| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01133/И |
| Дугаар | 01482 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 01482
2016 оны 12 сарын 05 өдөр Дугаар 142/ШШ2016/01482 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 21а дугаар гудамжны 23 тоотод оршин суух, Наваан овгийн Дампилын Отгонбаатарын /регистрийн дугаар ФБ68062914/ хүсэлттэй нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дампил овогтой Отгонбаатар нь 1967 оны 06 дугаар сарын 17-нд Булган аймгийн Сайхан суманд гэртээ төрсөн 1983 онд Иргэний үнэмлэхээ авах гэтэл төрсний гэрчилгээ засвартай баллаж бичсэн байна гээд Сайхан сумаас төрсний гэрчилгээг дахин авах үед төрсөн он, сар, өдрийг 1968.06.29 гэж алдаатай бичсэн байсан. Үүнийг улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваар шүүлгэхэд нэр, төрсөн он, сар, өдөр зөрсөнийг лавагаагаар батлаж өгсөн. Отгонбаатар нэрээр өнөөг хүртэл бүх бичиг баримт хөтлөгддөг учир зөвхөн төрсөн он, сар, өдрийг энэхүү лавлагааг үндэслэн өөрчилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь 1967 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 49 настай болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.357/007187 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд “Дампилын Отгонбаяр 1967 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрснийг Булган аймгийн Сайхан сумын 66 дугаарт бүртгэсэн тул лавлагаа олгов” гэжээ.
2.66 дугаартай дахин олгосон төрсний гэрчилгээнд Дампилын Отгонбаатар 1968 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн” гэжээ.
3.1985 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон паспортонд “Дампилын Отгонбаатар 1968 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн” гэжээ.
4.Дампилын Дуламын эрүүл мэндийн гэрчилгээний хуулбарт “төрсөн он 1965 сар 05 өдөр 13, регистрийн дугаар ФБ65051302” гэжээ.
5. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/795 дугаар Үндэсний төв архивын лавлагаанд ...Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 97 дугаар хуудсанд “...өрхийн тэргүүн Дампилын Отогонбаатар, эрэгтэй, 1967 оны 06 дугаар сард төрсөн” гэжээ.
5.Гэрч Д.Ургамалсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Манай аавыг Навааны Дампил, ээжийг Равданжавын Бадам гэдэг байсан. Бид эцэг эхээс 12-лаа, одоо байгаа нь 10 хүн байгаа. Манай гэр бүлд Отгонбаяр гэж хүн байхгүй. Манай дүү Отонбаатар 1967 онд төрсөн, бид нар яг хоёр хоёр насын зөрүүтэй. Отгонбаатарын яг доод талын дүү Бямбадорж 1969 онд төрсөн, гэхдээ одоо нас барсан” гэв.
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь 357/007187 тоот төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн 1967 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 49 настай болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй 357/007187 тоот төрсний бүртгэлийн лавлагаанд Дампилын Отгонбаяр 1967 оны 06 дугаар сарын 17-нд төрсөн гэж дурьдсан байна.
Нэхэмжлэгч Д.Отгонбаатарын эцэг Навааны Дампилын гэр бүлд Д.Отгонбаяр гэдэг хүүхэд байхгүй нь нэхэмжлэгч болон гэрч Д.Ургамалсайханы мэдүүлгээр тогтоогдож байгааг дээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 2016 оны 10 дугаар сарын 13-нд ирүүлсэн 1336 тоот лавлагаанд “...Дампилын Отгонбаяр гэдэг хүний иргэний мэдээлэл манай санд бүртгэгдсэн бүртгэл байхгүй” гэсэн хариу ирүүлсэн нь Дампилын Отгонбаяр гэдэг хүний талаархи мэдээлэл иргэний бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байна гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн Д.Отгонбаатарын төрсний бүртгэлийг 66 дугаарт бүртгэсэн нь Д.Отгонбаярын бүртгэл болох 66 дугаар бүртгэлтэй тохирч байгаа тул 1967 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Д.Отгонбаатарыг төрсний бүртгэлд Д.Отгонбаяр гэж ташаа бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/795 дугаар Үндэсний төв архивын лавлагаанд “...Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 97 дугаар хуудсанд “...өрхийн тэргүүн Дампилын Отогонбаатар, эрэгтэй, 1967 оны 06 дугаар сард төрсөн” гэж дурьдсан байна.
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар 1967 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 49 настай болох нь хэрэгт авагдсан 357/007187 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д.Ургамалсайханы мэдүүлэг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/795 дугаар Үндэсний төв архивын лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа, дээрхи баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Наваан овгийн Дампилын Отгонбаатарыг 1967 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 49 настай болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Отгонбаатараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА