| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01626/И |
| Дугаар | 01504 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 01504
2016 оны 12 сарын 07 өдөр Дугаар 142/ШШ2016/01504 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн 27 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн 02-01 тоотод оршин суух Боржигон овгийн Бат-Эрдэнийн Батзоригийн /регистрийн дугаар РЮ89050916/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн 30 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Элит хотхоны 159а-22 тоотод оршин суух Монгол овгийн Янжиндуламын Жавзанпагмад /регистрийн дугаар ФМ86031406/ холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Я.Жавзанпагма, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Я.Жавзанпагматай 2008 онд танилцаж 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж 2009 оны 05 дугаар сарын 28-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Анужин төрсөн. Миний бие хотод ажилтай, эхнэр маань Эрдэнэтэд хүүхдээ хардаг байсан ба хоёр талд удаан хугацаагаар ажиллаж амьдарсны улмаас сэтгэл санаа, ааш зан таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул салах шийдвэрт хүрсэн. Бид салаад 4 жил болж байгаа, мөн тус тусдаа өөр өөр хүнтэй хамтран хамтран амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулж, ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр охин Анужинг эх Жавзанпагмын асрамжинд үлдээхээр шийдсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд тэтгэмж тэтгэлэг тогтоолгохгүй байхаар бид тохирсон” гэжээ.
Хариуцагч Я.Жавзанпагма нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид гэрлэж байсан нь үнэн бөгөөд 4 жилийн өмнөөс таарч тохирохгүйн улмаас салж тус тусдаа амьдралтай болсон. Охин Анужингаа би асран хамгаалж амьдрах тохиролцоонд хүрсэн. Эцгээс нь ямар нэгэн тэтгэмж тогтоолгохгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батзориг нь хариуцагч Я.Жазанпагмад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэрлэгчид нь 2009 онд гэр бүл болсон нь гэрлэлтийн Г-506 дугаар гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2009 онд 12 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Анужин төрсөн одоо эхийн асрамжинд байж, эрүүл бойжиж, сурч байгаа нь болох нь зохигчидын тайлбар, ам бүлийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, “Учралт баяр” өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, 14 дүгээр сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа, бие биенээ хүндэтгэн үзэж эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.
Охин Б.Анужинг өөрийн асрамжинд авна гэсэн хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргахгүй байгааг, мөн хүүхдүүдийн санал, Б.Анужин нь эхийн асрамжинд эрүүл бойжиж, сурч хүмүүжиж байгаа зэргийг харгалзан үзэж Б.Анужинг эхийн асрамжинд үлдээж, хариуцагч нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан, мөн хариуцагч нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг хариуцагч Я.Жавзанпагмын нэрээр төлсөн байх тул хариуцагчаас тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгохгүйгээр төлсөн дүнг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батзориг, хариуцагч Я.Жавзанпагма нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Анужинг эх Я.Жавзанпагмын асрамжинд үлдээсүгэй.
3.Хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчдын дунд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА