Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1361

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Х.Нарангуа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Торгууд овогт Баярсайханы Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0330 31240 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 5-3 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн хүү 9 настай, эрэгтэй Н.Гэрэлт-Одыг “зөрүүдэллээ” гэх шалтгаанаар хоолны хутгуураар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээрж байж”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О мэдүүлэхдээ: Насанд хүрээгүй хохирогчтой сүүлд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр уулзсан. Түүнээс өмнө 8 дугаар хорооны хамтарсан баг удаа дараа гэрт нь очиж уулзаж хараа хяналт тавьж ажилласан. Насанд хүрээгүй хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа, одоо хичээлдээ явж байгаа. Өөрөөр биеийн байдал муудсан зүйл болон сэтгэл санааны хохирол байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Н-ийг хүүхэд хүмүүжлийн эерэг арга хэмжээний сургалтад хамруулах хүсэлтэй байна гэв.

 

 Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ хүүхэд Гэрэлт-Одыг халуун наранд гаргахгүй гээд хүүхдийнхээ толгой руу хоол хутгадаг модон хутгуур шидэж толгойг нь хагалсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0330 31240 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:

 

  1. Насанд хүрээгүй хохирогч Н.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны

8 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 5-3 тоотод ээж Н-, дүү Амирлан нарын хамт байж байгаад би ээжид “гадаа гарч тоглоно” гэж хэлэхэд “үгүй, гаргахгүй” гэхээр нь зөрүүдэлж уурыг нь хүргэсэн чинь ээж ширээн дээр байсан хоолны хутгуур авч шидээд миний толгойг оносон. Тэгээд миний толгойноос цус гарсан. Ээж миний толгой руу ус асгаж, цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэгж байтал гаднаас цагдаа ах нар ороод ирсэн. Тэгээд намайг авч яваад хамгаалах байранд 12 хоног байлгасан. Тэгж байгаад ээж намайг авсан. Одоо миний толгой зүгээр болчихсон. ...Миний ээж Н архи уучихсан согтуу байхдаа миний толгой руу хоолны хутгуур шидэж толгой хагаласан. ...Тухайн үед ээж Н-, дүү Амирлан нар байсан. Өөр хүн байгаагүй. ...Ээж гэртээ ганцаараа 2 шил жижи архи уусан. Тэгээд согтчихсон. ...Намайг өмнө нь зоддоггүй байсан. Харин хичээл хий гэж загнадаг. Амирланг зоддоггүй. ...Ээжтэйгээ хамт баймаар байна. Ээж намайг дахиж зодохгүй гэж амласан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

  1. Гэрч Б.Өнөрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 02

ны өдөр өгсөн:

            “... Би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өглөө гаднаас гэрт орж ирсэн. Гэрт эгч Н-, түүний хүүхэд Гэрэлт-Од, Амирлан нар унтаж байсан. Би унтаж байгаад 11 цагийн орчим ажилдаа явсан. Орой 20 цагийн орчим ажлаа тараад иртэл эгч Н цагдаад саатуулагдчихсан байсан. Юу болсон талаар эгчээс асуухад “Гэрэлт-Од гадаа гарна гэхээр нь гаргахгүй гэж хэлсэн чинь уйлаад гэрээс гарах гээд байхаар нь хоолны модон хутгуур аваад шидчихсэн чинь толгойг нь хагалахад цагдаа нар ирээд саатуулчихлаа” гэж хэлсэн. Н.Гэрэлт-Од нь миний төрсөн эгч Б.Н-ийн ганц хүүхэд байгаа юм. Өмнө нь Н эгч хүүхдээ зодож цохиж байгаагүй. Түүний хүүхэд Гэрэлт-Од, миний хүүхэд Амирлан бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн бянцагааны 5-3 тоотод хамт амьдардаг юм.

Б.Н эгч бид хоёр эхээс гурвуулаа, дээрээ нэг ахтай. 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, Яармагийн 60 дугаар сургууль төгссөн. Нөхөр байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд нуруу нь өвдөж байгаа. Гэхдээ ямар нэгэн эмнэлэг, эмч нарын хяналтад байдаггүй гэртээ байдаг юм. Эгчид өөрийн гэсэн орлого байхгүй. Би ажил хийж сард дунджаар 700.000 төгрөгийн цалин авдаг. Эгч болохоор өөрийн хүүхэд Гэрэлт-Од, миний хүүхэд Амирланг гэртээ хардаг юм. ...Миний мэдэхээр дуу муутай, даруухан, найз нөхөд гэх юм байхгүй, архи, тамхи хааяа хэрэглэнэ. Гэхдээ архийг хэтрүүлэи хэрэглэдэггүй. Архи уучихаараа унтаад өгдөг. Гэр орны ажил сайн хийдэг, гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

3. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “... Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 5-3 тоотод 20 жил амьдарч байна. Эцэг, эх нас барчихсан. Дүү Өнөрмаа, түүний хүүхэд Амирлан, миний хүүхэд Гэрэлт-Од нарын хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би ганцаараа гэртээ 0.33 литрийн архи уугаад байж байтал хүүхэд Гэрэлт-Од гадаа гарч тоглоно гэхээр нь үгүй гэсэн чинь би гарна, тоглоно гээд үгэнд орохгүй болохоор нь би хоол хутгадаг модон хутгуураар толгой руу нь айлгах санаатай шидчихсэн чинь толгойг нь оносон. Тэгээд толгойноос нь цус гараад хагарсан. Тэгсэн чинь урд айлын хүүхэд Солонго цагдаад дуудлага өгсөн. Би буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна, миний буруу. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8265 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Толгойн орой хэсэгт 1x0.2 см урт зах ирмэг тэгш бус, хүрэн бор өнгийн тав тогтсон шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:                                                                            

“... -Н. Гэрэлт-Одын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

            5. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 18-22 дугаар тал), хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 24-33 дугаар тал),

 

            6. Насанд хүрээгүй хохирогч Н.Гэрэлт-Одын нас тоолсон тэмдэглэл /гэмт хэрэг үйлдэгдэх үед 9 нас 1 сар 8 хоногтой байсан/ (хавтаст хэргийн 34 дүгээр тал), төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох  баримтууд:

            7. Гэрч Д.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

            “... 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.Н манай өрхийн эмнэлэгт орж ирж үзүүлсэн. Ууц нуруугаар өвдөн, нуруу нь татсан гэх оноштойгоор үзлэг хийхэд дээрх зовиур нь 3 сарын өмнөөс эхэлсэн. ...Манай эмнэлэгт нарийн шинжилгээ хийдэггүй болохоор би хоёрдугаар шатлалын эмнэлэгт, мөн нурууны зураг авахуулах, мэдрэлийн эмч, уламжлалтын эмчид үзүүлэх талаар зөвлөгөө өгсөн. Б.Н-ийн биед үзлэг болон зовиурын талаар яриулахад гэмтлийн гаралтай биш, амьдралын хэв маяг, эрхэлж байсан ажилтай нь холбоотойгоор удаан хугацаанд зовиуртай явж байгаад хүндэрсэн байх магадлалтай тул нуруу суулт, булчингийн чангарал байж болзошгүй. Би эмчлүүлэгчийн карт дээр цаашид дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх, мөн биед үүсэж буй зовиур, эхний урьдчилсан онош болох L1-L-5-ын хооронд нурууны рентгэн зураг авахуулах шаардлагатай гэж бичсэн. Мэдрэлийн болон уламжлалтын эмчид үзүүлж онош баталгаажуулах шаардлагатай. Мөн булчин суллах эмийн эмчилгээ хийхээр заасан бичиглэл юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дугаар тал),

           

            8. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

            “... Миний өвчин 2013 оноос хойш хааяа хааяа өвдөж байгаад өвчин намдаах эм уугаад зүгээр болчихдог. Ямар нэгэн эмнэлэг, эмчийн хяналтад байдаггүй. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн эмч Нямсүрэн гэдэг эмчид үзүүлэхэд уламжлалт болон мэдрэлийн эмчид үзүүлэх, рентгэн зураг авахуулах шаардлагатай юм байна гэж хэлсэн. Мөн зөвлөгөө өгсөн. Онош нь нурууны мэдрэлийн судас дарагдсан юм шиг байна, нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн. Би дүүргийн мэдрэлийн эмч, уламжлалтын эмчид үзүүлэх гэсэн боловч эрүүл мэндийн даатгал хийгдээгүй, төлөөгүй гээд эмчид үзүүлэх цаг авч болохгүй байгаа юм. Би ажил төрөлгүй, ажил хийж нийгмийн даатгал төлж байгаагүй болохоор эрүүл мэндийн даатгал төлж байгаад эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байгаа. 10 гаруй жилийн өмнө барилга дээр хүнд юм өргөж байгаад нуруугаа гэмтээсэн. Эмчилгээ хийлгэхгүй тоохгүй явж байгаад өдийг хүрсэн юм. Одоогоор хүнд ажил хөдөлмөр хийж чадахгүй. Хүнд юм өргөхгүйгээр ажил хийж чадна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дугаар тал),

 

9. Шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр тал), түүний нэр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), амбулатороор эмчлүүлэгсдийн картны хуулбар (хавтаст хэргийн 102-103 дугаар тал), Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 104 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Н нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 5-3 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн хүү 9 настай, эрэгтэй Н.Гэрэлт-Одыг “зөрүүдэллээ” гэх шалтгаанаар хоолны хутгуураар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээрж байж”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Н нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар магаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 5-3 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн хүү 9 настай, эрэгтэй Н.Гэрэлт-Одыг “зөрүүдэллээ” гэх шалтгаанаар хоолны хутгуураар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээрж байж”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

-насанд хүрээгүй хохирогч Н.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 5-3 тоотод ээж Н-, дүү Амирлан нарын хамт байж байгаад би ээжид “гадаа гарч тоглоно” гэж хэлэхэд “үгүй, гаргахгүй” гэхээр нь зөрүүдэлж уурыг нь хүргэсэн чинь ээж ширээн дээр байсан хоолны хутгуур авч шидээд миний толгойг оносон. Тэгээд миний толгойноос цус гарсан. Ээж миний толгой руу ус асгаж, цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэгж байтал гаднаас цагдаа ах нар ороод ирсэн. Тэгээд намайг авч яваад хамгаалах байранд 12 хоног байлгасан. Тэгж байгаад ээж намайг авсан. Одоо миний толгой зүгээр болчихсон. ...Миний ээж Н архи уучихсан согтуу байхдаа миний толгой руу хоолны хутгуур шидэж толгой хагаласан. ...Тухайн үед ээж Н-, дүү Амирлан нар байсан. Өөр хүн байгаагүй. ...Ээж гэртээ ганцаараа 2 шил жижи архи уусан. Тэгээд согтчихсон. ...Намайг өмнө нь зоддоггүй байсан. Харин хичээл хий гэж загнадаг. Амирланг зоддоггүй. ...Ээжтэйгээ хамт баймаар байна. Ээж намайг дахиж зодохгүй гэж амласан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

-гэрч Б.Өнөрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

            “... Би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өглөө гаднаас гэрт орж ирсэн. Гэрт эгч Н-, түүний хүүхэд Гэрэлт-Од, Амирлан нар унтаж байсан. Би унтаж байгаад 11 цагийн орчим ажилдаа явсан. Орой 20 цагийн орчим ажлаа тараад иртэл эгч Н цагдаад саатуулагдчихсан байсан. Юу болсон талаар эгчээс асуухад “Гэрэлт-Од гадаа гарна гэхээр нь гаргахгүй гэж хэлсэн чинь уйлаад гэрээс гарах гээд байхаар нь хоолны модон хутгуур аваад шидчихсэн чинь толгойг нь хагалахад цагдаа нар ирээд саатуулчихлаа” гэж хэлсэн. Н.Гэрэлт-Од нь миний төрсөн эгч Б.Н-ийн ганц хүүхэд байгаа юм. Өмнө нь Н эгч хүүхдээ зодож цохиж байгаагүй. Түүний хүүхэд Гэрэлт-Од, миний хүүхэд Амирлан бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн бянцагааны 5-3 тоотод хамт амьдардаг юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

-шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “... Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 5-3 тоотод 20 жил амьдарч байна. Эцэг, эх нас барчихсан. Дүү Өнөрмаа, түүний хүүхэд Амирлан, миний хүүхэд Гэрэлт-Од нарын хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би ганцаараа гэртээ 0.33 литрийн архи уугаад байж байтал хүүхэд Гэрэлт-Од гадаа гарч тоглоно гэхээр нь үгүй гэсэн чинь би гарна, тоглоно гээд үгэнд орохгүй болохоор нь би хоол хутгадаг модон хутгуураар толгой руу нь айлгах санаатай шидчихсэн чинь толгойг нь оносон. Тэгээд толгойноос нь цус гараад хагарсан. Тэгсэн чинь урд айлын хүүхэд Солонго цагдаад дуудлага өгсөн. Би буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна, миний буруу. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),

 

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8265 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Толгойн орой хэсэгт 1x0.2 см урт зах ирмэг тэгш бус, хүрэн бор өнгийн тав тогтсон шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:                                                                            

“... -Н. Гэрэлт-Одын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

-Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 18-22 дугаар тал), хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 24-33 дугаар тал), насанд хүрээгүй хохирогч Н.Гэрэлт-Одын нас тоолсон тэмдэглэл /гэмт хэрэг үйлдэгдэх үед 9 нас 1 сар 8 хоногтой байсан/ (хавтаст хэргийн 34 дүгээр тал), төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Бага насны хүүхэд гэдэгт хууль зүйн хувьд 14-өөс доош насны этгээдийг хамааруулан ойлгох бөгөөд хохирогч Н.Гэрэлт-Од нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн байх ба, гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд 9 нас 1 сар 8 хоногтой буюу бага насны хүүхэд байсан болох нь түүний нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

 Шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.Гэрэлт-Одын бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Б.Н нь насанд хүрээгүй хохирогч Н.Гэрэлт-Одын бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Б.Н нь өмгөөлөлдөө улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн түүний хувийн байдал буюу биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б--н Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА