Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 01495

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 06 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01495                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 27-р гудамж 658 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, Яргай овгийн Зинагийн Гансүхийн Т.Дашийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Гансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 1971 онд төрсөн. Миний ээжийг Р.Зина, аавыг Т.Даш гэдэг.Эцэг, эх 2 маань гэрлэлтээ батлуулаагүй байсан. Намайг жоохон байхад эцэг, эх 2 маань салж аав Улаанбаатарт үлдэж ээж намайг аваад Увс аймаг руу явсан юм байна лээ. Би 1977-1988 оны хооронд эцэг Т.Дашаас хүүхдийн тэтгэлэг авч байсан. Би 1996 он хүртэл ээж Р.Зинагаар овоглож байгаад 1997 оноос эцэг Т.Дашаар овоглосон. Гэтэл овог сольсноос болоод миний бичиг баримт зөрчилтэй болсон тул би 2007 оноос хойш дахин ээж Р.Зинагаар овоглох болсон. 1997 онд аав маань хөөцөлдөж байж намайг УБҮ-т ажилд оруулсан.Би 2007 он хүртэл Эрдэнэтэд амьдарч байгаад 2007 оноос хойш Улаанбаатар хот руу шилжсэн. Би эцэг Т.Даштай байнгын харилцаа холбоотой байсан. Аав маань 2016 оны 01 сард нас барсан. Би талийгаач Т.Дашийн төрсөн хүү нь учраас намайг Т.Дашийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Гансүх нь Т.Дашийн хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаарлага гаргасан.

З.Гансүх нь 1971 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Риймэд овогтой Зинагаас төрсөн, тэрээр эх Р.Зинагаар овоглож байгаад 1997 оноос эцэг Т.Дашаар овоглож овогоо өөрчилж байсан нь, мөн нас барагч Т.Даш нь нэхэмжлэгч З.Гансүхийн төрсөн эцэг болох нь, тэрээр хүү З.Гансүхэд 1977-1988 оны хооронд хүүхдийн тэтгэлэг төлж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, 45/018594 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, засаг даргын 147 тоот захирамж, 014/009150 дугаар ургийн овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсөн тухай лавлагаа, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 591 тоот цалингийн лавлагаа, гэрч Л.Авъяандүрийн “...З.Гансүх ахын аавыг Түвдэнгийн Даш гэдэг хүн байсан. Насаараа цагаан хоолтон байсан. Даш гэдэг хүн манай ээж Лхагвасүрэнтэй хамт амьдардаг байсан. Даш гуай миний анхны хүүхэд Увс аймагт байхад төрсөн, Гансүх гэдэг хүү байдаг юм гэж ярьж байхыг сонссон. 1997 онд оюутан болж явчихаад гэртээ ирэхэд Гансүх ах манайд ирсэн байсан, тэгээд Даш гуай миний хүү байгаа юм танилц гээд танилцаж байсан. З.Гансүхийн төрсөн ээж нь Зина гэж хүн байсан. З.Гансүх ах бол Даш гуайтай их адилхан, яах аргагүй хүү нь мөн” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Сүхбаатарын “...Гансүхийн аавыг мэднэ, Даш гэдэг хүн байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайд хамт ажиллаж байсан. 1998 онд намайг анх ажилд ороход Даш гуай эксковаторын машинист хийж байсан. Гансүх Хүдрийн ил уурхайд засварын хэсэгт токорчин хийж байсан. Даш гуай хүү Гансүхийгээ хөдөөнөөс авч ирж ажилд оруулсан гэж ярьдаг байсан. Гансүхийн ээж нь Зина гэж хүн байсан. Гансүх манай аав намайг бага байхад орхиод явчихсан, надад хүүхдийн тэтгэлэг төлдөг байсан гэж ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь бичиг баримтын зөрчил гарсан учраас 2007 оноос дахин эх Р.Зинагаар овоглон иргэний үнэмлэх авсан нь нэхэмжлэгчийн  нэхэмжлэгчийн тайлбар, түүний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна.

Т.Даш 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан нь 07 тоот нас барсны гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч З.Гансүх нь нас барагч Т.Дашийн төрсөн хүүхэд мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 45/018594 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, засаг даргын 147 тоот захирамж, 014/009150 дугаар ургийн овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсөн тухай лавлагаа гэрч Л.Авъяандүр, Ж.Сүхбаатарын нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гансүхийг нас барагч Т.Дашийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гансүхийг Т.Дашийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Хөрөнгө битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5025 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА