| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01507/И |
| Дугаар | 01493 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 01493
2016 оны 12 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2016/01493 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 23 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, Хүнхэр Дашням овгийн Бямбаагийн Мягмаржавын /регистрийн дугаар ФБ60032013/ хүсэлттэй Хивсний үйлдвэрт лобазчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1983 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн Самнах цехэд лабазчинаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон тушаал дээр миний нэрийг Бямбаа овогтой Нямдорж гэж буруу бичсэн байна. Иймд намайг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл лобазчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмаржав нь 1983 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн Самнах цехэд лобазчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаар ажилд томилох тухай тушаалд “шинээр ажилд байгаа хүмүүсийг хавсралт 1-д зааснаар томилон ажиллуулсугай, мөн тушаалын хавсралт 1-ийн 17 дугаарт Бямбаагийн Нямдорж самнах цехэд лобазчин” гэжээ.
2.1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 559469 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Самнах цехэд лобазчинаар авч ажиллуулав, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын шаардлагаар самнах цехийн машин цэвэрлэгээнд шилжүүлэн ажиллуулав” гэжээ.
3.Гэрч Д.Ариунбаяр шүүхэд мэдүүлэхдээ: “Би 1983 онд Хивсний үйлдвэрт эрчлэгчээр ажилд ороход Мягмаржав Хивсний үйлдвэрийн Самнах цехэд тоо мастерын ажил хийдэг байсан. Би 1983-1993 он хүртэл ажилласан. Мягмаржав 1985 он хүртэл ажилласан. Ажлаасаа яг хэзээ гарсныг сайн мэдэхгүй байна” гэжээ.
4.Гэрч Д.Ариунбаярын хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бэлтгэх цехэд эрчлэгчээр томилон ажиллуулав, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр эрчлэгчийн ажлаас чөлөөлөв” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Мягмаржав нь 1983 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн Самнах цехэд лобазчинаар ажиллаж байсан болох нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаар ажилд томилох тухай тушаал, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 559469 дугаар хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Ариунбаярын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ариунбаярыг гэрчээр асуусан ба гэрч Д.Ариунбаяр нь 1983-1984 он хүртэл Б.Мягмаржавтай хамт Хивсний үйлдвэрт ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаар ажилд томилох тухай тушаалын хавсралт 1-ийн 17 дугаарт Бямбаагийн Нямдоржийг Самнах цехэд лобазчинаар гэсэн байх ба энэ нь хүсэлт гаргагч Б.Мягмаржавд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 559469 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичсэн түүнийг ажилд авсан тушаалын дугаартай тохирч байх тул 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаар ажилд авах тухай тушаалд Мягмаржавын нэрийг Нямдорж гэж ташаа бичсэн байх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хүнхэр Дашням овгийн Бямбаагийн Мягмаржавыг 1983 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн Самнах цехэд лобазчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Мягмаржаваас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА