гэрч Ц.Энхбатын мэдүүлэг /хх-19/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-21/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-27/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт /хх-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, жолоочийн лавлагаа /хх-43/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй /хх-44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-50/, эвлэрлийн гэрээ /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, Асап сангийн мэдээлэл /хх-60-62/, хохирол хүлээн авсан тухай баталгаа /хх-66/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Н согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Гыг зодож, биед нь баруун нүдний зовхинд хаван цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, дээд эрүүний үүдэн 1 шүд хугарч унасан, 1 шүд хөдөлсөн, хоолойд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж, түүний LG гар утас, LD тамхи зэргийг дээрэмдэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Гын “...нөгөө залуу гэнэт миний араас гараараа боогоод дайрсан. ...би боолтонд ороод машин дотроо хэсэг зуур ухаан алдаад уначихсан байсан. Сэрээд хартал ЛЖ маркийн гар утас, ЛД нэртэй 1 хайрцаг тамхи алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-9, 10-11/, гэрч Д.Нэргүйн “...Э.Н надад “ээжээ, хүү нь 2019 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянхошууны хуучин эцсээс такси барьж гэр лүүгээ явж байгаад таксины жолоочтой маргалдаад зодоод гэмтээчихсэн, нэг шүдийг нь унагаачихсан байна” гэж хэлэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүх эмнэлгийн 1807 дугаар “1. Т.Гын биед баруун нүдний зовхинд хаван цус хуралт, дээд уруулын дотор салст язарсан шарх, цус хуралт, дээд эрүүний үүдэн 1 шүд хугарч унасан, 1 шүд хөдөлсөн, хоолойд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжилгээ /хх-31/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн СБД/3 дугаар “LG маркийн хуучин гар утас 60.000 төгрөг, LD тамхи 2.500 төгрөг” гэх үнэлгээ /хх-35/, шүүгдэгч Э.Нгийн яллагдагчаар өгсөн “...би ...жолоочийг хойноос нь хоёр гараараа боож жолооч ухаан алдаад уначихаар нь би жолоочийг гараараа нэг удаа цохичихоод халаасанд нь байсан LG маркийн цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, нэг хайрцаг LD тамхийг нь аваад...” гэх мэдүүлэг /хх-76-78/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Т.Гын өргөдөл /хх-4/, гэрч Ц.Энхбатын мэдүүлэг /хх-17, 19/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-21/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Нгийн иргэн Т.Гын хоолойг боож ухаан алдуулан, нүүрэнд нь цохиж хөнгөн хохирол учруулсан, улмаар хохирогчийн гар утас, тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Э.Нг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 62.500 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогчийн “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Н надаас уучлалт гуйж, намайг эмнэлгээр дагуулж явж үзүүлж эмчилгээний зардал болон гар утас, тамхины мөнгө 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-10-11/, эвлэрлийн “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх төлбөр байхгүй...” гэх гэрээ /хх-57/, хохирол хүлээн авсан тухай баталгаа /хх-66/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 424 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 2 сар 23 хоногоор тооцож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учрирсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 62.500 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдөж хохирогч “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Э.Н гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэн шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Э.Нгийн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөнгөгүй, шүүгдэгч Э.Н урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Хуацай овогт Энхбатын Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР