Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 433

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух Их хойд овгийн Баянхүүгийн Чулуунхүүгийн /ДП62010107/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Чулуунхүү, гэрч Ц.Мөнхцолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Б.Чулуунхүү нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баянхүү овогтой Чулуунхүү нь 1962 оны 01 дүгээр сарын 01-нд Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн. 1981 оны 06 сарын 18-наас 60 жил хоршоололд ажилд орж тартал нь ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн 60 жил хоршооллын баримт шилжиж ирээгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 06 сарын 18-наас 1994 оны 12 сарын 20 хүртэл 60 жил хоршоололд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Б.Чулуунхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Чулуунхүү нь 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын “60 жил” хоршоололд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Б.Чулуунхүү нь 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын “60 жил” хоршоололд ногоочноор ажиллаж байсан болох нь Баянхүүгийн Чулуунхүүгийн 1981 оны 06 дугаар сараас 1990 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан хөлс нь бичилттэй Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын 60 жил хоршоолол гэсэн тамга дарагдсан Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 сарыг дуустал ажилласан хоног, авсан хөлс нь бичилттэй 60 жил компани гэсэн тамга дарагдсан Хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 12 дугаар сарын 08, 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдийн Баярын бичиг, 
Гэрч Ц.Мөнхцолмонгийн “...Намайг 1982 онд илгээлтээр очиход Б.Чулуунхүү ээж, аавын хамт ажиллаж байсан. 2002 он хүртэл хамт ажилласан. Сургуульд байхаасаа л ногоо тарьдаг байсан. 60 жил хоршооллын үйл ажиллагаа 1981 он гэхэд жигдэрсэн байсан. 2004 онд хоршоолол тарсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Баримтаар гаргасан хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг зөрчилтэй зэргээр нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэлгүй байна.
Иймд Б.Чулуунхүүг 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын “60 жил” хоршоололд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Их хойд овгийн Баянхүүгийн Чулуунхүүг 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын “60 жил” хоршоололд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Чулуунхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ