Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0331

 

Булган аймгийн Х сумын Засаг

даргын Тамгын газрын даргын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Б.Б нарыг оролцуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Булган аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Б-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр:

“...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасныг тус тус баримтлан Булган  аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч /Б.Б/-д холбогдуулан гаргасан мөн аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г-ийн Булган аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр хариуцуулах тухай 20-01/82 дугаарын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны хэргийн анхан шатны шүүх талуудыг шүүх хуралд биечлэн оролцож нотлох баримт гаргуулах, гэрчээс асуулт асуулгах, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 болон 32 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар үүргээ биелүүлээгүй талууд шүүх хуралд ирж сууж байхад шүүгч үндэслэлгүйгээр шүүх хурлаас татгалзан гарч бидний шүүх хурал дээр гаргах нотлох баримт, нотолгооны баримтыг хавтаст хэрэгт аваагүй, маргааш нь онлайн шүүх хурлаар хүчээр тулгаж шүүхийн шийдвэр гарган давж заалдах бололцоо олгохгүй гэж байгаа юм шиг хөл хорионы үед давж заалдах хугацааг 5 хоног тавьж буй нь дэндүү нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Иймд шүүх хуралд биечлэн оролцож, өмгөөлөгч аван бичгийн нотлох баримтууд гарган шүүхийг нотлох баримтууд цуглуулах үүргийг биелүүлэн талуудын мэтгэлцэх бололцоог ханган хэргийг анхан шатны шүүхээр дахин хянуулах бололцоог олгоно уу.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шийдвэрүүдийн талаар дэндүү буруу тайлбар гаргажээ. (Өмнөх гарсан шүүхийн шийдвэрийн үнэн зөвийн талаар талууд ерөөс маргаагүй. Харин Булган аймгийн Санхүүгийн улсын ахлах байцаагчийн акт захиргааны ерөнхий хуулийн 13-28 дугаар зүйлийг хангаж, төрд учруулсан хохирлыг төлөх, албан тушаалтныг зөв тодорхойлсонгүй хууль зөрчлөө л гэж маргасан) Шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Захиргааны ерөнхий хуулийн 13-28 дугаар зүйлийг зөрчсөн нь үнэн байна гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ үүнийгээ үгүйсгэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 13-28 дугаар зүйл заалтыг хэрэглэсэн бол Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4 дэхь заалтаар иргэн Г.О-ийг ажлаас чөлөөлөхөд зөвшилцөөгүй шууд үүрэгжүүлэн албадаж хурал дээр шууд тушааж шахаж шаардаж байсан нь тухайн хурлын тэмдэглэлээр тодорхой болох байв. Харамсалтай нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч, анхан шатны шүүх үнэн зөвийг олж тогтоох үүргээ үл ойлгов.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Булган аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Булган аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр хариуцуулах тухай 20-01/82 дугаарын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Б маргаан бүхий актаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж тус тус заасныг баримтлан Булган аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт учирсан 5461433 /таван сая, дөрвөн зуун жаран нэгэн мянга, дөрвөн зуун гучин гурван/ төгрөгийн хохирлыг Тамгын газрын дарга Н.Г-өөр төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгохоор шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Булган аймгийн Х сумын Засаг дарга Н.Г 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” Б/09 тушаалаар тус Тамгын газрын хөдөлмөр, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Г.О-ийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээр тус тушаалыг хүчингүй болгож, Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байранд томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0635 дугаарын магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолуудаар тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Мөн Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 404 дугаартай шийдвэрээр Г.О-ийн “2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3558011 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Улмаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж Г.О нь ажилд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор болох 5461433 төгрөгийг Булган аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан авснаар түүний хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа хангагдсан бөгөөд энэхүү үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.

Иймд Тамгын газрын дарга Н.Г-ийн хууль бус шийдвэрийн улмаас иргэн Г.О-т учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 5461433 төгрөгийг олгосноор Х сумын Засаг даргын Тамгын газарт мөн хэмжээний хохирол учирсан нь тогтоогдож байх тул Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/70 дугаар албан шаардлагын дагуу хариуцагчаас холбогдох шалгалтыг хийж маргаан бүхий “Төлбөр хариуцуулах тухай” акт тогтоосон нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 13-28 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.3-д “биечлэн уулзах” гэж зааснаар сонсох ажиллагааг биечлэн гүйцэлдүүлж болох бөгөөд захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг хийхийн тулд зайлшгүй урьдчилан бичгээр, эсхүл утсаар мэдэгдэхийг шаардахгүй учир хариуцагч маргаан бүхий актыг биечлэн уулзаж гардуулсан нь холбогдох бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн нөхцөл байдлыг тодруулах үүргээ гүйцэтгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй, гэм буруутай этгээдийг тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх гомдлын үндэслэлд анхан шатны шүүхийн “...Г.О гэгч төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд оруулж нөлөөлсөн гэх асуудал нь шүүхийн шийдвэр биелүүлснээс үүссэн дараагийн шатны ажиллагаанд хамаарахгүй...” гэх дүгнэлт зөв болжээ.

Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлин 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэж зааснаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөр, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Г.О-ийг ажилд томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд нь зөвхөн тус Тамгын газрын дарга бөгөөд түүний гаргасан хууль бус захиргааны актын улмаас төрд /байгууллагад/ учирсан хохирлыг дангаар хүлээх үүрэг бусад этгээдэд байхгүй тул маргаан бүхий актаар Тамгын газрын дарга Н.Г-т төлбөр тогтоож шийдвэрлэсэн нь шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг зөв тодорхойлсон гэж үзэхээр байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн “Засаг дарга С.М, Засаг даргын орлогч Ч.Б нар дарамт шахалт үзүүлсэн, ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй буюу шийдвэр гаргахад нөлөөлсөн нөхцөл байдал нь байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой харилцаанд хамааралгүй, энэ талаар холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй учир нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдээр зөв дүгнэлт хийсэн байх боловч уг хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх маргааны хугацааг баримтлан гомдол гаргах хугацааг буруу тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар ...5 хоногын дотор...” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-д зааснаар... 14 хоногийн дотор ...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА