Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 52

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Болор-Эрдэнэ

         Хохирогч Б.*******

         Хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандах

         Иргэний нэхэмжлэгч Б.*******

         Шүүгдэгч Л.*******

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Энхбат, хохирогч Б.*******, хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандах нарын гомдлоор Л.*******д холбогдох ....  дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Л.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс 18 километрт Ө.*******ын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооны эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3, 2.1 а дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж Б.Уянгын биед хүнд хохирол учруулж Ө.*******ын эзэмшлийн .... улсын дугаартай автомашинд 3890000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар Л.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

            Л.*******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар сэтгэл санааны гэм хорын хохирол 5000000 төгрөгийг хохирогч Б.*******д, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2723000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.*******ад, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Ө.*******аас 4807906 төгрөг гаргуулж хохирогч Б.*******д тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* сэтгэл санааны гэм хорын хохирол 55000000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Б.*******, иргэний хариуцагч Ө.******* нар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатаас гаргасан давж заалдсан гомдолд: Л.*******ы зүгээс осол гарсан өдрөөс хойш хохирогчийн асран хамгаалагчтай холбоотой байж эмчилгээний зардлыг тухай бүрд нь өгч туслалцаа дэмжлэг үзүүлж байсан.

 Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүмжлэлийн шатанд Л.******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй. Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсандаа гэмшиж хор уршгийг арилгах үүргээ бүрэн ухамсарлаж байгаа.

Шүүх хуралдаанд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх, хохирогчийн зүгээс гаргаад байсан эмчилгээ, асаргаа, сувилгааны зардал 7400922 төгрөг, сэтгэл санааны хохирол 60000000 төгрөг нэхэмжилсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурьтай мэтгэлцсэн. Учир нь нэхэмжлэлийн үнийн дүнг богино хугацаанд төлөх бодит боломж байгаагүй тул арга буюу хохирлын хэмжээг шүүхээр тогтоолгох санал гаргасан. Гэвч шүүх сэтгэл санааны хохирол 5000000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн болон Иргэний хуульд гэм хорын хохирлыг гаргуулах тухай заасан байдаг боловч ийнхүү хохирлыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо нотлох баримтад тулгуурлах ёстой. Гэтэл хохирогчийн өвчний түүхэнд тусгагдсан биеийн ерөнхий байдал, гадаад орчинтойгоо харьцах байдлыг тодорхойлсон үг, өгүүлбэрт тулгуурлан 5000000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэтэл Ө.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хорыг арилгах ямар ч арга хэмжээ аваагүй, шүүх хуралдаанд хохирол төлөх үүрэггүй гэх тайлбарыг өгсөн.

 Иргэний хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд өмчлөгч бус этгээд тухайн гэм хорын зарим хэсгийг тухайлбал 70 хувийг хариуцан арилгана гэсэн ямар нэгэн зохицуулалт байхгүй.

Шүүх хуралдаанд шүүгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх ойлголтыг буруу ойлгож хэрэглэсэн. Эрүүгийн хуульд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх гэх ойлголтыг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурдсанчлан заавал хохирогч талын саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байхыг шаардаагүй.

Хэргийн нөхцөлд хохирогчийн байр суурь, төлбөр төлөгчийн хувийн байдал, санхүүгийн чадвар зэргийг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлээд гэм хорыг төлж барагдуулах хугацааг тогтоож, тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан.

Шүүгдэгч Л.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцдаг оюутан. Шүүх хуралдаанаас 3 хоногийн өмнө гаргасан 68 сая төгрөг болон шүүх хуралдааны явцад шүүхээс тогтоосон төлбөрийг 5 хоногийн хугацаанд төлж барагдуулах боломжгүй гэдэг нь тодорхой байсан тул хугацаа олгохыг хүсч уг төлбөрийг дээд тал нь 1 жилийн дотор төлөх саналыг гаргасан.

 Гэвч шүүгч уг саналыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгчийг яллах байр суурьтай хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иймд Л.*******д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх заалтыг тэнсэж, үүрэг оногдуулахаар, хохирогчийн сэтгэл санааны хохирол 5000000 төгрөг болон Ө.*******ад 2723000 төгрөг төлөх заалтуудыг хасч, миний үйлчлүүлэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн заалтуудыг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Л.*******аас гаргасан давж заалдсан гомдолд: .Хэрэг гардаг өдөр цагдаа Ө.******* над руу залгаж аймгаас ******* суманд өөрийн машиныг авч ирээч гэж хэлэхэд нь би татгалзсан. Над руу 4 удаа залгаж заавал аваад ир гэж хэлэхээр нь би түүнд жолооны үнэмлэхгүй гэж хэлсэн боловч чи цагдаагийн машин унах гэж байж юун үнэмлэх яриад байгаа юм бэ гэж загнасан. Би аргагүйн эрхэнд үгэнд нь ороод Ө.*******ын эхнэрээс машиныг нь очиж аваад ******* сум руу явсан. Машиныг нь аваад гарахдаа хохирогч Б.******* руу залгаад хамт явах уу гэж асуухад тэр зөвшөөрөөд хамт явсан. Б.******* осолд орно гэж бодолгүй машинд суугаад явсан шиг би ч түүнийг унагаж осолд оруулна, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж төсөөлөөгүй. Ослын улмаас Б.Уянгын бие хүнд гэмтэл учирсанд би маш их харамсаж байгаа. Эмнэлгийн төлбөр, сувилалд эмчлүүлэх зардал болон эх нялхаст үр хөндүүлэх зэрэг хохирогчоос нэхсэн мөнгийг цаг тухай бүрт нь өгч байсан. Шүүх 8 сая орчим төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж надаар төлүүлэх шийдвэр гаргасан. Би уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгч болон хохирогч, иргэний нэхэмжпэгч, хохирогчийн өмгөөлөгч мөнгөө одоо өг, хэзээ төлөх вэ гэж шаардсан. Би боломж нөхцөлөө тооцоод нэг жилийн дотор бүрэн төлж хохиролгүй болгоно гэж үнэнээ л хэлсэн. Шүүгч надад ямар ч нотлох баримтгүйгээр сэтгэл санааны хохирол гэж өөрөө дүгнээд сэтгэц заслын эмчилгээ хурдан хийлгэвэл хурдан эдгэнэ гэж тайлбарлаад таван сая төгрөг гэж тооцоод надаар төлүүлэхээр тогтоосныг ч би одоо гайхаж байна. Мөн машины хохирол гэж иргэний хариуцагчид мөнгө төлүүлэхээр шийдсэн. Угтаа бол энэ хүн хууль зөрчиж надад машинаа өгөөгүй бол Б.******* эрүүл, би сургуульдаа явж байх байлаа гэж би их гомдож байна. Шүүгч ингэж хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдсэнийг хэргийн бодит үнэнийг харгалзан үзэж надад оноосон хорих ялыг тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээгээр сольж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандахаас гаргасан давж заалдсан гомдолд: Л.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд хүнд хохирол учирч хохирогч нь бүсэлхийнээс доош мэдээгүй болж, байнгын хүний асаргаанд орсон. Хагалгаа хийлгэсэн боловч бүтэн 3 cap гаруйн хугацаанд хөлөнд нь мэдээ ороогүй. Энэ хугацаанд хохирогч Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхдаа биеийн эрүүл мэндийн байдлаас болж эмчийн заалтаар үр хөндүүлсэн.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр Л.******* өөрийнхөө буруутай үйлдэлд огт гэмшсэн байдалгүй миний буруу гэсэн үгийг дээгүүр харан хэлж байсан. Өмгөөлөгч миний бие “Та хохирогчоос уучлалт гуйсан уу” гэж асуухад уучлал гуйгаагүй гэдгээ хэлсэн. Хохирлыг мөнгө 1644558 төгрөгийг хэрэг шалгагдаж байх хугацаанд төлсөн байсан.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Энхбат нь шүүгдэгч Л.*******аас гаргуулах 5000000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хувааж төлөх талаар саналаа хэлсэн нь гэмтэж үлдсэн хохирогчийг дэндүү басамжилан доромжилсон үйлдэл болсон. Мөн Л.******* нь оюутан тул хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээж аваагүй нь зөв шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь хохирол төлбөрөө төлөөгүй, хийсэн хэрэгтээ үнэлэлт дүгнэлт өгч гэм буруугаа ухамсарлаж чадахгүй байгаа хүнийг нийгмээс тусгаарлаж ялыг нь эдлүүлэх нь зүйтэй юм. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтэж, эмчийн заалтаар үр хөндүүлсэн хүний санаа ямар хэмжээнд хохирсон болох нь ойлгомжтой. Сэтгэл санааны хохирол гаргахад баримт шаардах нь өрөөсгөл ойлголт юм. Хүний сэтгэл санаанд учирсан хохирлыг баримтаар хэмжиж болохгүй. Сэтгэл санааны хохиролд шүүхийн шийдсэнээс илүү мөнгө гаргуулах бүрэн боломжтой байсан гэжээ.

Хохирогч Б.*******ас гаргасан давж заалдсан гомдолд: Л ******* нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч надад хүнд хохирол учирч би хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан.

 Би өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлээс болж бусдын асаргаанд орж, бүсэлхийнээс доош мэдээгүй болж өөрөө алхаж гишгэж чадахгүй, тэргэнцэрийн тусламжтайгаар үйлдэл хийдэг болсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 67400922 төгрөг нэхэмжилсэн. Л.*******ы зүгээс мөрдөн байцаалтын шатанд 1644558 төгрөг, хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэний дараа 1000000 төгрөгийг төлсөн.

Анхан шатны шүүх миний нэхэмжилсэн 7400922 төгрөгөөс Хаан фарм эмийн сангаас эм, тариа худалдаж авсан 942700 төгрөг, хадгаламжаа цуцалж эмчилгээнд зарцуулсан 533655 төгрөгийг тус тус хасч тооцсонд гомдолтой байна. Учир нь Хаан фарм эмийн сангаас 2 удаа 942700 төгрөгийн эм тариа худалдаж авсан бөгөөд тариа нь ховор олдоцтой тул маргааш нь дахин худалдаж авсан.

Анхан шатны шүүх миний сэтгэл санааны хохиролд 5000000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь хохирогчийн эмчилгээ, сувилгаанд тус нэмэр болсон зөв зүйтэй шийдвэр болсон.

Одоогоор БНХАУлсад явж эмчлүүлэхэд 58000000 төгрөг зайлшгүй шаардлагатай байна. Би ээж, ахын хамт амьдардаг бөгөөд манай ам бүлд хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Зөвхөн ээж Б.*******ийнхээ тэтгэврийн хэдэн төгрөгөөр амь зуудаг.

 Миний бие осолд орох үедээ 2 сартай жирэмсэн байсан бөгөөд өөрөө эрүүл мэндээрээ хохирч суугаа болсон, өөрөө бие засч чадахгуй, хүний асаргаанд орсон, дээр нь үр хүүхдээ алдсан.

Иймд анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 67400922 төгрөгийг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтэндээ: Л.******* нь зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Уянгын биед хүнд гэмтэл учруулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч талуудын гаргасан гомдлуудыг үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлнэ гэж хуулинд заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар сэтгэл санааны хохирол төлүүлэх эрхтэй. Л.******* би 80 км цагийн хурдтай явсан гэж мэдүүлдэг боловч энэ нь мөрдөн байцаалтын шатанд няцаагддаг ба шороон зам дээр 100 км хурдтай явж байхад хохирогч Б.*******, П.Сарантуяа нар удаа дараа хурдаа хасахыг шаардахад Л.******* шороон зам дээр хурдан явахгүй бол донсолгоо дарагддаггүй гэж хурдаа хасаагүй явсан байдаг. Л.******* Б.Уянгыг өөрөө авч явсан. Шүүгдэгч нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй хохирол төлбөрөө тохиролцоогүй гэж үзэж байна. Өнөөдөр хохирогч ямар байдалтай байгааг харах хэрэгтэй.  Анхан шатны шүүх хуралдаан маш удаан хугацаагаар үргэлжилж дунд нь завсарлага авч байсан. Түүнээс хойш хохирогчийн биеийн байдал муудсан, хатангаршил  явагдаж жижигхэн болсон байна. Цаг хугацаа өнгөрөх тусам эмчилгээ авах нь багасах учраас хохирол төлбөрөө яаралтай бүрэн барагдуулж, эмчилгээг хурдан хийлгэх шаардлагатай. Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирол төлбөрөө бүрэн барагдуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаад оролцсон хохирогчоос гаргасан тайлбартаа: Хохирлоо түргэн барагдуулж өгөөч ээ. Надад үнэхээр хэцүү байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчээс гаргасан тайлбартаа: Би хоёр хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг. Энэ ослоос болоод миний хүүхэд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохироод байна. Одоо миний хүүхэд бөгсөн бие нь мэдээгүй, хоёр хөл нь миний гарын шуу шиг болтлоо нарийхан болж хатаад байгаа. Нуруундаа 8 шрүп, 2 багана тавиулсан, өтгөн хатна, байнгын пампорстой хүний асаргаанд байдаг. Би теарт 25 жил бүжигчинээр ажиллаад тэтгэвэрт гарсан. Одоо 310000 төгрөгний тэтгэвэр авдаг. Өөр ямар ч орлого байхгүй. Бид хоёрт санхүүгийн байдал маш хүнд байна. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө үргэлж санаа зовоод би  өөрөө одоо зүрхний өвчтэй болоод байна. Эрүүл байсан хүүхдийг минь авч явж эрэмдэг зэрэмдэг болгочхоод яаж сэтгэл санаагаар хохироогүй гэж хэлж чадаж байна. Энэ их хохирлыг бид яах юм бэ? Хүүхдээ ийм өрөвдөлтэй хүний гарт орсонд үнэхээр их гомдолтой байна. Миний охин 2 сартай жирэмсэн байсан энэ ослоос болоод үр хөндүүлсэн. Үр удмаараа үлдээж чадахгүй болсонд харамсаж байна. Миний охин бүх насаараа хохирч байна. Хөл дээр нь босгох гэж бүх чадлаараа би зүтгэж байна. Охин минь сэтгэл санаагаар унаад үнэхээр хэцүү байна. Би хүний хүүхдийн мууг үзэх гээд шоронд оруулах гээд байгаа юм бишээ. Охинд маань учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хүссэн. Өнөөдөр 2600000 төгрөг өгсөн. Мөнгө  л яриад байх юм. Охиныг минь хурдан эмчлүүлэх талаар яагаад огт ярихгүй байгаа юм бэ. Цаг хугацааг их алдаж байгааг мэдэж л байгаа ш дээ. Эрүүл ухаанаар хандаж үзээчээ. Бодит байдал хүнд байна. Охиныг минь эрүүл саруул болоосой гэж бодож байгаа зүйл огт алга байна. Мөнгийг нь хасуулаад өгөөч, төлөх хугацааг хойшлуулаад өгөөч гэж яриад байх юм. Одоо охин минь уйлахаар таталт өгдөг, тархи толгой байнга өвдөж яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нийт эмчилгээнд нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасаж тооцсонд гомдолтой байгаа. Эмийн сангаас авсан эм тарианы үнэ 900000 төгрөгийн баримтыг нь давхардсан гэж хассан. Шүүгдэгч шүүх хуралдаанаас 3 хоногийн өмнө 68 сая төгрөгийг нэхэмжилсэн гээд байх юм. Хэрэг гараад 4 сар гаруй хугацаа өнгөрч байхад хохирогчид нийт 2644558 төгрөгийг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж хохирол төлбөрийг төлөх хугацаа хангалттай өнгөрсөн. Хүний охин хүүхдийг ийм эрэмдэг зэрэмдэг болгочхоод хохирлын мөнгөө төлөхгүй байгаа нь хүн чанаргүй байдлыг харуулж байна. Шүүхээс бодитой хохирлыг гаргаад өгсөн. Сэтгэл санааны хохирлыг үндэслэлгүй гэж үзэж байгаад гайхаж байна. Ийм зовлон амсаж өвчтэй болчихоод сэтгэл санаагаар хохирохгүй байхын аргагүй. Манай эцэг эхийг давхар дарамтад оруулсан гэж шүүгдэгч тайрбарлаж байгаа нь өөрийнх нь буруугаас болж хийсэн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг өөрөө хариуцаж төлөх үүрэгтэй. Ө.******* машинаа намайг үнэмлэхгүй байсныг мэдсээр байж аваад ир гэж гуйсан мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх сэтгэл санааны хохирлын 60 сая төгрөг нэхэмжилснээс 5 сая төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Хохирогчийн эрүүл мэнд болон сэтгэл санааны байдлыг харгалзан үзэж 5 сая төгрөгөөс илүү шийдээд өгвөл ядарсан энэ гэр бүлд тус нэмэр болох байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хоёр хөл нь мэдээгүй монголд эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх гэхээр санхүүгийн ямар ч боломжгүй, ээжийнхээ тэтгэврээс өөр орлогогүй. Хохирлын мөнгийг яаралтай төлүүлж, эмчилгээгээ яаралтай хийлгэх шаардлагатай байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчээс гаргасан тайлбартаа: Цагдаа Ө.******* машин аваад ир гэсний дагуу би машиныг нь унаж явсан. Машиныг хулгайлж унаж яваагүй. Б.******* бид хоёр сайн найзууд байсан. Хөдөө явахдаа би Б.******* руу залгаж Б.******* болон найз П.Сарантуяаг хамт явъя гэсэн. Осол болно гэж бодоогүй. Гэтэл осол болж Б.*******д хүнд гэмтэл учирсан. Б.Уянгыг хотод эмчлүүлж байхад би аавтайгаа очиж эргэж эмчилгээний мөнгө төгрөг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр Б.******* сэтгэл санааны болон эмчилгээний зардал 68 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Гэтэл шүүгч яг одоо мөнгөө өгөхийг надаас шаардсан. Надад тийм их мөнгө байгаагүй учраас шүүхээс тогтоосон мөнгийг өгнө гэж хэлсэн. Шүүгч үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, хохирол төлбөрөө барагдуулаагүй гэсэн үндэслэлээр хоёр жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Одоо шүүхээс тогтоосон хохирогчид өгөх мөнгийг төлнө гэдгээ илэрхийлж байна. Надад хорих ял битгий өгөөч ээ гэж хүсч байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Энэ гэмт хэргээс болж 19 настай залуухан охин хүнд гэмтэл авсан талаар дахин дахин хурлаар ярихад хэцүү байна. Миний үйлчлүүлэгч хорих ял авч ирээдүйн асуудал нь хүнд болсон учраас арга буюу гомдол гаргаж хэлэлцүүлэх боллоо. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг шүүх буруу ойлгож хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг буруу ойлгосон. Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол нөхөн төлбөрийг тэнсэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хуулинд заасан. Гэтэл шүүх заавал хохирогчтой гэрээ байгуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэж буруу ойлгосноос болж миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулж түүнийг биечлэн эдлүүлэх болсон. Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахдаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзээгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ миний үйлчлүүлэгч 18 настай байсан. Санамсар болгоомжгүй байдлаас болж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульд сурдаг. Одоогоор насанд хүрсэн гэж байгаа боловч Эрүүгийн хуулинд зааснаар 21 насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд учраас энэ хүүхдийн насны байдлыг ойлгох болов уу. Олон улсын хүний эрхийн пактад зааснаар сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг нэхэмжилсэн талаар давж заалдах гомдолдоо тодорхой тусгасан. Хохирогч талд хохирол төлбөр төлөхгүй гэж маргасан зүйл байхгүй. Хохирлоо бодитой гаргаж ирээд шүүх тогтоочих юм бол заасан хугацаанд нь төлнө. Миний үйлчлүүлэгч 5 сая төгрөгийг нэг жилийн хугацаанд төлнө гэсэн нь өөрийн санхүүгийн боломжоо тооцоод хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх нь ойлгомжтой учраас энэ 5 сая төгрөгний хажуугаар зөндөө мөнгө нэхэмжлэгдэх учраас орлогогүй, санхүүгийн байдлаа харгалзан 1 жилийн хугацааг хэлсэн. Заавал нэг жил гэхгүй шүүгч боломжит хугацааг хэлсэн тохиолдолд төлөхөө илэрхийлсэн байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байдал тус тус тогтоогдов. Үүнд:

           Хавтас хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан Л.*******ы иргэний үнэмлэхний хуулбараас үзэхэд шүүгдэгч нь 1998 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн гэж тэмдэглэгдсэн ба гэмт хэрэг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарах үед Л.******* нь 18 настай байсан байхаар харагдаж байхад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр /хх-1/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөн байцаалтын явцад хэрэгжүүлээгүй, байхад анхан шатны шүүхээс өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу явуулсан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

          Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ гэж заасан байхад энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн Ө.*******ыг хохирогчоор тогтоох тухай шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрх бүхий этгээдүүдийн зүгээс гаргалгүйгээр иргэний нэхэмжлэгчээр тогтоож хохирлын асуудлыг шийдсэн шийдвэрийг гаргасан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Анхан шатны шүүх гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээдэд хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх эсэх талаар зохих дүгнэлт хийгээгүй байна. 

              Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

            Давж заалдах шатны шүүх Л.*******д холбогдох хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.*******д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                               Х.ГЭРЭЛМАА