| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01532/И |
| Дугаар | 01494 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 01494
2016 оны 12 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2016/01494 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 11 дүгээр байрны 142 тоотод оршин суух, Тайж нар овгийн Гомбожавын Наранчимэгийн /регистрийн дугаар ФБ61100360/ хүсэлттэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Наранчимэг нь 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ГХЯ-ны Эрдэнэт дахь Экспорт импорт конторт гадаад хэлний бичээчээр түр ажиллаж байгаад 1982 оны 11 дүгээр сарын 13-нд ня-бо Янжмаагийн оронд ня-бо хийж, 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халагдсан болно. Энэ хугацааны архивын бичиг баримт болон бусад материал олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй болсон тул намайг 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус ГХЯ-ны харьяа Эрдэнэт дахь Экспорт импорт конторт бичээчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Наранчимэг нь 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус ГХЯ-ны харьяа Эрдэнэт дахь Экспорт импорт конторт бичээчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 411222 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт “1982 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ГХЯ-ны харьяа Эрдэнэт дахь Экспорт импорт конторт гадаад хэлний бичээч, бичиг хэрэг хөтлөгчөөр түр ажиллуулав, 1982 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гадаад тооцооны нягтлан бодогчоор түр ажиллуулав, 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гадаад тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, өөрийнх нь хүсэлтээр халав” гэжээ.
2.1983 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Баярын бичигт “н.Наранчимэгт Экспорт импорт конторт түр ажиллах хугацаандаа идэвхи зүтгэл гарган тус конторын ажилд гүн туслалцаа үзүүлсэн тул сайн сайхныг хүсэн ерөөж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ.
3.Бямбажамцын Хадбаатарын төрсний гэрчилгээний хуулбарт “1983 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ... эх нь Гомбожавын Наранчимэг” гэжээ.
4.Гэрч Д.Ууганбаяр шүүхэд мэдүүлэхдээ: “Би 1980 оноос Монгол экспорт нэгдлийн харьяа Эрдэнэт хот дахь экспорт импортын конторт гадаад тооцооны бичээчээр ажиллаж байгаад 1982 онд жирэмсний амралтаа авсан, миний оронд Наранчимэг ажилд орж байсан. Намайг 1983 онд ажилдаа ороход Г.Наранчимэг гадаад тооцооны нягтлан байсан Янжмаагийн оронд түр томилогдон ажиллаж байгаад 1983 онд декритээ аваад декриттэй байхдаа 1984 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан” гэжээ.
5.Гадаад худалдааны импортын харьяа Эрдэнэт дахь Экспорт импортын конторын даргын 1984 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 3 дугаартай тушаалд “Д.Ууганбаяр 07 дугаар сарын 23-с 08 дугаар сарын 16-ныг дуустал ээлжийн амралт олгосугай” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Наранчимэг нь 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ГХЯ-ны харьяа Эрдэнэт дахь Экспорт импортын конторт бичээчээр ажиллаж байсан болох нь түүнд 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 411222 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1983 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Баярын бичиг, гэрч Д.Ууганбаярын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ууганбаярыг гэрчээр асуусан ба гэрч Д.Ууганбаяр нь 1982-1984 он хүртэл Г.Наранчимэгтэй хамт ГХЯ-ны харьяа Эрдэнэт дахь Экспорт импорт конторт ажиллаж байсан нь түүнд ээлжийн амралт олгож байсан тушаалаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тайж нар овгийн Гомбожавын Наранчимэгийг 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус ГХЯ-ны харьяа Эрдэнэт дахь Экспорт импортын конторт бичээчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Наранчимэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА