Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 434

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 14-28-4 тоотод оршин суух Нагац овгийн Дэмбэрэлжавын Тогтохбаярын /РД: ДЭ75063034/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Тогтохбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, гэрч Ө.Ичинхорлоо, Л.Дариймаа, У.Мөнхбат, Л.Цэнд-Аюуш, О.Нарангэрэл, Б.Алтансолонго, О.Одонхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Д.Тогтохбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2000 оноос одоог хүртэл касс, нярав, ня-бо, ялгагч хүргэгч, жолооч зэрэг ажлуудыг хийж ирсэн. Энэ хугацаанд 2010 онд аймгийн залуучуудын хөдөлмөрийн аварга болж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн хэмжээнд ахмадын баяр тэмдэглэж байсан. Тухайн өдөр “манай ажлаас өндөр насны тэтгэвэртээ гарсан хоёр хүн байдаг юм байна. Гэрийн хаягийг нь өгөөч хүндэтгэл үзүүлэх гэсэн юм” гэж нягтлан бодогч хэлсэн. Тэгэхээр нь би жил болгон нэг сүү 10.000 төгрөг өгдөг,  энэ жил дарга та хоёр уулз, та хоёртой танилцах гээд байдаг юм шиг байна билээ гэсэн. Мөн тэр өдөр сарын сүүлийн өдөр байсан учраас аймгийн төв дотор явдаг тээврийн хэрэгслийн шатахуун дууссан байсан. Тэгэхээр нь жолооч Мөнхбат бид хоёр тээврийн газар руу явган явж очиж шуудангаа аваад тэндээс нэг машинд дайгдаад ажил дээрээ шуудангаа авч ирээд ялгаж дуусаад, тэр өдрийн ажил дууссан. Орой 17 цаг 40 минутад байгууллагын өндөр настан Дариймаа, Ичинхорлоо нар орж ирсэн. Энэ үед касс О.Нарангэрэл, үйлчлэгч Д.Баасанхүүгийн амралтын идээ 1 шил архи гаргаж, хоёр өндөр настанд хүндэтгэл үзүүлж бүх ажилчид тойруулж амссан. Тухайн үед дарга В.Мөнхчимэг орж ирээд архинаас амсаад ажлын байран дээр болохгүй гээд бид нар гарсан. Үүний дараа ажил тараад хурууны хээгээр цагаа бүртгүүлсний ард дарга В.Мөнхчимэгтэй таарч ажлын талаар маргалдсан. Тэгэхэд оройны 18 цаг 15 минут болж байсан. Энэ байдлаас болж ажлын байранд архи уусан гэж ажлаас халсан. Тухайн үед тэр архийг би гаргаагүй, нийт ажилчид хоёр ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Гэтэл та олон юм ярьж дүвчигнэсэн учир тушаал гаргасан гэсэн. Иймд үндэслэлгүй тушаал гаргасан учир ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга В.Мөнхчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Тогтохбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 16 цагийн орчим ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн улмаар удаа дараа амаар болон хамт олны хурлаар сануулж байсан боловч тавьсан шаардлагыг үл ухамсарлан Хөдөлмөрийн тухай хууль, “Монгол шуудан” ХК-ий дотоод журам, байгууллагын ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 14.2.1-ийн а заалтыг үндэслэн Д.Тогтохбаярыг 2016 оны 10 сарын 03-ы өдрийн 27 тоот тушаалаар хууль эрх зүйн дагуу ажлаас чөлөөлсөн тул Д.Тогтохбаярыг ажилд эгүүлэн орох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Тогтохбаяр нь Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Д.Тогтохбаяр нь Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс ялгагч-хүргэгчээр томилогдон ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 000004749 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. 
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол шуудан ХК-ий дотоод журмын 14.2.1-ийн а заалтыг тус тус үндэслэн Д.Тогтохбаярыг ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч В.Мөнхчимэг нь Д.Тогтохбаярыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...Д.Тогтохбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 16 цагийн орчим ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн улмаар удаа дараа амаар болон хамт олны хурлаар сануулж байсан боловч тавьсан шаардлагыг үл ухамсарлан Хөдөлмөрийн тухай хууль, “Монгол шуудан” ХК-ы дотоод журам, байгууллагын ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 14.2.1-ийн а заалтыг үндэслэн Д.Тогтохбаярыг 2016 оны 10 сарын 03-ы өдрийн 27 тоот тушаалаар хууль эрх зүйн дагуу ажлаас чөлөөлсөн...” гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.
Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гэж ойлгоно. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.
“Монгол шуудан” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.1-ийн а заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд ажлын байрандаа болон гадуур ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албан үүргээ согтуугаар гүйцэтгэсэн байхыг хамааруулна”, Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ялгагч хүргэгч Д.Тогтохбаярын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай Түгээмэл мэргэжлийн ажилтны хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх хэсэгт “...Ажлын байрандаа, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албан үүргээ согтуугаар гүйцэтгэсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална...” гэж тус тус заажээ. 
2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газар ахмадуудаа “Андууд” ресторанд цайны цагаар хүлээн авсантболох нь гэрч Л.Цэнд-Аюушийн “...Цайны цагаар дарга ахмадуудаа хүлээж авна гэж над руу ярихаар нь би өдөр хичээлтэй очиж чадахгүй юм байна та жолооч Одонхүүтэй хоол идчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх-42/
Тухай өдрийн 17 цаг өнгөрч байхад ажлын байран дээр 10 гаруй хүн 1 шил Болор архийг тойруулан уусан, улмаар байгууллагын дарга В.Мөнхчимэг нь ажлын байран дээр архи ууж болохгүй гэдэг шаардлага тавьсан болох нь гэрч Ө.Ичинхорлоо, Л.Дариймаа, У.Мөнхбат, Б.Алтансолонго, О.Нарангэрэл нарын харилцан зөрүүгүй мэдүүлгээр тогтоогдож байна. 
Байгууллагын дарга В.Мөнхчимэг нь шаардлага тавьж хүмүүс тарж явсны дараа нэхэмжлэгч Д.Тогтохбаяр нь дахин нэмж архи уусан болох нь түүний “...Мөнхбат ах бид хоёр холбооны ар тал руу тамхи татах гээд гарахад тэнд холбооны ахмад ажилчид байсан. Тэгээд бид хоёроос танайх ахмад ажилчдаа ямар байдлаар хүлээж авсан бэ гэж асуухаар нь би дарга сая орж ирээд та нар ажлын байран дээр архи ууж болохгүй гэхээр нь Одонхүү гэр рүү нь хүргэж өгөх гээд явлаа гэж хэлсэн. Тэгэхэд та хоёрыг таньдаг хүмүүс дээр байж байна, дээшээ манай өрөөнд ороод ирээч гэхээр орсон. Уг байгууллагын өндөр настан Далантай, Лхагвасүрэн, Алтанцэцэг зэрэг цуг ажиллаж байсан ахмадууд байсан. Мөнхбат ах бид хоёрт ажил тарчихсан юм чинь нэг нэг балгачих гээд архи өгсөн. 18 цаг 10 минутын үе байсан. Ажлын цагаа бүртгүүлэх гээд хуруугаа дарах гэж ажил руугаа эргээд ороход дарга ирчихсэн байсан. Тэгээд хуруугаа дарсан чинь дарга хуруугаа буруу дарлаа гэж маргаан болсон...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан CD дээр бичигдсэн Д.Тогтохбаяр, У.Мөнхбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж даргатайгаа маргаж байгаа бичлэгээр тус тус тогтоогдож байна. 
Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн “...2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ахмадын баяр тэмдэглэж “Андууд” зоогийн газарт хүлээж авсан. Ажлын байран дээр ямар нэгэн хүлээж авах үйл ажиллагаа болоогүй. Нэхэмжлэгч нь тухайн үед ахмадын баяр тэмдэглэх нэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд хориглож зааснаар ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нотлогдож байгаа...” гэж маргаж байгааг үгүйсгэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Д.Тогтохбаярын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай Түгээмэл мэргэжлийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, “Монгол шуудан” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд “Ажлын байрандаа, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албан үүргээ согтуугаар гүйцэтгэсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан Д.Тогтохбаярыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.Тогтохбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Тогтохбаярыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Хариуцагч В.Мөнхчимэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Тогтохбаярын Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ялгагч хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ