Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 424

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт оршин суух Жалайр овгийн Дүгэрийн Ванданмагсарын /РД: ДЗ56030810/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Д.Ванданмагсар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1972 оны 01 сараас 1977 оны 06 сар хүртэл Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 08 сарын 25-ны өдрөөс 1997 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Тайшир сумын Мал эмнэлгийн газарт жолоочоор ажиллаж байсан юм. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1972 оны 01 сараас 1977 оны 06 сарыг дуустал Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Далан бригадад малчнаар, 1980 оны 08 сарын 25-ны өдрөөс 1997 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус сумын Мал эмнэлгийн газарт жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Д.Ванданмагсарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Ванданмагсар нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Далан бригадад малчнаар, 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Д.Ванданмагсар нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 438 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай “Ажилд томилох тухай тушаал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/258 дугаартай архивын лавлагаагаар тус тус тогтоогдож байна. 
 “...Эх Чогсом овогтой Цэвэгжавын хүүхдийн тодорхойлолт, хүүхдийн овог нэр Дүгэр Ванданмагсар, төрсөн 1956 оны 03 дугаар сарын 08, гэрчилгээний дугаар 21...” гэх Олон хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Ш.Гантөмөрийн “...Намайг 1986-1995 онд Тайширт ажиллаж байхад мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед мал эмнэлгийн эрхлэгч нь Мялхаа гэж хүн байсан. Ванданг хэдэн онд ороод, хэдэн онд ажлаасаа гарсныг бол мэдэхгүй. Би бүтэн нэрийг нь Ванданмагсар гэдгийг мэддэг байсан. Гэхдээ Вандан гэж дууддаг байсан. Бүх хүн л Вандан гэж дууддаг байсан...” гэх мэдүүлгээр тус тус Ванданмагсарыг Вандан гэж дууддаг байсан болох нь тогтоогдож байна.
Шүүх Д.Ванданмагсарын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон олон хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн төрсөн он сар өдөр, нэр овог тохирч байгаа зэргийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.
Иймд Д.Ванданмагсарыг 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Далан бригадад малчнаар, 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жалайр овгийн Дүгэрийн Ванданмагсарыг 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Далан бригадад малчнаар, 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ванданмагсарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ