Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 1

 

2017 оны 12 сарын 25 өдөр               Дугаар 127/ШШ2018/0001                           Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 127/2017/0015/3

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга болон Хэнтий аймгийн Галшар сумын Засаг дарга нарт холбогдох

            Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-026257 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Хэнтий аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр өгсөн санал болон Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын мэргэжилтэн Г.М, хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын Засаг дарга Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “С” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баттөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани Хэнтий аймгийн Галшар сумын нутаг Буян нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн 026257 дугаарт бүртгэн, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

            ...Хэнтий аймгийн Засаг дарга Ж.О-ын санал нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.О-ын “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай” гэсэн байна. Харин Хэнтий аймгийн Галшар сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичигтээ “18 өрхийн малын бэлчээр” учраас олгохоос татгалзлаа гэсэн байна. Бэлчээр гэдэг нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд “Тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэснийг зөрчиж байна.

            Нэхэмжлэлийн шаардлага: 026257 дугаарт бүртгэгдсэн өргөдөлтэй холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын өгсөн санал,  Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, Буян нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” гэжээ.

            Нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Засаг дарга “С” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн санал гаргасан ба үндэслэл нь “орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай” гэсэн байна. Зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 тогтоол хэрэгт авагдсан байна. Шинжээчийн дүгнэлтээр, орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан Улх уул орчмын нутагтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай давхцалтай гэж гарсан. Гэвч уг уулыг хамгаалалтанд авах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 05 дугаар  тогтоол нь Кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй байна. Энэ тухай Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсээс шүүхэд болон “С” компанид ирүүлсэн албан бичиг байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д, тодорхой газар нутгийг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол холбогдох мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлэхээр заасан байдаг. Хариуцагч Галшар сумын Засаг даргын шүүхэд нотлох баримтаар өгсөн албан бичгээс үзэхэд Галшар сум нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн Ашигт малтмалын газарт албан бичиг хүргүүлсэн харагдаж байна.

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийг: дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж тус тус ангилах бөгөөд уг газруудад ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон. Харин орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуулийн заалт байхгүй.

            Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т, аймгийн Засаг дарга тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолоор баталсан тайлбарт “хурлын санал нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэж заасан.

            Иймд сумын Засаг дарга санал өгөх эрхгүй, хариуцагч Галшар сумын Засаг дарга нь 2015 оны 184 тоот албан бичгээр санал өгч эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Уг албан бичигтээ малчдын өвөлжөө, хаваржааны газар гэсэн байгаа боловч газрын гэрчилгээ зэрэг ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын санал нь тодорхой бус байгаа. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр өгсөн санал болон Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Засаг дарга Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 6/7245 тоот албан бичгийг хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 9/1437 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн.

Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн 026257 дугаарт бүртгэгдсэн, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт нэртэй талбай нь тус сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 5 дугаар тогтоолоор тахилгат их шүтээн хүндэтгэл бүхий газар гэх үндэслэлээр хамгаалалтад авсан Улх хэмээх уул орчмын газартай 15.9 гектар талбайгаар давхацсан тул аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу “дэмжихгүй” гэсэн хариу хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу улсын тусгай хамгаалалттай газрын талаар ярилаа. Үүнээс гадна газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болдог. Байгаль орчны сайдын тушаалаар баталсан “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам” байдаг бөгөөд Галшар сум үүний дагуу хамгаалалтад авсан.

Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй гэж байна. Аймгийн Засаг дарга нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх бүрэн эрхтэй тул энэ эрхийнхээ дагуу саналаа өгсөн” гэв.

Хамтран хариуцагч Галшар сумын Засаг дарга Б.Энхтайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь Галшар сумын нутаг дэвсгэр Буян нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байх бөгөөд аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан байна.

Харин Галшар сумын Засаг даргын хувьд хуулиар ямар нэг эрх хэмжээ олгоогүй байх бөгөөд өөрөөр хэлбэл зөвшөөрөл олгох эсхүл татгалзах шийдвэр гаргах, санал өгөх зэрэг эрх олгогдоогүй тул сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талаар аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсээс албан бичиг ирсний дагуу сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байсан.  Миний бие Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед ээлжийн амралттай байсан.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь манай сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Улх уул орчмын газартай давхцалтай, тэнд 14 өвөлжөө, хаваржаа, 4 худаг түшиглэн 18 өрхийн мал жилийн турш бэлчээрлэж байдаг.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авах албан бичгийг хугацааны хувьд тулгаж  ирүүлдэг тул  Тэргүүлэгчид хуралдаж, хэлэлцэх боломжгүй нөхцөл үүсдэг. Орон нутагт малчид ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг эсэргүүцдэг тул сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид уг асуудлаар ер нь “дэмжсэн” санал гаргадаггүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь тус шүүхэд анх “026257 дугаарт бүртгэгдсэн өргөдөлтэй холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын өгсөн санал,  Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, Буян нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, “026257 дугаарт бүртгэгдсэн өргөдөлтэй холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр өгсөн санал,  Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг  /тухайн үеийн нэрээр/ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс өргөдлийн бүртгэлийн NE-026257 дугаарт бүртгэн, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт нэртэй 1221.43 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж,  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргад 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/4245 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн ба уг мэдэгдлийн хариуг хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичиг, түүнд хавсаргасан саналын хуудсаар хүргүүлжээ.

Уг баримт бичгээр хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн санал өгч, дэмжихгүй байгаа үндэслэлээ “орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай” гэжээ. Хариуцагчийн энэ саналыг нэхэмжлэгч “С” ХХК хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн “санал”-ын талаар нэхэмжлэгч “С” ХХК нь Ашигт малтмал,  газрын тосны газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/5171 тоот албан бичгийг хүлээн авч мэдсэн гэж тайлбарласан бөгөөд уг захиргааны актын талаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын “санал”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь заалтууд зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх”-өөр заасан байхад Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй, сумын Засаг даргын албан бичгийг үндэслэсэн гэж тайлбарлаж байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “аймгийн Засаг дарга нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх бүрэн эрхтэй” гэж маргасан болно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийн талаар заасан бөгөөд 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “е”-д, Засаг дарга “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хуульд заасны дагуу санал өгөх” эрхтэй гэж заасан. Уг заалтын “хуульд заасны дагуу” гэдгийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу гэж ойлгох бөгөөд тухайн харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан тул аймаг, нийслэлийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар, тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ёстой.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн Галшар сумын нутагт байрлах талбайн талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс биш, тус сумын Засаг даргаас санал авч, Ашигт малтмалын газарт хариу явуулснаар хуульд заасан журам зөрчигдсөн байгаа боловч уг үндэслэлээр хариуцагчийн “санал”-ыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзэв. 

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар зохицуулсан нь нутгийн өөрөө удирдах байгууллагаас нутаг дэвсгэрт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөх эсэхийг лавлах, тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсэхийг тодруулах зорилго агуулсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн 1221.43 гектар талбай нь Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг бөгөөд уг газар нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай болохыг тус сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгээр мэдэгдсэнийг үндэслэн,  хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн санал гаргаж, Ашигт малтмалын газарт хүргүүлснийг буруу гэж үзэхээргүй байна.

Хэнтий аймгийн Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж, 05 дугаар тогтоол гаргасан байх ба  уг тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Улх нэртэй уул орчмын газартай, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Буянт нэртэй талбай нь тодорхой хэмжээгээр давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлт,  зурагт буулгасан кординатаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан, улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газруудад л ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон. Харин орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуулийн заалт байхгүй” гэх тайлбарын тухайд,

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна” гэж заасан. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох бүрэн эрхийг Улсын Их Хурал, Засгийн газар хэрэгжүүлэх ба аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг  тогтоох бүрэн эрхтэй болохыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2 дахь заалтын “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтуудаар тус тус хуульчилсан.

Газрын тухай хуульд зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нь тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газруудад ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон[1]. Энэ хуулиар улсын тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой харилцааг зохицуулдаг ч уг хууль нь газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах үйл ажиллагаанд хамааралгүй гэж үзэхгүй.

 Мөн түүнчлэн, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргахдаа, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-д заасны дагуу уг газрын хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоохоор заасан. Ийнхүү уг асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, тогтоолоор баталсан “журам”-аар зохицуулахаар хуульчилсан байгаа тул  “орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуулийн заалт байхгүй” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 болон 14 дүгээр зүйлүүдэд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газрын талаар заасан болохыг мөн дурдах нь зүйтэй.

Иймд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдэгдэлд Хэнтий аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр өгсөн саналыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичиг нь, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст хаягласан байх ба уг албан бичигт, “Тус сумын  Жаргалант 5-р багийн нутаг дэвсгэрт орших 1221,43 гектар талбай нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ба 14 өвөлжөө, хаваржаа, 4 худаг түшиглэн 18 өрхийн 14000 гаруй мал жилийн 4 улирлын турш бэлчээрлэж байдаг. Иймд иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг хүргүүлж байна” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнийн  тайлбарласнаар, Хэнтий аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдэгдлийг хүлээн аваад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай саналыг авахаар Хөгжлийн бодлогын хэлтсээрээ дамжуулан Галшар сумын Засаг даргад албан бичиг хүргүүлсний дагуу сумын Засаг дарга дээрх албан бичгээр хариу ирүүлжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “з”-д зааснаар, сумын Засаг дарга нь газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж Хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхтэй.   Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “е”-д заасан, “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хуульд заасны дагуу санал өгөх” бүрэн эрх сумын Засаг даргад ч хамааралтай боловч уг асуудал нь илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар зохицуулагдана. Ашигт малтмалын тухай хуулийн уг заалтын дагуу аймгийн Засаг дарга ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхтэй холбоотой саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс авахаар хуульчлагдсан байна.

Мөн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Гэтэл уг асуудлаар хариуцагч Галшар сумын Засаг дарга санал өгсөн нь хуулийн дээр дурдсан заалтуудад нийцээгүй, тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-т заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”,  илт хууль бус акт гэж үзэхээр байна.

Иймд, Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичгийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

“Зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 5 дугаар тогтоол нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд,

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу, эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол энэ тухай мэдээллийг шийдвэр гаргаснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр заасан.

Хариуцагч Галшар сумын Засаг дарга, “зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авсан тухай шийдвэр, холбогдох баримтыг Ашигт малтмалын газарт 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 80 тоот албан бичгээр хүргүүлсэн” гэж тайлбарлаж байгаа бол Ашигт малтмал, газрын  тосны газрын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7/8945 тоот албан бичигт, “Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 5 дугаар тогтоол нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй байна” гэжээ.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 5 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа тул  тус сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг Улх уулын орчмын газрыг  орон нутгийн хамгаалалтад авсан газар гэж үзнэ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичиг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “е”-д тус тус заасныг баримтлан, өргөдлийн бүртгэлийн NE-026257 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу /тухайн үеийн нэрээр/ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн мэдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын “санал”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын ажлын алба- Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.БАЛЖМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 


[1] 12 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтууд