Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 17

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Д.М  ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М  холбогдох 163/2010/0018/Э индекстэй, 1915003270247 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, малчин, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, Г овогт Д.М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М  нь 2019 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрийн хооронд Булган аймгийн ... багийн малчин Э.Б ын 10 хургатай хонь буюу 20 тооны бог малыг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915003270247 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Э.Б ын өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 6 тооны хонь Эрдэнэт хот руу эхнэр О гийн хамт явсан. Тэгээд 1 хоночхоод 05 сарын 30-нд хөдөө гэртээ 19 цагийн орчимд ирсэн. 2019 оны 06 дугаар сарын 02-нд манай хонинд 3 эм хар сувай хонь алга болсон байсан. Би тэгэхээр нь зүстэй хонь алга болчихлоо гээд хонио тоолж үзэхэд манай хониноос 50 хонь дутсан байсан. Тэр хавийн айлын хонинд саринаад алга болчихлоо гэж бодоод ойр хавийн айлуудын хониор хайгаад, шүүгээд олоогүй. Тэгсэн Архангай аймгийн Өлзийт сумын мал мах авдаг А  гэх хүнд манай багийн Д.М  гэх хүн хургатай хонь аваачиж өгсөн талаар сонсоод А ы худалдаж авсан хонио тавьсан Өлзийт сумын Бодонт багийн М  гэх айлд найз Б гийн хамт очсон. Хонь нь хаана байгааг заалгаж хонин дундуур нь ороод хонио үзэхэд манай хонинууд, хурганууд тэр хонин дунд нь байсан. Манай хонь "Ө"-ны урд, араар бэлчээд шөнө нь "Ө"-ны зүүн талд байх манай хаваржаан дээр хонодог. Угаасаа манай хонь тэнд л байдаг хол явдаггүй. 15 хургатай хонь, 20 сувай хонь алга болсон байсан. Сайхан сумын 1 дүгээр багийн малчин Д.М  гэх хүн авчирч өгсөн гэж хэлж байсан. Өөрийнхөө цагаан өнгийн Пробокс машинд 10 ширхэг хургатай хонийг тээвэрлэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өглөө үүрээр 6 цаг өнгөрч байхад авчирч өгсөн ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Я.М ын өгсөн: “... А  29 хургатай хонь, 10 төлөг манай хонинд тавьсан. 2019 оны 05 дугаар сарын 30-аас 2019 оны 06 дугаар сарын 28-ны хооронд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Н.У гийн өгсөн: “... манайд хамгийн эхэнд 2019 оны 05 дугаар сарын 30-нд бид хоёр луу А  ах утастаад "хашаан дотор 10 хургатай хонь байгаа очиж аваад хөдөө  гэртээ  аваачаад тавиадах  гэж хэлсэн.   Бид  2  очиж хонийг  нь  авахад А  ахын гэр нь цоожтой хүн байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Д.Б ий өгсөн: “... Би Архангай Өлзийт сумын төвд байх ээжийнхээ гэрт унтаж  байхад  өглөө  үүрээр  хадам   аав   ирсэн.   Тэгээд   айлд  очиж  хонь буулгаатхий суучих гээд хамт явсан. Тэгээд А  ахын гэрийн гадаа очоод миний гар утсаар А  ах руу залгаад ярьсан. А  ах өөрөө бол байгаагүй хотод байна наанаа буулгачих гээд тэгээд буулгасан. П  гэж ах ирээд хонийг нь буулгаад хүлээж авсан. Манай хадам аавын хониний им бол биш байсан... дандаа хургатай хонинууд байсан.  Сам  имтэй л  юм  шиг харагдаад байсан зөв чин нь, буруу чих нь им байхгүй байсан.  Нийт    10 хургатай хонь буулгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч Э.А ын өгсөн: “... 2019 оны 06 дугаар сард хонио тоолоход манай хониноос 10 хонь дутсан. Тэгээд би тэр хавиараа хонио айлын хониор хайсан. Тэгсэн манай тэр хавьд байдаг Д.М  гуай өглөө эрт Өлзийт сум руу хургатай хонь ачаад аваачиж өгсөн сураг гарсан. Би тэгээд Д.М  гуайг Архангай аймгийн Өлзийт сум руу хэн гэдэг хүнд өгснийг нь мэдээд худалдаж авсан хүн нь Өлзийт сумын Бодонт багийн малчин Я.М  гэх айлд хонио тавьсан талаар нь мэдээд тэр айлд нь очиж хэрэг учраа хэлээд хонинд нь орж тэр Д.М  гуайгаас худалдаж аваад хонинд нь тавьсан хонины имийг нь үзсэн. Тэгсэн манай багийн Б  ахын имтэй хонинууд байсан... Өлзийт сумын төвд А  ахад хүн авчирч өгсөн. Тэгээд манайд түр тавьчих гээд тавьсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Н.Б ийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай багийн малчин Э.Б  манай гэрт хэдэн хонь алдчихсан, тэгсэн Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн малчин Я.М  гэх айлд байгаа сураг гараад байна би тийшээ сайн газар мэдэхгүй чи хамт явалцаад өгөөч гэж ирсэн. Тэгээд бид 2 нөгөө хонь байгаа гэх Я.М ын гэрийг сураглаж яваад очтол эзэнгүй хонь нь гэрийнх нь хадтай хяр дээр байсан. Бид 2 хонь байгаа газар нь очоод Э.Б  хонин дундуур нь явсан. Тэгсэн манай хонинууд байна зүстэй эм хонь хурганууд байна гэж хэлсэн...Сүүлд нь сонсоход манай багийн Д.М  ах Өлзийтийн ченжид аваачиж өгөөд нөгөө ченж нь тэр айлд авсан малаа бөөгнүүлж тавьсан юм билээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Э.Б ы өгсөн: “... Сүүлдээ Архангай аймгийн Өлзийт сум руу сураг гараад тэгээд 10 тооны хургатай хонио авчирч байсан. Сүүлд нь манай багийн Д.М  ах хулгайлсан талаар сонссон....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Н.О гийн өгсөн: “... 2019  оны  06 дугаар сарын  03-ны  өдөр  манай  нөхөр Э.Б  өчигдөр байсан 3 хар эм сувай хонь алга болчихлоо. Хонио тоолж үзье гээд тоолсон. Тэгээд тоолоод үзэхэд 15 хургатай хонь 20 сувай хонь дутсан. Тэгсэн манай нөхөр Д.М  ах Өлзийтийн А  гэх хүнд хургатай хонь аваачиж өгсөн байна тэрийг очиж үзье, харья гээд Б  гэх найзтайгаа Өлзийт рүү явсан. Тэгээд ирэхдээ манай хонинууд Өлзийтийн айлд байна гэж ирсэн... 2019 оны 05 дугаар сарын 30-нд өглөө үүрээр аваачиж өгсөн 10 хургатай хонийг нь авсан бусдыг нь бол аваагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Д.А ы өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 30-нд надад 10 хургатай хонь авчирч өгсөн. Урьд нь бол би Д.М аас мал авч байгаагүй. Д.М  надаас 10 хургатай хонь цувуулж авсан байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч Ч.О ын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг болж байсан байх над руу залгаад би хүнээс хургатай хонь авах ёстой юм. Гэрийн гадаа хонио ачаад ирчихсэн байна. Би очоод тоолоод авчих гэсэн. Би тэгээд очиход А ы хашаанд хонио буулгачихсан байсан. 10 хурга, 10 эм хонь байсан. Цагаан өнгийн пробокс машинтай авчирсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Яллагдагчаар Д.М ын өгсөн: “... Би Архангай аймгийн Өлзийт сумын тамгын газрын дарга А  д 10 хургатай хонь өгөх ёстой байсан. Учир нь би 2019 оны 05 дугаар сарын эхээр 10 хургатай хонь өгнө гэж хэлээд 1 сая төгрөг бэлнээр авсан байсан. Тэгсэн тухайн үед надад хониндоо явж байхад таарсан 10 тооны хонийг туугаад А  д өгөх санаа төрөөд уг 10 тооны хонийг гэрийнхээ гадна тууж аваачаад маргааш өглөө нь өөрийнхөө эзэмшилд байсан **-** УБЗ улсын дугаартай Саксээд маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Архангай аймгийн Өлзийт сумын А   гэх залууд аваачиж өгсөн... 10 хургатай хонийг хэний хонь гэдгийг мэдээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 83-86 дугаар хуудас/,

Булган   аймгийн   Сайхан   сумын   үнэлгээний   комиссын   шинжээчийн дүгнэлтэд "хургатай хонь тус бүр 150000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 68 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 91 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 1500000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М  нь 2019 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрийн хооронд Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутгаас тус сумын 1 дүгээр багийн малчин Э.Б ын 10 хургатай хонь буюу 20 тооны бог малыг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Д.М  дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М  нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Шүүгдэгч Д.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн хохирогч Э.Б ад 1500000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 10 тооны хонийг биет байдлаар нь  хүлгээн өгч, 300000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.М ад нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Д.М ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг 1 хоногоор солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН