Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 842

 

 

 

 

 

 

 

     2019           8           02                                         2019/ШЦТ/842         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808033710657 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажил хийдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэбатын У /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Э.У нь 2018 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Э.Отгонцэцэгтэй маргалдахад болиулах гэлээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Аыг толгой хэсэг рүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “эрүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Сарын 600.000 төгрөгийн цалинтай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 1808033710657 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Аын: “2018 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 04 цагийн орчим найз Отгонцэцэгтэй хамт явж байтал Отгонцэцэгийн найз залуу У тааралдаад “уулзъя” гээд Баянхошууны 112-ын автобусны буудлын ойролцоо нэг буудалд нэг шил архи авч ороод хамт уусан. Би нэг их уугаагүй. Отгонцэцэг найз залуутайгаа маргалдаад байхаар нь би салгах гээд очсон чинь У миний эрүү хэсэг рүү гараараа нэг удаа цохичихсон. Би ухаан балартаад унасан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Дараа нь намайг орон дээр багалзуурдаад байсан гэж Отгонцэцэг надад хэлсэн. ...Надад одоо санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Э.Отгонцэцэгийн: “2018 оны 7 дугаар сарын 09-ний ...23 цагийн үед Цамбагаравын тэнд бааранд орж 2-3 пиво ууцгаасан. Гараад явж байтал У “уулзъя” гээд байхаар нь А бид хоёр 21 дүгээр хороололд уулзсан. Бид гурав буудалд орохдоо нэг шил архи аваад орж хамт хувааж уусан. Тэгтэл У надтай хүүхдээс болж маргалдаад байсан чинь А ирээд салгах гэсэн чинь У Аын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиход А газар уначихсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.07.18-ны өдрийн 8613 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Аын биед эрүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,

Шүүгдэгч Э.Уын яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би Отгонцэцэг рүү залгатал А утсыг нь аваад “21 дүгээр хороололд байна” гэхээр нь би очоод ...буудалд ороод Отгонцэцэг, А нарын хамт нэг шил архи хувааж ууж дуусаад Отгонцэцэгтэй “чи өөр хүнтэй яваад хүүхэдтэй боллоо” гэж маргалдаж байтал хажуу талаар А орж ирээд намайг салгах гэхээр нь би Аын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. ...Аын биед эрүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлийг би үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хх-63-64/,

оргодол эрэн сурвалжлах тухай баримтууд /хх-39-42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, “Хүслэн хайрхан” ХХК-ийн тодорхойлолт /хх-51/, цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээлэл /хх-52-54/, шүүдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд /хх-65-66/, хохирогчийн хүсэлт /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын мөнгө төлсөн банкны орлогын мэдүүлгийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.У согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буудлын өрөөнд хохирогч Б.Аыг зодож биед нь “эрүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Аын “...буудалд нэг шил архи авч ороод хамт уусан. У миний эрүү, нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Э.Отгонцэцэгийн “...Бид гурав буудалд орохдоо нэг шил архи авч ороод хувааж уусан. У Аын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-32-33/, шүүх эмнэлгийн 8613 дугаар “1. Б.Аын биед эрүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-27/, шүүгдэгч Э.Уын яллагдагчаар өгсөн “...би Аын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-63-64/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Уын хохирогч Б.Аын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24-25/, “...250.000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-71/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын мөнгө төлсөн банкны орлогын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Уыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохиролд 250.000 төгрөг төлсөн, хохирогч “гомдолгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Торгох ялыг зөвшөөрч байна. 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шалтгаангүйгээр хүний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан, архидан согтуурсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 250.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /600.000 төгрөгийн цалинтай гэх/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Э.Уыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Уын 2019.07.31-ний өдрөөс 2019.08.02-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, түүний эдлэх ялаас 30.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Уын урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон, түүний эдлэх ялаас 30.000 /гучин мянга/ төгрөгийг хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР