Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 10

 

 

2019        12         25                                    2020/ШЦТ/10

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;

хохирогч: Э.Бэхбат;

шүүгдэгч: Л.Э, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны офицер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  , урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарн 04-ний өдрийн 1068 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 capын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Л.Э

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бэхбатад машин зарна гэж хуурч 11.000.000 төгрөг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ:  “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би өөрөө Э.Бэхбаттай уулзаж байсан. Би автомашин зарж авсан мөнгөө Дүүрэнжаргал гэх хүнд өгсөн юм. Дүүрэнжаргалд өгсөн мөнгөө авч чадаагүйн улмаас ийм асуудалд орсон. М.Түвшинтөр мөн адил Дүүрэнжаргалд залилуулсан гэж хэлсэн. Гэхдээ нэгэнт би өөрөө ийм асуудал үүсгэсэн тул Э.Бэхбатад төлбөрийг нь өгөх ёстой...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бэхбат мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр

сарын 11-ний өдөр М.Түвшинтөр нь “машин зарна” гэхээр нь уулзсан юм. Би 14.000.000 төгрөгөөр “Тоёота Алпард” маркийн 09-60 УНС улсын дугаартай автомашиныг худалдаж авсан. Ингээд М.Түвшинтөрийн данс руу мөнгөө хийсэн. Тухайн үед автомашин зээлийн барьцаанд байгааг мэдэж байсан. Надад 3-5 хоногт нэр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Ингээд нэр шилжүүлэхийг 7 хоног хүлээсэн. Гэтэл ерөөсөө энэ талаар бүтэлтэй юм болоогүй. Ингээд автомашиныг хураалгасан. Өгсөн мөнгөнөөсөө 5.100.000 төгрөгийг Л.Эаас авсан. Одоо 5.900.000 төгрөгөө авмаар байна. М.Түвшинтөрөөс 3.000.000 төгрөгөө авсан...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бэхбатын мэдүүлэг /хх-ийн 20-22/, гэрч М.Түвшинтөр /хх-ийн 27/, гэрч Б.Гантөмөр /хх-ийн 31/ нарын мэдүүлэг, Л.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, хохирогч Э.Бэхбатын “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 8-9/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60/, иргэний хариуцагч М.Түвшинтөрийн “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 77-83/, “Тайгын булаг авто” ХХК-ийн зээлийн гэрээ /хх-ийн 68-70/, Л.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-43, 51-52, 55/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн  Э.Бэхбатад “Тоёота Алпард” маркийн автомашинийг худалдаж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө” хэмээн хуурч 11.000.000 төгрөгийг нь залилан авсан үйл баримт баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

            хохирогч Э.Бэхбатын /хх-ийн 20-22/: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зүс таних Түвшинтөр гэх хүнээс 09-60 УНС улсын дугаартай "Тоёота Алфард" маркийн тээврийн хэрэгслийг 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг худалдан авах үед тээврийн хэрэгсэл нь “Сайн” ломбардны нэр дээр байсан. Худалдан авснаас хойш 5 хоногийн дотор нэрийг нь шилжүүлэн өгнө гэж тохиролцон авсан. Тэгээд худалдан авснаас хойш 5 хоногийн дараа “нэрээ шилжүүлье” гэж хэлэхэд “дараа 7 хоногт яг болно, одоогоор мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Нэрээ шилжүүлэн авч чадалгүй байж байтал 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 дүгээр хорооллын автобусны буудлын хажууд зогсоолд машинаа байрлуулаад хүнтэй уулзаад ирэхэд машин алга болсон байсан. Би ачилтын компани ачсан юм болов уу гэж бодоод залгаж асуутал ямар ч ачилтын компани тус тээврийн хэрэгслийг ачаагүй байсан. Би Түвшинтөрөөс “машин алга болчихлоо, ачаад явчихлаа гэж хэлэхэд “”Сайн” ломбардны эдийн засагчаас асууя” гэж хэлсэн. Би “Сайн” ломбардтай холбогдоод дотроос нь өөрийн эд зүйлээ авсан. Энэ тухай Түвшинтөрд хэлэхэд “2019 оны 03 дугаар сарын 18-наас 22-ны хооронд зохицуулаад өгье” гэж хэлсэн. 22-ны өдөр уулзаад машин авсан гэж баримт үлдээе гэж бодоод нотариатаар баталгаажуулсан. Одоог хүртэл мөнгөө ч, машинаа ч авч чадахгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч М.Түвшинтөрийн /хх-ийн 27/: “...Анх Л.Э надаас автомашиныг “11.000.000 төгрөгөөр зараад өг” гэж гуйсан. Би түүний хэлсэн үнэ дээр өөрийн зүгээс дундын зуучлалын хөлсийг нэмж 14.000.000 төгрөгөөр Э.Бэхбат гэх хүнд зарсан. ...Э.Бэхбат над руу 11.000.000 төгрөгийг шилжүүлэхэд Л.Эт Метромоллын “ХААН” банкны АТМ-ээс бэлнээр авч өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Гантөмөрийн /хх-ийн 31/: “...иргэн Л.Э 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулснаас хойш зээл төлөлтийг нэг ч удаа хийгээгүй. Уг автомашиныг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учраас 2018 оны 03 дугаар сард хураан авсан. Одоо уг автомашин “Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшилд байгаа” гэх мэдүүлгээр,  

           

            Л.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 38/: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр М.Түвшинтөр гэх автомашины ченжтэй амаар тохиролцож, өөрийн эзэмшлийн 09-60 УНС улсын дугаартай “Альфард” маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр заруулсан. М.Түвшинтөр надад 10.000.000 төгрөгийг бэлнээр гарган өгч 900.000 төгрөгийг миний нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 461016057 дугаартай данс руу шилжүүлсэн. Хэдэн хоногийн дараа мөн энэ данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Би М.Түвшинтөрөөс нийт 11.000.000 төгрөг авсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 09-60 УНС улсын дугаартай “Альфард” маркийн автомашинаа барьцаалж, "Тайгын булаг авто” ХХК-аас 9.000.000 төгрөгийн зээлийг авсан байсан.  Тэр зээлээсээ нэг ч төлөлт хийж чадаагүй байхдаа машинаа зарсан юм. Би Э.Бэхбат гэх хүнд машинаа зарснаас хойш ямар ч орлогогүй болоод “Тайгын булаг авто” ХХК-аас авсан зээлээ төлж чадаагүй. ...Миний нэр дээрх байсан 09-60 УНС улсын дугаартай “Альфард” маркийн автомашиныг 2019 оны 03 дугаар сард хурааж авсан талаар сонссон. ...Э.Бэхбатад учирсан хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулах болно. ...Миний бодсон зүйл бүтээгүй, ямар ч мөнгөгүй болоод зээлээ чөлөөлж өгч чадаагүй. Тийм учраас 2019 оны 03 дугаар сард уг тээврийн хэрэгслийг “Тайгын булаг авто” ХХК-аас хурааж авсан байсан. Авсан зээлээ буцааж төлөх боломжгүй болсон талаараа мэдэгдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр болон “Тайгын булаг авто” ХХК-ийн зээлийн гэрээ /хх-ийн 68-70/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь Л.Эын үг, үйлдэлд хууртагдан эд хөрөнгийг өөрөө шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчийн худалдан авсан автомашиныг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учраас хураан авсан, хохирогчийн автомашин худалдан авахад төлсөн мөнгийг Л.Э авсан зэргийг гэрч нар мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү зээлийн барьцаанд буй тээврийн хэрэгслийг худалдахдаа автомашины өмчлөлийг нэр дээр нь шилжүүлэн өгнө гэж ташаа ойлголт өгч, төөрөгдүүлэн, автомашинтай болох гэсэн  хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг зөвшөөрүүлэн мөнгөн хөрөнгийг нь авч, улмаар дээр өгсөн амлалтаа эс биелүүлэн өөрийн санхүүгийн талаарх үнэн бодит мэдээллийг нууж, хохирогчийн өгсөн мөнгөн хөрөнгийг өөртөө авч захиран зарцуулж буй Л.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Э-ын “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Э.Бэхбатад учирсан 11.000.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Л.Э 5.100.000 төгрөгийг нөхөн төлсөн болно. Иймд үлдэх 5.900.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Эаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хариуцагч М.Түвшинтөр 3.000.000 төгрөгийг хохирогч Э.Бэхбатад нөхөн төлсөн тул түүнээс нэмж гаргуулах төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Л.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Э-аас нийт 5.900.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Э.Бэхбатад олгосугай.

 

6. Иргэний хариуцагч М.Түвшинтөр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч  нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ