Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 

     2019           6           14                                         2019/ШЦТ/660         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908022150681 дүгээр хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 69 дүгээр байр, 1 тоотод байрлах “Амьдрах ухаан төв”-д оршин суух бүртгэлтэй, тодорхой оршин суух газаргүй, “Бөхийн өргөө” орчмоор орцоор хоноглодог гэх, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Бүрэнжаргалын Т /РД:/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79-25а тоотод иргэн З.Бын нүүрийг архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон үйл явдал үнэн учраас мэдүүлэг өгөхгүй. Би согтуу байсан. Би архины шилээр гэмтэл учруулсан. Ажил хийгээд хохирлыг төлнө. Миний буруу, дахин хэрэг хийхгүй, тохирсон ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908022150681 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч З.Бын: “2019 оны 4 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө ...Хархорин захын хойно Миний дэлгүүрийн хажуугаар явж байхад Ганбаатар, Т хоёртой таарсан. Тэр хоёр “Драгон ороод явж байна” гээд надад Т 2500 төгрөг өгсөн. Би “манай гэрт очъё” гэж хэлсэн. ...Ганбаатар 0,75 литрийн шилтэй архи гаргаж ирээд бид гурав уугаад сууж байхад Т согтоод агсам тавиад надтай хэрэлдсэн. Би яг юунаас болж хэрэлдэж маргаснаа санахгүй байна. Би Тыг “гэрээс гар, яв зайл” гэж хэлсэн. Т зуухны хажууд газар байсан 0,75 литрийн хоосон архины шилийг баруун гараараа аваад зуух руу цохиж хагалаад, зүүн гараараа хүзүүнээс базаж өөр лүүгээ татаад баруун гартаа барьсан хагархай шилээр миний нүүрийг зүссэн. Цус гоожоод их өвдсөн. Т гэрээс гараад зугтаагаад явсан. Миний толгой эргээд ухаан алдсан. ...Миний зүүн хөмсөгнөөс доош хоёр уруул хүртэл зүсэгдсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-8-9/,

Гэрч Э.Эрдэнэпүрэвийн: “Би тэр өглөө 06 цаг 40 минутын үед ажилдаа явахаасаа өмнө ахын гэрт ороход шалаар нэг цус болсон, ах өөрөө хоймрын орон дээр нүүрэн дээрээ цагаан өнгийн фудболк тавьсан хэвтэж байсан. Ахыг нэрээр нь дуудаад татахад ухаангүй байсан. Би дүү Отгонпүрэвийг утсаараа дуудсан. Би ахад ойртохоосоо айгаад байж байхад дүү Отгонпүрэв орж ирээд нүүрэн дээр нь байсан цагаан өнгийн цустай фудболкийг авахад зүүн хөмсгийн арьс нь зүсэгдэж унжсан, доод уруул хүртлээ зүсэгдсэн, цус нь гоожоод тогтохгүй байсан. ...Гадна доторгүй нийт 32 оёдол тавьсан, мөн “хамар цөмөрсөн, тархи нь хавантай байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.29-ний өдрийн 5142 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.З.Бын биед зүүн хөмсөг, хамрын нуруу, уруул, хүзүүний зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-49/,

Шүүгдэгч Б.Ты яллагдагчаар өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нарантуул зах дээр явж байгаад Б, түүний эхнэр Доогий хоёртой таарсан. Бид гурав 0,5 литрийн архи хувааж уугаад салсан. ...Ганбаа бид хоёр Хархорингийн ард байрлах “Миний” дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад уугаад дуусаж байхад Б бид хоёртой таараад “би архи уумаар байна” гэж хэлсэн. Би тэр үед халаасанд байсан 3500 төгрөгөө өгсөн. Б 100 грамм архи авч уусан. Б Ганбаа бид хоёрыг “манай гэрт очъё” гэсэн. ...Бид гурав 0,75 литрийн шилтэй архи уугаад архи дуусаж байхад миний нойр хүрээд унтсан. Намайг унтаж байхад Б заазуураар миний баруун чихийг зүссэн. Чихнээс цус гараад би босож ирээд сууж байхад Б намайг “гэрээс зайл, яв” гээд байхаар нь миний уур хүрээд баруун гартаа архины шил барьж зуух руу цохиж хагалаад нүүр лүү нь цохиход Бын нүүрнээс цус гоожоод тогтохгүй болохоор нь нүүрийг нь угааж цэвэрлэж өгөөд Бад хандаж “түргэн дуудах юм уу” гэж асуухад Б “түргэн дуудаж яах юм бэ, зүгээрээ” гэж хэлсэн. Би Бын гэрээс гарч яваад Эрин хорооллын орцонд хоносон. ...Намайг унтаж байхад Б Ганбаа хоёр хэрэлдэж муудалцсан. Сонсоход Б эхнэрээ Ганбаатай хардаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-47-50/,

хохирогчийн гэмтэл авсны дараах үеийн гэрэл зураг /хх-4/, орлогын ордер /хх-36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/, Нийгмийн хамгааллын тусгай төвийн бүртгэлийн анкет /хх-63/, хохирлын баримт /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах, хохиролд 100.000 төгрөгийг гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргадаггүй тул хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Т согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79 дүгээр гудамж, 25а тоотод хохирогч З.Бын нүүрийг архины шилээр зүсэж зүүн хөмсөг, хамрын нуруу, уруул, хүзүүний зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч З.Бын “...Т зуухны хажууд газар байсан 0,75 литрийн хоосон архины шилийг баруун гараараа аваад зуух руу цохиж хагалаад, зүүн гараараа хүзүүнээс базаж өөр лүүгээ татаад баруун гартаа барьсан хагархай шилээр миний нүүрийг зүссэн...” гэх мэдүүлэг /хх-8-9/, гэрч Э.Эрдэнэпүрэвийн “...Отгонпүрэв орж ирээд нүүрэн дээр нь байсан цагаан өнгийн цустай фудболкийг авахад зүүн хөмсгийн арьс нь зүсэгдэж унжсан, доод уруул хүртлээ зүсэгдсэн, цус нь гоожоод тогтохгүй байсан...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33/, шүүх эмнэлгийн 5142 дугаар “1.З.Бын биед зүүн хөмсөг, хамрын нуруу, уруул, хүзүүний зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-49/, шүүгдэгч Б.Ты яллагдагчаар өгсөн “...Б намайг “гэрээс зайл, яв” гээд байхаар нь уур хүрээд баруун гартаа архины шил барьж зуух руу цохиж хагалаад нүүр лүү нь цохиход Бын нүүрнээс цус гоожоод...” гэх мэдүүлэг /хх-47-50/, гэрэл зураг /хх-4/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ты согтуурсан үедээ архины шил хагалан барьж хохирогч З.Бын нүүрийг хагархай шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул Б.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч З.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн “Лазер мед” эмнэлгийн баримт /хх-71/-ыг үндэслэн шүүгдэгч Б.Тоос 100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Б /Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79 дүгээр гудамж, 25а тоотод оршин суух, РД-УС65051419/-д олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогч З.Бын гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирол төлөгдөөгүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчээс 100.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ганц бие, тогтсон орлогогүй хэдий ч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг харгалзан үзэж 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.    

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч хэн аль нь согтуурсан, шүүгдэгч архины шил хагалан ир үзүүр гарган хүний биед хөнгөн гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирол, хохиролд баримтаар нэхэмжилсэн 100.000 төгрөг төлөгдөөгүй, “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Ты 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, урьдчилан хоригдсон 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 28 хоног, нийт 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 240 цагийн ажлыг эдлэх ялаас хасах нь зүйтэй.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Бүрэнжаргалын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ты урьдчилан хоригдсон 30 /гуч/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 240 /хоёр зуун дөч/ цагийн ажлыг хасаж тооцсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тоос 100.000 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч З.Б /Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79 дүгээр гудамж, 25а тоотод оршин суух, РД-УС65051419/-д олгож, хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР