| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1299/Э |
| Дугаар | 1302 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1302
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Л овогт О-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0436 11633 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай гудамжинд Д.Оюунгэрэлийн жолоодож явсан 72-15 УНУ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын машинаар үйлчлүүлээд буух үедээ Д.Оюунгэрэлийн цамцны захнаас нь татаж зулгаан, машины дунд хайрцагт байсан хохирогчийн орлогын 65.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц-аас: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0436 11633 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:
“... Хэрэг учрал болсон гэх автомашинд үзлэг хийв. Уг автомашин нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэлтсийн хашаанд зүүн талын зогсоолд урагш баруун тийш харуулж байрлуулсан цагаан өнгийн 72-15 УНУ улсын дугаартай Приус 20 маркийн автомашин байна. ...Шинжээч уг автомашины урд хайрцаг дотор бариул хэсгээс нунтаг бодис ашиглан гарын мөр эрж хайхад олдоогүй. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар тал),
2. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:
“... 1-т Мөнхтөрийн Гантулга, 2-т Жаргалын Нямхүү, 3-т Банзрагчийн Батболд, 4-т О-ын Ц-, 5-т Санжаасүрэнгийн Итгэлцоож нарын гэрэл зургийг дугаарлан харуулахад хохирогч Д.Оюунгэрэлээс мөнгийг дээрэмдсэн хүн бол “4” гэж дугаарласан хүний гэрэл зургийг ...мөн байна, таньсан содон шинж тэмдэг нь ...бордуу царайтай, жаахан том нүдтэй, хурц ширүүн харцтай, улаан өнгийн гуталтай байсныг санаж байна. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал),
3. 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Д.Оюунгэрэлээс гаргаж өгсөн компакт дискэнд буулгасан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...20190819_172939 5:30 гэсэн дугаартай фолдер руу ороход “Fire” баарны үүдэнд улаан өнгийн фүүзтэй, дээгүүрээ боровтор өнгийн куртиктэй 160 см орчим өндөр нуруутай, 20-25 орчим насны залуу цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашины жолоочтой юм ярьж байгаад машиных нь урдуур тойрч жолоочийн урд талын суудалд суугаад машин хөдөлж байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), тус бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 22 дугаар тал),
4. 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөгчийн санаачилгаар хохирогч Д.Оюунгэрэлийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хашаанаас 13 цаг 55 минутад 72-15 УНУ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн цагаан өнгийн автомашинтай хөдлөн түүний хэлж зааснаар Баянхошууны тойрог руу уруудаж Баруун салаа явах зам руу гэрлэн дохиогоор нэвт чигээрээ гарч, Баруун салааны эцсийн буудал дээр ирэхэд Д.Оюунгэрэл энэ шороон замаар чигээрээ хойш явна гэж хэлээд шороон замаар 200 метр орчим явж баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр зүүн гар тийш эргэж, доош уруудаж явж байгаад саарал өнгийн төмөр хашааны харалдаа жалганы хажууд зогсож энд намайг дээрэмдсэн гэж машинаас бууж хэрэг болсон газрыг заасныг гэрэл зургаар бэхжүүлсэн тухай, Уг газрын хаягийг тодруулахад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай тоот хаягт байсныг тэмдэглэл болгон бичсэн тухай. …” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
5. Хохирогч Д.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “... Би 2019 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим өөрийн эзэмшлийн 72-15 УНУ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн автомашинтай такси үйлчилгээнд явж байгаад 3, 4 дүгээр хорооллын эцсийн замын эсрэг талд байрлах “Цэ” нэртэй баарны хажуу талын “Fire” нэртэй баарны гадаа зогсож байтал 20-25 орчим насны залуу гарч ирээд эгчээ таксинд явах юм уу гэж асуухаар нь би хаашаа явах юм гэж асуутал Баянхошуу, Баруун салаа явна гэж хэлэхээр нь хол явах юм байна гэж бодоод явна гэж хэлтэл нөгөө залуу миний машины жолоочийн эсрэг талын урд сандал дээр суусан. Тэгээд Баянхошууны тойрог дээр ирээд шороон замаар явах юм уу гэж асуухад явна гэж хэлэхээр нь эгч нь шороон замаар явж чадахгүй, машин муу барьдаг, миний дүү мөнгөө өгөөд энд буугаад өөр таксинд суучих гэсэн чинь надад одоо таньд өгөх мөнгө байхгүй, гэрт очоод мөнгө авч өгнө гэхээр нь Баруун салаа руу явж эцсийн буудал өнгөрөөд шороон зам руу орж ойролцоогоор 3-4 км зайд явж замын доош баруун гар тал руу бууж догол гудамжаар ортол за эгч ингээд зогсчих гэж нөгөө залууг хэлэхээр нь зогстол хэдэн төгрөг гарсан бэ гэж асуусан. 20.000 төгрөг гарсан гэж хэлсэн чинь нөгөө залуугийн царай хачин болж ирснээ би таньд мөнгө өгнө гэж бодож байна уу гэж хэлээд миний машины салоны урд хайрцгуудыг ухаж байгаад урд хоёр сандлын дунд хэсэгт байрлах хайрцгийг онгойлгож дотор нь байсан миний таксинд явж олсон орлогын мөнгө болох 65.000 төгрөгийг нөгөө залуу шууд авч халаасандаа хийхээр нь би хөөе яаж байна гэж хэлээд суудлын бүсээ тайлаад машинаас буух гэтэл нөгөө залуу миний цамцны захнаас зулгааж татаж байхад араас машин ирж зөрөхөөр нь сигналдсан чинь нөгөө залуу миний машинаас буугаад зугтаасан. Би машинаасаа бууж арын машины жолооч ах дээр очиж ахаа намайг саяхан нэг залуу дээрэмдээд миний мөнгийг аваад явчихлаа гэж хэлсэн чинь нөгөө ах хаана байна гэж асуухаар нь дөнгөж сая машинаас буугаад хашаа даваад гүйчихлээ гэж хэлээд би буцаж машиндаа суугаад миний мөнгийг авч явсан залуугийн анх суусан газар нь буцаж очоод “Fire” нэртэй баарны хамгаалагч залуутай уулзаж, эгч нь танай баарнаас гарсан залууг такси үйлчилгээнд авч яваад дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Нөгөө залуу камераа шүүж өгөөд, манай бааранд хамгаалагч хийж байсан залуугийн найз байна, Жаяка гэх залуу өмнө нь ажиллаж байгаад гарчихсан юм гэж надад хэлсэн. Миний биед халдаж намайг цохисон зүйл байхгүй. Би Ц гэх хүнээс орлогын 65.000 төгрөг, өөрийнх нь үйлчлүүлсэн 20.000 төгрөгийг авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
-2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн:
“... Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулаад авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
6. Шүүгдэгч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед багын найз Жаргалсүрэнтэй Баянбүрдийн тойрогт уулзахад Жаргалсүрэн хоёр найзтайгаа хамт явж байсан. Тэгээд Гандан руу явах автобусны буудлын хойд талд байрлах биллярдны газар бид дөрөв орж 23 цаг хүртэл тоглож байхдаа Сэнгүр нэртэй пивоноос хүний 4 шилийг хувааж ууж дуусгасан. Бааранд оръё гэж ярилцаад тэндээс гарч 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах “Fire” нэртэй бааранд 23 цаг 30 минутын үед орж “Валентин” нэртэй архи 1 шилийг, дахин 0.75 литрийн архи 1 шилийг захиалж хувааж ууж дуусгасан, би тасраад унтчихсан юм. Тэгээд сэрэхэд би ганцаараа баарны сандал дээр сууж байсан. Харин манай найз Жаргалсүрэн хоёр найзынхаа хамт намайг орхиод явчихсан байхаар нь уг баарнаас гараад төв зам дээрээс такси барих гээд гараа өргөөд зогсож байтал цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин ирж зогсохоор нь жолоочийн эсрэг талын урд сандалд орж суутал жолооч нь 40 орчим насны эмэгтэй хүн надаас хаа хүрэх юм гэж асуухаар нь би “Баруун салаа явчих” гэж хэлсэн. Тэгээд Баянхошууны тойрог дээр иртэл таксины жолооч эгч надад эндээс цааш явахгүй, 10.000 төгрөг болсон байна, мөнгөө өгөөд буучих гэж хэлэхээр нь би “одоо надад таньд өгөх бэлэн мөнгө байхгүй, гэртээ очоод мөнгийг чинь өгье” гэж хэлээд Баруун салааны эцэс рүү явсан. Замдаа явж байхдаа машин дотор нь хэсэг унтчихсан байсан. Таксины жолооч эгч миний дүү сэрээрэй, Баруун салааны эцэс дээр ирсэн байна гэж хэлэхээр нь шороон зам руу ороод баруун гар тийш эргээд доош уруудчих гээд гэрийнхээ ойролцоо жалганы хажууд ирээд, ингээд зогсчих гэхэд таксины жолооч 20.000 төгрөг болсон байна шүү гэж хэлэхээр нь 10.000 төгрөг өгчих, гэрээсээ ороод мөнгөө аваад 20.000 төгрөг болгоод өгье гэж хэлээд тасарчихсан юм. Тухайн үед би нилээн согтсон байсан болохоор ухаан орж гараад зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь гэртээ ороод унтчихсан, өглөө сэрсэн. Уг таксинаас яаж буусан, юу болсон талаар сайн санахгүй байна. Надад гэртээ харих хэмжээний таксины мөнгө байгаагүй. Өмсөж явсан хувцасны халаасанд 2.000 төгрөг л байсан. Өглөө гэртээ сэрсэн чинь миний өмсөж явсан хүрэмний халаасанд 9.900 төгрөг байхаар нь би яаж мөнгөтэй болсон юм бол гэж гайхсан. Би хүргүүлж ирсэн Приус 20 маркийн автомашины голын хайрцаг болон дунд хайрцгийг нь ухаж мөнгө авсан эсэх талаар юу ч санахгүй байна. ...Би бусдын орлогын мөнгө болох 65.000 төгрөгийг булааж зугтаасан асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь мөнгөгүй байсан хирнээ өглөө гэртээ сэрсэн чинь мөнгөтэй болчихсон байсан. Гэртээ орох замдаа зарим мөнгийг нь хаячихсан байж магадгүй. Архи хэтрүүлж хэрэглээд дээрх үйлдлийг гаргачихлаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
7. Гэрч Ц.Ариун-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“... Манай найз залуу О.Ц 2019 оны 9 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, Баянхайрхан 64-7 тоотод хамаатныхаа эгч болох Ариунтунгалангийн гэрт амьдарч байгаа. Хан-Уул дүүрэг “Говь” компанийн хажууханд хувийн барилгын ХХК-д арматурчин ажилтай....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
8. Гэрч С.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“...О.Ц Увс аймгийн төв дээр Ерөнхий боловсролын 2 дугаар арван жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид элсэн орж суралцаж байгаад 2011 онд төгсөөд Увс аймгийн хилийн цэргийн ангид хөгжимчинөөр 2011-2013 онд 2 жил суралцсан. 2014-2019 онд Улаанбаатар хот, Увс аймгийн хооронд барилга дээр туслах ажилтан хийж байсан. О.Ц нь заримдаа архи ууна. ...2-3 жилийн өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдож шүүхээр орж байсан. 2019 оны 8 дугаар сарын сүүлчээр, өдрийг нь санахгүй байна, О.Ц надтай утсаар ярьж эгчээ би цагдаагийн газар баригдчихсан байна, та хүрч ирээд авчихаач гэхээр нь Баянхошууны цагдаагийн газар ирж уулзахад согтуу хүнтэй маргалдсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),
9. Шүүгдэгч О.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53, 61 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 73 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 77-79 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дүгээр тал), түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн бүртгэлийн газрын лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн албан тоот (хавтаст хэргийн 66 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Ц-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай гудамжинд Д.Оюунгэрэлийн жолоодож явсан 72-15 УНУ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын машинаар үйлчлүүлээд буух үедээ Д.Оюунгэрэлийн цамцны захнаас нь татаж зулгаан, машины дунд хайрцагт байсан хохирогчийн орлогын 65.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Ц-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн Д.Оюунгэрэлийн жолоодож явсан 72-15 УНУ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын машинаар такси үйлчилгээний журмаар үйлчлүүлээд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай гудамжинд буух үедээ Д.Оюунгэрэлийн цамцны захнаас нь татаж зулгаах зэргээр түүнд хүч хэрэглэн, 65.000 төгрөгийг нь дээрэмдсэн үйл баримт нь:
-хохирогч Д.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 72-15 УНУ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн автомашинтай такси үйлчилгээнд явж байхад 3, 4 дүгээр хорооллын эцсийн замын эсрэг талд байрлах Цэ нэртэй баарны хажуу талын Fire нэртэй баарны гаднаас ...20-25 орчим насны залуу гарч ирээд ...Баянхошуу, Баруун салаа явна гэж хэлээд... машины урд сандал дээр суусан. ....Баруун салаа руу явж эцсийн буудал өнгөрөөд шороон зам руу орж ....3-4 км зайд яваад ...за эгч ингээд зогсчих гэсэн. ....нөгөө залуугийн царай хачин болж ирснээ би таньд мөнгө өгнө гэж бодож байна уу гэж хэлээд миний машины салоны урд хайрцгуудыг ухаж байгаад урд хоёр сандлын дунд хэсэгт байрлах хайрцгийг онгойлгож дотор нь байсан ...орлогын 65.000 төгрөгийг халаасандаа хийсэн. ...би хөөе яаж байна гэж хэлээд суудлын бүсээ тайлаад машинаас буух гэтэл нөгөө залуу миний цамцны захнаас зулгааж татсан. ...араас машин ирж зөрөхөөр нь сигналдсан чинь нөгөө залуу миний машинаас буугаад зугтаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
-шүүгдэгч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Таксины жолооч эгч миний дүү сэрээрэй, Баруун салааны эцэс дээр ирсэн байна гэж хэлэхээр нь шороон зам руу ороод баруун гар тийш эргээд доош уруудчих гэсэн. ...гэрийнхээ ойролцоо ирээд ингээд зогсчих гэсэн. ...Надад гэртээ харих хэмжээний таксины мөнгө байгаагүй. ....Өглөө гэртээ сэрсэн чинь миний өмсөж явсан хүрэмний халаасанд 9.900 төгрөг байсан. ...Би бусдын орлогын мөнгө болох 65.000 төгрөгийг булааж зугтаасан асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь мөнгөгүй байсан хирнээ өглөө гэртээ сэрсэн чинь мөнгөтэй болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),
-2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар тал), 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал), 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Д.Оюунгэрэлээс хэрэгт өгсөн компакт дискэнд буулгасан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дугаар тал), 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөгчийн санаачилгаар хохирогч Д.Оюунгэрэлийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.
Шүүгдэгч О.Ц нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байна. Мөн шүүгдэгч О.Ц нь таксины жолооч болох хохирогчийн орлогын мөнгийг дээрэмдэх явцдаа хэрэг үйл явдал болсон газар явж байсан автомашины жолоочоос хохирогч тусламж гуйх гэх үед түүний цамцнаас нь татаж болиулан, хохирогчийн эсэргүүцлийг дарж байгаа үйлдэл нь хүч хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ. Иймд улсын яллагчин дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Оюунгэрэлд 65.000 төгрөгийн хохирол учирсан, мөн такси үйлчилгээгээр үйлчлүүлсэн 20.000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажилланааны явцад шүүгдэгч О.Ц нь дээрх хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 32 дугаар тал) байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч О.Цомонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч О.Ц нь өөрийн өмгөөлөлдөө дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон ба, уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч О.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшихгүй байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн цэнхэр, цагаан өнгийн ANGTE, DVD+R/4.7 GB 120 min гэсэн бичиглэлтэй хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт О-ын Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.О-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн цэнхэр, цагаан өнгийн ANGTE, DVD+R/4.7 GB 120 min гэсэн бичиглэлтэй хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА