Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 848

 

 

 

 

 

 

 

     2019           8           05                                         2019/ШЦТ/848         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,  

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908022860893 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, улс төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт суух, ял шийтгэлгүй, Пүнлүүчин овогт Баттөмөрийн З /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.З нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 67в дугаар байрны орцонд “дүүг минь зодлоо” гэх шалтгаанаар иргэн Б.Быг бусадтай андууран зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Быг би ганц л цохисон. Зугтах гэхээр нь барьж аваад цагдаа дуудсан. Би хохиролд 500.000 төгрөг өгсөн. Түрээсийн байранд амьдардаг, цалингийн зээлтэй байдлыг минь харгалзан үзэж торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908022860893 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Бын: “2019 оны 4 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед ...гэртээ байхад фэйсбүүкийн найз эгч Энхмаа “мөнгөтэй бол өөрөөсөө гаргаад тамхи аваад ирээч, ирэхээр чинь өгнө” гэсэн. Би дэлгүүрээс тамхи аваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 67 дугаар байрны 4 давхарт хүргэж өгөхөөр явж байгаад орцны үүдэнд зүс таних Наба гэж дууддаг ахтай тааралдсан. Бид 2 орц руу ороод би Энхмаа эгчид тамхиа өгөөд Наба ах дээд давхарт гараад “Баагийтай уулзчихаад ирье” гэсэн. Би 4 давхарт хүлээгээд байж байхад Наба, Баагий 2 бууж ирээд хоорондоо маргалдаад гараараа цохилцоод байсан. Би салгахад Баагий нь уурлаад гэртээ яваад орсон. Наба бид 2 гарах гэж байхад араас танихгүй 3 ах гарч ирээд нүдний шилтэй ах нь намайг гараараа нүүр лүү 2 удаа цохиж, цээж рүү нэг удаа өвдөглөсөн. Наба доошоо зугтаагаад явчихсан. Нүдний шилтэй ах араас нь хөөгөөд явсан. Би доошоо хараад нүүрээ дараад байж байхад нөгөө нүдний шилтэй ах буцаж ирсэн. Би “би бишээ” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Гэрч Б.Батцоожийн: “2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр найз Наранбаатарт “гутлаа өгнө” гэж утсаар яриад гэртээ байсан. Орой Наранбаатар, Б 2 гэрт ирээд “чи яагаад утсаа авахгүй байгаа” юм гээд уурлаад орцонд маргалдсан. Би гэртээ орж гутлаа өмсөж байхад ах З, Тони 2 “юун хүмүүс ирсэн юм” гээд зөрөөд гарсан. Тэгээд би араас нь хүргэн ах Томотой гарахад Наранбаатар доошоо зугтаагаад явсан. Ах З Бын нүүр лүү цохисон, цагдаа дуудсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-13/,

Гэрч А.Дэлгэрмаагийн: “2019 оны 4 дүгээр сарын 23-ны орой ...унтах гээд хэвтэж байтал хаалга нүдэх чимээ гартал Батцоож хаалга онгойлгоод гараад явсан. Орцонд чанга чанга чимээ гараад байсан. Удалгүй буцаад ороод ирэх үед нөхөр З “юу болоод байгаа юм” гээд дүүгээсээ түрүүлээд гарсан. Араас нь дүү Батцоож гарч байгаа харагдсан. Удалгүй нөхөр “цагдаа дуудчихлаа” гээд орж ирсэн. Батцоож орж ирээгүй удалгүй цагдаа нар ирж манай нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-11/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.29-ний өдрийн 5105 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зулгаралт, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. 4. Б.Бын зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-16/,

Шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 23:30 цагийн үед гэртээ ...унтах гээд зурагт хараад хэвтэж байхад хаалганы хонх дуугарсан. Дүү Батцоож хаалга онгойлгоод “манай найз байна” гээд гарч уулзаж байгаад удалгүй хоорондоо маргалдаж байгаа чимээ гараад цохилцоод байх шиг байсан. Би хувцсаа өмсөөд гарах гэж байтал Батцоож гаднаас гутлаа өмсөх гээд хайгаад байхаар нь би юу болсон талаар асуухад “манай нэг найз ирчихээд далчигнаад байна, би гараад уулзаад ирье” гэхээр нь би “согтуу байгаа юм уу” гэж асуутал юм хэлээгүй. Би хаалга онгойлгоод гарахад 2 залуу нэг нь шатан дээр суугаад нэг нь зогсож байсан. Би “та нар яагаад байгаа юм” гэж асуутал сууж байсан залуу босоод зугтаасан. Барьж авах гэтэл миний гарыг тавиулаад доошоо зугтаачихсан. Эргээд хартал зугтаасан залуугийн хажууд зогсож байсан сүүлд нэрийг мэдсэн Б зогсож байхаар нь би гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон чинь яваад өгсөн. Би зугтаасан залуугийн араас яваад буцаад ирэхэд Б “та намайг андуураад цохичихлоо, би биш сая зугтаасан залуу танай дүүг цохисон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/,

шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг /хх-19-20/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-37/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-38/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, эвлэрлийн баталгаа /хх-50/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.З нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хорооллын 67в дугаар байрны орцонд иргэн Б.Быг зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, зулгаралт, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Бын “...нүдний шилтэй ах нь намайг гараараа нүүр лүү 2 удаа цохиж, цээж рүү нэг удаа өвдөглөсөн...” гэх мэдүүлэг /хх-24/, гэрч А.Дэлгэрмаагийн “...орцонд чанга чанга чимээ гараад байсан. ...нөхөр З “юу болоод байгаа юм” гээд дүүгээсээ түрүүлээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч Б.Батцоожийн “...З Бын нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-13/, шүүх эмнэлгийн 5105 дугаар “1. Б.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зулгаралт, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-16/, шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн “...Б зогсож байхаар нь би гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-30-31/, шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг /хх-19-20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Зын хохирогч Б.Бын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...З 450.000 төгрөг өгч уучлалт гуйсан, бид 2 сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх эвлэрсэн тухай баталгаа /хх-50/-г үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирлоо төлсөн...” гэж,

шүүгдэгч “Түрээсийн байранд байдаг, цалингийн зээлтэй учир торгох ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан хүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Хохиролд 450.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сарын 1.200.000 төгрөгийн цалинтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б.Зыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пүнлүүчин овогт Баттөмөрийн Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР