Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 51

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор А.Амгалан /онлайн/

Хохирогч Т.,

“*******” ХХК-ийн төлөөлөгч Б.*******,

“*******” ХХК-ийн төлөөлөгч Соёлт /Yang Ming/ , З.*******,

нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч, хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чи Шохуагын /Qi Xiochua/ давж заалдах гомдлыг үндэслэн П.*******ад холбогдох 201616010067 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч П.******* нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-02 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр буюу нүүрс тээвэрлэлтийн замын 159 дэх километрт Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* чиргүүл бүхий, ******* улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган ослын улмаас Т.Мөнх-Эрдэнийн амь насыг хохироож, “*******” ХХК, “*******” ХХК-иудын эд хөрөнгөнд нийт 19740000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч П.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэпг зааснаар иргэний хариуцагч “*******” ХХК-иас 103,680,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.д олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгг зааснаар хохирогч Т.ын хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан П.*******ын 581844 дугаартай жолооны үнэмлэх, 0034629 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар П.*******ад оногдуулсан 3 жил 6 cap хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар П.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.*******ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч Чи Шохуа давж заалдсан гомдолдоо: “...Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон П.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж шүүх П.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна. Мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Зун Мен” ХХК, Таван толгой дахь төлөөлөгч ажилтай YAN MING /Соёлт/ нарыг иргэний хариуцагчаар татаж мөрдөн байцаагч тогтоол үйлджээ.

Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татдаг. Энэ гэмт хэрэгт “Зун Мен” ХХК-ийн буруутай үйлдэл огт байхгүй, осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд биш байхад иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгодог. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг асуудлыг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэдэг. Гэтэл Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан хурц өвчний улмаас даатгуулагч нас барсны нөхөн төлбөрт олгодог 36 сарын нөхөн төлбөрийг эрүүгийн гэмт хэрэгт заасан хохирол гэж үзэж иргэний хариуцагчаар татагдсан “Зун Мен” ХХК-иас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол Улсын Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчил гэж үзэж байна. Гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан байдаг. Дээрх үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч ИХШХШТХ-д заасны дагуу иргэний шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүгээс замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч томилон үйлдвэрлэлийн ослын актыг судалж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Прокурор шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд ажлаа явуулах болохоос энэ хуульд хамааралгүй асуудлаар шинжээч томилсон нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмэнд осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоодоггүй. Хэрэв шийтгэх тогтоолоор үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр болох 103.680.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэвэл үүнийг тус гэмт хэрэгт гэм буруутай тал болох “*******” ХХК, ялтан П.******* нар төлөх үндэслэлтэй юм.

Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хянан үзэж, тус шийтгэх тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1,

97.1.2-т зааснаар “Зун Мен” ХХК-иас 103.680.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч Соёлт: Манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн 103680000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

“Зун Мен” ХХК-ийн өмгөөлөгч З.*******: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хянан үзэж, тус шийтгэх тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар “Зун Мен” ХХК-иас 103680000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүх П,*******ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

   Шүүгдэгч П.******* нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр буюу нүүрс тээвэрлэлтийн замын 159 дэх километрт “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-02 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-ын “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* чиргүүл бүхий, ******* улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Мөнх-Эрдэнийн амь насыг хохироож, “*******” ХХК, “*******” ХХК-иудын эд хөрөнгөнд нийт 19740000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч П. ******* гэм буруугийн талаар маргаагүй байна.

   П.*******ын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн  хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан тул шүүхээс хуулийн уг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь болон оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас нас барсан Т.******* нь “Зун мен” ХХК-д жолооч байсан,  жолоодож явсан тээврийн хэрэгсэл тухайн компанийх байсан нь ******* чиргүүл бүхий, ******* улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл “Зун мен” ХХК-д бүртгэлтэй болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа / 1 дүгээр хавтас 185, 189 дүгээр хуудас/,

“Зун мен” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани, гүйцэтгэх захирал нь

Qi Xiochua тухай Компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсад түр оршин үнэмлэх /1 дүгээр хавтас, 146 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 195, 197 дугаар хуудас/,

Гэрч Yan Ming /Соёлт/ -ын “.. Манай “Зун мен” ХХК-ий ******* улсын дугаартай шланз машин уржигдар осолд холбогдож жолооч Т.******* нас барсан байна...” гэсэн мэдүүлгийн тэмдэглэл,

“Зун мен” ХХК өөрийн нэр дээр бүртгэлтэй ******* тээврийн хэрэгсэлтэй холбоотой учирсан хохирлыг даатгалаасаа барагдуулах болсон тухай тус компаний 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 76 тоот албан бичиг /2 дугаар хавтас 41 дүгээр хуудас, шийтгэх тогтоолд 291 гэж бичсэн байгаа/ зэргээр нотлогдож байна.

“Зун мен” ХХК-ийн Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээгээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд. гэрээний 4.2.4-т Тээвэрлэлтийг Монгол Улсад  бүртгэлтэй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн өөрийн өмчийн ...авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэх  /жагсаалтыг хавсаргав/ гэсэн байх бөгөөд уг жагсаалтын 46, 52 дугаарт Т.Мөнх-Эрдэний жолоодож явсан тээврийн хэрэгслийн чирэгч толгой, чиргүүл тус бичигдсэн байна. /2 дугаар хавтасны 149, 154 дүгээр тал/

Гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болгох талаар заагаагүй ч гэрээний ерөнхий зүйлд нэрлэн зааснаас гадна бусад хууль дүрмийг мөрдлөг болгоно гэсэн байх ба компани нь жолооч, тээврийн хэрэгслийг даатгалд даатгуулах, тээвэрлэлтийг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх, байгууллагын ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 46 дугаар зүйлд заасны дагуу эрүүл, мэнд нийгмийн даатгалд бүрэн хамруулж, шимтгэлийг төлөх тухай гэрээний 1.4.4, 1.4.5, 4.2.5, 4.2.14-т заасан байх тул хөдөлмөрийн гэрээний талын хувьд “Зун мен” ХХК нь ажил олгогч, жолооч нь ажилтан болох эрх зүйн үндэслэл тогтоогдож байна./1 дүгээр хавтас, 147-155 дугаар хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т ”байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор тайлбарласан. Компанийн Улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээнээс тогтоосон чиглэлийн дагуу ачаа тээврийг жолоочоор гүйцэтгүүлэх агуулга тогтоогдож байх тул “жолооч” гэдгийг байнгын ажлын байрны албан тушаалын нэр гэж ойлгогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” заалтыг биелүүлэх үүрэг “Зун мен” ХХК-д үүссэн, энэ үүргээ биелүүлээгүйд ажилтан буруугүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “Зун мен” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоож, эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон байна.

Дээр дурдсан нөхцөл байдлаас “Зун мен” ХХК, нас барсан Т.******* нарын хооронд тухайн үед Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Өөрөөр хэлбэл Т.Мөнх-Эрдэнийг ажил үүрэг гүйцэтгэж байх явцдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах шалтгаанаар нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул ажил олгогч “Зун мен” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.2-т заасан “...энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх” нийтлэг үүргийн дагуу мөн хуулийн 97.1-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан нөхөн төлбөр олгох үүрэг мөн үүссэн.

Иймд иргэний хариуцагч “Зун мен” ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин П.*******ад холбогдох эрүүгийн 201616010067 дугаартай хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль үйлчилсэн. П.*******ын ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх ба тухайн зүйл, хэсэгт заасан ял нь П.*******ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан ялаас хөнгөрүүлэн тогтоогдсон байх тул шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

П.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас түүнд холбогдуулан хохирол төлүүлэхээр шаардлага гаргаагүй байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хариуцагч “Зун мен” ХХК-ий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дүгээр заалтыг “П. *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, П.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дугаар заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

3 дугаар заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар  зүйлийн 2.5-д зааснаар П.*******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авсугай” гэж,

7 дугаар заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 185, 186 дугаар зүйлд зааснаар П.*******ад  хяналт тавихыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаусгай” гэж ,

8 дугаар заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай” гэж, 

9 дүгээр заалтыг “Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1-д зааснаар П.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолд “П.******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах болон арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг асуудлыг шүүх шийдвэрлэх болохыг П.*******ад мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.   

2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                ШҮҮГЧИД                                  Т.БЯМБАЖАВ

                                                                    Х.ГЭРЭЛМАА