Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 01506

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 07 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01506                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч 1994 онд төрсөн, 22 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 02 дугаар гудамжны 13 тоотод оршин суух Тэх овгийн Алтангийн Азжаргалын /регистрийн дугаар ОК94082101/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч 1992 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 08 дугаар гудамжны 01 тоотод оршин суух Тайж нар овгийн Түгжээгийн Түвшинтөрд /регистрийн дугаар ФА92031558/ холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Азжаргал, хариуцагч Т.Түвшинтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бугантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Т.Түвшинтөртэй анх 2012 онд танилцаж дотносон амьдарч байгаад 2015 оны сүүлээс 2 талд амьдраад өдий хүрлээ. Бид 2 албан ёсоор гэрлээгүй ба хамт амьдрах хугацаандаа 2013 оны 08 сарын 07-нд хүү А.Баатар төрсөн одоо 3 настай. Над дээр өсөн хүмүүжиж байгаа Т.Түвшинтөр бид 2 цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон. Тиймээс хүү А.Баатарын эцэг нь Т.Түвшинтөр мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэгийг эцэг Т.Түвшинтөрөөс гаргуулах хүүгээ өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Т.Түвшинтөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Би цэргийн албанаас 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр халагдаж ирээд Азжаргалтай танилцаж дотносоод 2013 оэд нэг гэрт орсон. Би 2012 оны 12 сард Улаанбаатар хот руу ахлагчийн дамжаанд суралцахаар явсан. Тэр үед Азжаргал жирэмсэн болсноо 01 дүгээр сарын дундуур хэлсэн. Ийм учраас хүүхэд миний гэдэгт эргэлзэж байгаа тул эргэлзэж байгаа тул эцэг тогтоох шинжилгээ хийж өгнө үү, мөн миний хүүхэд гэж тогтоогдвол хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Учир нь надтай цуг амьдарч байхдаа намайг ажилд явсан хойгуур архи ууж хүүхдээ байнга хаяж явдаг. Хэлэхээр сална гэж 3 удаа юмаа аваад явсан. Азжаргал ар гэрийн аав хулгай хийж ажлаасаа халагдсан. 1 ах нь эхнэрээсээ салсан, архи уудаг. Ажил хийдэг нэг ч хүн байхгүй, өрхийн орлогогүй айлд хүүхдээ үлдээх хүсэлгүй байна. Азжаргал хүүхдээ харж хандахгүй Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд явсан, одоо хүртэл ирээгүй, хүүхэд маань хүн хүний гар харж амьдарч байна” гэжээ.

Хариуцагч Т.Түвшинтөр шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “Миний бие Азжаргалтай 2012 онд танилцсан. Шүүхийн шинжилгээгээр миний хүүхэд гэсэн хариу гарсан тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.Хэрэв боломжтой бол би өөрөө хүүхдээ авмаар байна.Боломжгүй бол би хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэж 18 нас хүртэл нь мөнгийг нь дансанд байршуулах саналтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Азжаргал нь хариуцагч Т.Түвшинтөрд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...2013 оны 08 сарын 07-нд хүү А.Баатар төрсөн одоо 3 настай. Над дээр өсөн хүмүүжиж байгаа Т.Түвшинтөр бид 2 цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон. Тиймээс хүү А.Баатарын эцэг нь Т.Түвшинтөр мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэгийг эцэг Т.Түвшинтөрөөс гаргуулах, хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагч шүүх хуралдаанд “...би хүү Баатарыг өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв боломжтой бол би өөрөө хүүхдээ авмаар байна. Боломжгүй бол би хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэж 18 нас хүртэл нь мөнгийг нь дансанд байршуулах саналтай байна.Хүүхдийн тэтгэлэг төлнө” гэсэн тайлбар гаргасан.

Зохигчид 2012 онд танилцан гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байгаад тэдний дундаас 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүү А.Баатар төрсөн нь, хүү эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа зэрэг нь зохигчдын тайлбар, А.Баатарын төрсний гэрчилгээний хуулбар, “Учралт баяр” өрхийн эмнэлэгийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүү А.Баатарын эцэг нь Т.Түвшинтөр мөн эсэхийг тогтоолгохоор захирамж хүргүүлэхэд 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 7922 тоот шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн. 7922 тоот шинжээчийн дүгнэлтэнд “....Түвшинтөр нь А.Баатарын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна” гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.Баатарын эцэг нь Түгжээгийн Түвшинтөр мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Т.Түвшинтөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 Т.Түвшинтөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Тодруулбал Т.Түвшинтөр нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү А.Баатарыг 11 нас хүртэл  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.  Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 2 049 600  төгрөг болох ба үүний 50 хувьд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөгийг хариуцагч Т.Түвшинтөрөөс гаргуулж улсын орлогод оруулах үндэстэй.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.Баатарын эцэг нь Т.Түвшинтөр мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү А.Баатарыг эх А.Азжаргалын асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.Баатарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Т.Түвшинтөрөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 145 төгрөг гаргуулж төийн санд оруулсугай. 

5.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА