| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0852/Э |
| Дугаар | 847 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 847
2019 8 05 2019/ШЦТ/847
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч С.Мөнхтулга,
хохирогч З.У,
шүүгдэгч П.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908032111092 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,
урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Пүрвээгийн У /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч П.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ авто худалдааны төв”-ийн орчим иргэн З.Уыг зодож, эрүүл мэндэд нь хамрын шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул одоо мэдүүлэг өгөхгүй. Би гараараа 2 удаа цохисон, өшиглөөгүй. 2 пиво уусан байсан. Хохирогч бид 2-ын хооронд маргаан болоогүй. Хохиролд 600.000 төгрөг өгсөн. Миний буруу, дахин хэрэг хийхгүй” гэв.
Хохирогч З.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид салхинд гарахаар очсон. Цуг явсан хүмүүстэй шар айраг уусан. Одонтунгалаг бид 2 пиво аваад ирсэн чинь нөгөөдүүл дээр 2 эрэгтэй ирсэн байсан. Би очвол хэрүүл болох байх гээд Одонтунгалагийг явуулсан. Хохирогч Одонтунгалагийг өшиглөх гэхээр нь би очсон. Хамар луу цохиулсан, өшиглүүлсэн. Хохиролд 600.000 төгрөг бэлнээр авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шар царайтай залуу гэдэг нь У. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэж бодож байна” гэв.
Эрүүгийн 1908032111092 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч З.Уын: “2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр найзууд “хамт салхинд гаръя” гээд найз Одонтунгалаг, Нандиа, Тунгаа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шинэ” авто худалдааны төвийн хажууд тогтмол усны хажууд очсон. Бид нар тэндээ хонох гээд пиво ууж байсан. Би тамхинд найз Одонтунгалагийн хамт яваад ирэхэд хажууд зэргэлдээ сууж байсан 3 машинтай хүмүүсийн 2 залуу нь гартаа шилтэй архи, пиво барьж ирээд “танилцах гэсэн юм” гээд байсан. Бид нар танилцаад юм ярьж байгаад уур амьсгал эвгүй болоод байхаар нь Одонтунгалагийг аваад машиндаа суугаад “чи наад 2 залуудаа хэлээд явуулчих, би хэлбэл маргаан болох байх” гэхэд Одонтунгалаг машинаас буугаад очиж уулзсан. Удалгүй хоорондоо маргалдаад байх шиг байсан. Гэнэт хоорондоо барьцалдаад Одонтунгалагийг нэг залуу өшиглөх шиг болсон. Би машинаас бууж очоод Одонтунгалагийг татаж салгахад шар царайтай залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, би унасан. Би хальт нүднийхээ булангаар харахад тэр шар царайтай залуу миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-6/,
Гэрч Д.Оюунтуулын: “...Тэгээд машин янзлах гэхэд нэг түлхүүр дутаад Баагий, У 2 хажуу талд байсан хүмүүсээс түлхүүр авч ирээд янзалж дуусаад явах гэхэд Баагий, У 2 пиво авч очоод юм яриад суугаад байсан. Би “одоо явъя” гэхэд “та суучих” гээд цуг байсан эмэгтэй хүмүүс нь явуулахгүй байсан. ...Бүгд явахаар болоод Баагий, У хоёрыг авах гэхэд У тэнд байсан Одонтунгалагтай маргалдаж барьцалдаж байхад цаанаас нэг эрэгтэй ирээд Уыг цохиход оноогүй. Зөрүүлээд У тэр залууг нүүр лүү нь нэг удаа цохиод бужигнаад бид нар Уыг тэр залуугаас салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч Г.Нандин-Эрдэнийн: “2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр найз Гантунгалаг, Одонтунгалаг, У нарын хамт “Шинэ авто худалдааны төв”-ийн хажууд голын эрэг дээр очиж 2,5 литрийн хэмжээтэй пиво 6-7 ширхгийг хувааж ууж байгаад Одонтунгалаг, У хоёр “тамхи аваад ирнэ” гээд явсан. Тэр үед голын хажууд зэргэлдээ байсан машинтай хүмүүсийн 2 залуу ирж машины түлхүүр боолт асуугаад 12-н түлхүүр аваад явсан. Тухайн үед би их согтсон байсан. ...Нэг мэдэхэд Уын хамраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-10/,
Гэрч Б.Одонтунгалагийн: “2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр найз Гантунгалаг, Нандин-Эрдэнэ, У нарын хамт ...голын эрэг дээр очиж 2,5 литрийн хэмжээтэй пиво 6-7 ширхгийг Гантунгалаг, Нандин-эрдэнэ бид 3 уугаад би Уын хамт тамхинд явж ирээд сууж байхад танихгүй 2 залуу ирээд “түлхүүр өгөх гэсэн юм, баярлалаа” гэсэн. У бид 2 тамхи татаад машин дотор сууж байхад түлхүүр өгсөн танихгүй 2 залуу буцаж ирээд Нандин-Эрдэнэ, Гантунгалаг 2-той юм яриад байх шиг байсан. У “наад 2 залуугаа явуулахгүй бол маргаан болж магадгүй, би очвол муудалцах байх, чи очиж хэлээд эвтэйхэн явуулчих” гэсэн. Би тэд нар дээр очоод “та 2 одоо явчих, бид нар найзуудаараа тухтай суумаар байна” гэхэд шар царайтай залуу намайг хэл амаар доромжлоод маргалдаж байхад миний зүс таних эмэгтэй тэр 2 залуугийн араас ирсэн. Би тэр эмэгтэйд “найзуудыгаа аваад явчих” гэж хэлээд 2 найзаа аваад машиндаа суусан. Бид нар машиндаа суугаад явах гэж байхад шар царайтай залуу буцаж ирээд маргалдаж байгаад намайг цохих гээд оноогүй. Тэр үед У машинаас бууж ирэхэд бужигнаад зодоон болсон. Нэг мэдэхэд Уын хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-12/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.13-ны өдрийн 7372 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. У-н биед хамрын шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт, баруун өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-18/,
Шүүгдэгч П.Уын яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт дэвсгэрт байх “Шинэ авто худалдааны төв” гэх газрын хажууд голын зах дээр найзууд Оюунтуул, Ганбат нарын хамт автомашин янзлаад сууж байсан. Түлхүүр хэрэг болоод Ганбат бид 2 ойролцоо сууж байсан 2 эмэгтэй дээр очоод түлхүүр аваад автомашинаа янзалчихаад авсан түлхүүрээ буцааж өгөөд танилцаад хамт пиво ууж суусан. Тэгсэн цаана сууж байсан эмэгтэй, эрэгтэй 2 хүний эмэгтэй нь ирээд “2 шалдан банди минь зайл” гээд байхаар нь миний уур хүрээд тэр эмэгтэйг цааш нь түлхсэн. Тэр үед цаана хамт сууж байсан нэг залуу гарч ирээд намайг цохих гээд байхаар нь би нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-26-30/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34/, гэрлэлтийн бүртгэлгүй лавлагаа /хх-35/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-36/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-37/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.У согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ авто худалдааны төв”-ийн орчим хохирогч З.Уыг зодож, хамрын шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч З.Уын “...шар царайтай залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, ...өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-6/, гэрч Б.Одонтунгалагийн “...У машинаас бууж ирэхэд бужигнаад зодоон болсон. Нэг мэдэхэд Уын хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Д.Оюунтуулын “...У тэр залууг нүүр лүү нь нэг удаа цохиод бужигнаад бид нар Уыг тэр залуугаас салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-14/, шүүх эмнэлгийн 7372 дугаар “1. У-н биед хамрын шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт, баруун өвдөгт зулгарал тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18/, шүүгдэгч П.Уын яллагдагчаар өгсөн “...нэг залуу гарч ирээд намайг цохих гээд байхаар нь би нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-26-30/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Уын хохирогч З.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч З.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч “Хохиролд 600.000 төгрөг төлсөн” гэж, хохирогч “Хохирлын мөнгө гэж 600.000 төгрөг бэлнээр авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Уаас өөр хүн хохирогч руу халдсан болох нь тогтоогдоогүй. Мөн хохирогч “бага ял өгөөч” гэснийг харгалзан үзэж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгөтэй эсэх болон тээврийн хэрэгслийн лавлагаа, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч П.Уын тогтмол орлоготой болох нь тогтоогдоогүй ч хувиараа мужааны ажил эрхэлж тодорхой орлого олдог гэх, түүний гэр бүлийн байдал /эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг/-аас үзэхэд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцлийг бий болгож, түүнчлэн эрүүгийн хариуцлагыг гэр бүлийн бусад хүнд халдааж болзошгүй байх тул Эрүүгийн хуульд заасан шудрага ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ хүний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч П.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.У урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрвээгийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.У урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР