Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 0220

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч М.Сүхчулуун,

иргэдийн төлөөлөгч П.Золжаргал, С.Мөнхбаяр,

хохирогч Б.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Ц.Баттулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 19080611873 дугаар 2 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артиллерийн командын офицер мэргэжилтэй, , ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн , ийн 21 дүгээр гудамж,  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өндөрийнхөн овогт Цэдэнпэлийн Б /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Б нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн , ийн 21 дүгээр гудамж,  тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглан ахуйн хэрэглээний хутгаар эхнэр Б.Дгийн хэвлийн зүүн хэсэгт хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа бүхий гэмтэл хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө хүүхдүүдээ хүргэж өгчихөөд 9 цагт ажил дээрээ очсон. Буцахдаа 100 грамм архи уугаад гэртээ харьсан. Хоол хийх гэж байгаад уурлаад хутгатай гараараа цохисон байсан. Эхнэр “ёоё” гэхээр нь хартал хутгатай гараар цохисон байсан. Дургүйцсэн үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Би тийм хүн биш. Хохирогчтой 2007 оноос хойш хамт амьдарч байна. Энэ хугацаанд зодож байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Ханиа гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 06-нд нөхөр архи үнэртүүлсэн орж ирэхээр нь би “архи уулаа” гээд уурласан. Би тухайн үед их уурласан. Бид 2 маргалдаад нөхөр цохиод авсан чинь ийм зүйл болсон, их балмагдсан байсан. Нөхөр гараад явсан. Би түргэн дуудсан. Миний бие одоо сайн байгаа, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардлыг төлсөн. Тухайн өдөр нөхөр орой ээлжийн ажилтай байсан. Нөхөр ажлаасаа халагдсан тул манай амьдрал их хэцүү байгаа. Бидний дөрвөн хүүхдийг харж үзэн яллахгүй гаргаж өгнө үү” гэв.

Эрүүгийн 19080611873 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Дгийн: “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Ц.Б хүүхдүүдээ хүргэж өгөхөөр гараад 12-13 цагийн орчим архи уучихсан согтуу ирсэн. Би “орой ажилтай байж яах гэж архи ууж байгаа юм” гэж загнасан чинь Б “хань нь 1 цаг унтчихаад гайгүй болчихно, тэгээд ажилдаа явна” гэж хэлсэн. Би загнаж үг хэлээр доромжилсон чинь Б “миний хань дуугүй бай, битгий муухай хараагаад бай” гэж хэлсэн. Б гэрт тойроод алхаж байгаад би зүүн талын орон дээр сууж байтал намайг түлхэх шиг болоод гэрээс гараад явчихсан. Миний хэвлийгээр нойтон болоод, гараараа дарж үзэхэд цус болсон. Тэгээд 103-т дуудлага өгч “нөхөр намайг хутгалсан цус алдаад байна” гэж хэлсэн. ...Б миний нөхөр, 4 хүүхэдтэй.

Тэгсэн чинь Б “за яахав 2, 3 цаг унтчихаар гайгүй болчихно, тэгээд ажилдаа явна” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад “хүүхдээ бодохгүй яахаараа архи уудаг юм, ажил төрлөө бодсонгүй” гэх зэргээр маш их уурлаж, хараалын үг ч хэлсэн байсан. Б “битгий муухай хараал хэлж бай л даа, чамайг битгий хараалын үг хэлж бай гэж зөндөө гуйж байгаа биз дээ” гэж байсан. Би ч дуугүй байж чадахгүй хараагаад зүхээд байсан. Б байж сууж чадахгүй гэр дотроо тойроод яваад байсан. Би гэрийн зүүн талын орон дээр зурагт руу хараад сууж байхад Б хажууд ирээд зүүн талаас түлхэх шиг болоод гараад яваад өгсөн. Зүүн ташаа орчимд нойтон оргиод байхаар нь гараараа дараад үзэхэд цус урсаж байсан. Цэргийн төв эмнэлэгт 11 өдөр хэвтэн эмчлүүлсэн. Урьд нь намайг болон үр хүүхдүүдээ зодож цохин, айлган сүрдүүлж байсан асуудал байхгүй. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-45-46, 47-48/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.12-ны өдрийн 150 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Д-н биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-94-95/,

Гэрч Ц.Батболдын: “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчим Сонсголонд байж байтал манай ах Ц.Баттулгын 9 настай хүү Батдэлгэр залгаад “ээжээс цус гоожоод байна” гэхээр нь би “ээжтэйгээ яриулаадах” гэхэд утсаа тасалчихсан. Буцаагаад залгахад утсаа авахгүй байхаар нь би Ц.Баттулгын гэрт ирэхэд эмнэлгийн машин Б.Дг аваад явж байсан. Гэрт ортол цагдаа нар үзлэг хийж байсан. Госпитал дээр очиход Б.Д хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49-50/,

Гэрч Б.Нэргүйн: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 39 минутанд эмнэлгээс залгаад “эгч чинь эмнэлэгт бие нь муу байна, нөхөртөө хутгалуулсан байдалтай ирлээ” гэхээр нь очиход хагалгаанд орох гээд хэвтэж байсан. Миний эгчийн нөхрийг Б гэдэг, 2007 оноос хойш амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-51-52/,

Шинжээчийн 2019.12.18-ны өдрийн 87 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс цусны дээж” гэсэн хаягтай цусанд 1,8 промилли спиртийн агууламж илрэв. 2.Цусанд 1,8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-113-114/,

Шүүгдэгч Ц.Баттулгын яллагдагчаар өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гарсан. Дотоодын цэргийн 805 дугаар анги дээр очоод жилийн эцсийн тайлан хамгаалсан. Ингээд Монгол 3 дугаар сургууль дээр буугаад ...дэлгүүрээс 100 граммын архи авч ганцаараа уучихаад автобусанд суугаад ...гэртээ очсон. Намайг гэрт ороход хоол хийгээгүй байсан. Би хоол хийх санаатай ногоо арилгачихаад, мах хөшиглөж байхад Д намайг “архи уучихсан байна, чи орой ажилтай биз дээ” гээд хэрүүл хийгээд загнаад хашгираад байсан. Би гэрт байдаг, ард тал нь арзгар, ундаа онгойлгогчтой, xap өнгийн иштэй хутгыг бариад мах хөшиглөж байсан. Уур хүрээд баруун гараараа Дгийн бөөр орчимд цохисон. Гэтэл Д гараараа өөрийн бөөрний орчим дарахаар нь харахад хутгатай гараараа цохисон гэдгээ анзаарсан. Ингээд би эхнэрийгээ хутгалчихсан байна гэж мэдээд сандарсан байсан болохоор гэрээс гараад машинаа унаад хойшоо засмал замаар явж байгаад замаасаа нэг дэлгүүр орж 200 граммын архи аваад Баруунсалааны дээш өгсөөд, Хилийн цэргийн зуслангийн наана очоод замын хажууд зогсоод машиндаа уусан байх. Би уг архиа яаж уусан, дуусгасан эсэхээ ч мэдэхгүй байна. Машин дотор унтаж байгаад сэрэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Урьд нь зодож цохиж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-63-64/,

дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-20/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-22-34/, гэрч Ц.Наранцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-53-54/, гэрч Ц.Гансүхийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-55-56/, шинжээчийн 2019.12.16-ны өдрийн 46 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-97-98/, хохирогчийн өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-135-149/, Дотоодын цэргийн штабын даргын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал, ажил байдлын тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-160-163/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-192/, ажлын тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-208/, Сонгинохайрхан дүүргийн ны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-2/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-234/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1 дүгээр хавтас, хх-238-1/, Сонгинохайрхан дүүргийн ны “Ц.Баттулгын эх Т.Ролмаа байнгын асаргаанд байдаг, асардаг нь үнэн” гэх тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-2/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 ширхэг хутга, цусаар бохирлогдсон даавуу, хөвөнд шингээсэн цус, эмэгтэй цамц зэргийг оролцогчдоор таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ эхнэр Дг онцын шалтаг шалтгаангүйгээр хутгалж, хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Хохирогчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон. Хохирогчийн зүгээс хүнд гэмтэл авахаар зүй бус шаардлага тавиагүй...” гэж,

хохирогч “Бидний 4 хүүхдийг харж үзнэ үү. Болж өгвөл яллахгүй, гаргаж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Эхнэр, нөхрийн харилцаатай гэдгээр нь гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхгүй. Байнгын шинжгүй, “Ажилтай байж архи уулаа” гэх таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэмт хэрэг. Иймээс үүнийг хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү. Бусдад төлөх төлбөргүй. Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн амьдралтай хүмүүсийн дунд байнгын шинжтэй үйлдлийг хэлдэг” гэж,  

иргэдийн төлөөлөгч нар “Гэр бүлийн хүчирхийлэл биш. Зэвсэг хэрэглэж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Б согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн , ийн 21 дүгээр гудамж,  тоот гэртээ таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч болох хохирогч Б.Дгийн хэвлийн зүүн хэсэгт хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Дгийн “...Б архи уучихсан согтуу байсан. Би “орой ажилтай байж яах гэж архи ууж байгаа юм” гэж загнасан чинь Б “хань нь 1 цаг унтчихаад гайгүй болчихно, тэгээд ажилдаа явна” гэж хэлсэн. Би загнаж үг хэлээр доромжилсон чинь Б “миний хань дуугүй бай, битгий муухай хараагаад бай” гэж хэлсэн. Би “хүүхдээ бодохгүй яахаараа архи уудаг юм, ажил төрлөө бодсонгүй” гэх зэргээр маш их уурлаж, хараалын үг ч хэлсэн байсан. Би ч дуугүй байж чадахгүй хараагаад зүхээд байсан. ...Б намайг түлхэх шиг болоод гэрээс гараад явчихсан. Миний хэвлийгээр нойтон болоод, дарж үзэхэд зүүн ташааны орчим цус болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-45-46, 47-48/, гэрч Б.Нэргүйн “...эмнэлгээс залгаад “эгч чинь эмнэлэгт нөхөртөө хутгалуулсан байдалтай ирлээ” гэхээр нь...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-51-52/, шүүх эмнэлгийн 150 дугаар “1.Б.Д-н биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-94-95/, шинжээчийн 87 дугаар “1.Шинжилгээнд ирүүлсэн “Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс цусны дээж” гэсэн хаягтай цусанд 1,8 промилли спиртийн агууламж илрэв...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-113-114/, шүүгдэгч Ц.Баттулгын яллагдагчаар өгсөн “...Д намайг “архи уучихсан байна, чи орой ажилтай биз дээ” гээд хэрүүл хийгээд намайг загнаад хашгираад байсан. Би гэрт байдаг, ард тал нь арзгар, ундаа онгойлгогчтой, xap өнгийн иштэй хутгыг бариад мах хөшиглөж байсан. Уур хүрээд баруун гараараа Дгийн бөөр орчимд цохисон. Гэтэл ...хутгатай гараараа цохисон гэдгээ анзаарсан...” гэх мэдүүлэг /хх-56-57/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-22-34/, хохирогчийн өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-135-149/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ц.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нэг бүр гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаарахгүй. Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч Ц.Б, хохирогч Б.Д нар нэг гэр бүлд хамт амьдарч, дундаасаа 4 хүүхэдтэй хэдий ч, тэдний хооронд болсон 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн маргаан нь шүүгдэгчийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй, хохирогчийн зүгээс удаа дараа “орой ажилтай байж архи уулаа, хүүхдээ, ажлаа бодсонгүй” гэж маргасантай холбоотойгоор шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа бий болсон байна. Уг тохиолдлын шинжтэй, нэг удаагийн /урьд ийм үйлдэл гаргаж байгаагүй гэдэг/, тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Ц.Баттулгын хохирогч Б.Дг хутгалж, хүнд хохирол учруулсан үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.   

Иймд шүүгдэгч Ц.Баттулгын таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч хохирогч Б.Дг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-47-48, шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бд 5 жил 1 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлж, харамсаж байгаагаа хэлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, 3 жил 4 сарын хорих ялыг оногдуулж өгнө үү” гэж,

хохирогч “Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, таарамжгүй харилцааны улмаас хутга хэрэглэж, хамтран амьдрагч хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, ар гэрийн байдлыг харгалзан ялыг багасгаж өгнө үү” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, гэр бүлийн байдал (эхнэр, насанд хүрээгүй 4 хүүхдийн хамт амьдардаг)/-ыг болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Баттулгын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-67, 77, 82, 87, 88, 2 дугаар хавтас, хх-2, 15/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг хутга, цусаар бохирлогдсон даавуу, хөвөнд шингээсэн цус, эмэгтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Баттулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Өндөрийнхөн овогт Цэдэнпэлийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Баттулгыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Баттулгын цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг хутга, цусаар бохирлогдсон даавуу, хөвөнд шингээсэн цус, эмэгтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Баттулгын эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                        Л.БААТАР

                         ШҮҮГЧИД                                       Т.АЛТАНТУЯА

                                                                                 Г.МӨНХЗУЛ