Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 01519

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 08 өдөр              Дугаар 142/ШШ2016/01519                         Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд оршин суух Хотгойд овгийн Гал-Эрдэнийн Дэлгэрмаагийн /регистрийн дугаар РП87111427/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн Булагтын в-ийн 1 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух Хүнийхэн овгийн Энхтайваны Сүхбатад /регистрийн дугаар РЙ86111111/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа, хариуцагч Э.Сүхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Дэлгэрмаа нь 2007 онд Э.Сүхбаттай танилцаж  2008 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 6 дугаар сарын 1-нд С.Алтансүх , 2009 оны 9 дүгээр сарын 23-нд охин С.Энхжин нар төрж эцэг эх нь болцгоосон. Хамтран амьдрах хугацаанд нөхөр Э.Сүхбат нь байнга архи ууж, хардаж агсан тавидаг, ажил хийлгэхгүй, ажил дээр ирж хардаж хэрүүл зодоон хийдэг байсан. 7 хоногт уухгүй өдөр гэж байдаггүй байсан. Би арга буюу ажлаасаа гарч хөдөө Хөвсгөл явсан. Хөдөө явснаас хойш 2 хүү бидний хойноос ирээгүй, амьдрах гэсэн итгэл зүтгэл гаргаагүй. Утсаар ярихаар хэл амаар доромжилж 2 хүүхдэд элдэв буруу зүйл ярьдаг. Хөвсгөл аймаг руу яваад 2 жил хагас болсон. Энэ хугацаанд 2 хүүхдээ ганцаараа өсгөж тэжээж байна. Биднийг явсны дараа осолд орсон бөгөөд би ирж асарсан боловч ааш авир зан нь өөрчлөгдөөгүй. Одоо Э.Сүхбат нь өөр хүнтэй амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 2 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Э.Сүхбат хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон, цалин орлогогүй учраас би хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг нэхэмжлэхгүй.Бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв.

Хариуцагч Э.Сүхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэлгэрмаагийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ, 2 хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа хариуцагч Э.Сүхбатад холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа шүүх хуралдаанд “... Миний бие гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоо Э.Сүхбат нь өөр хүнтэй амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 2 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Э.Сүхбат шүүх хуралдаанд “...гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ, 2 хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэсэн тайлбар гаргасан.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү С.Алтансүх, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин С.Энхжин нар төрсөн нь Г-285 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-902, Г-1685 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж байгаа, шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байгаа зэргийг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү С.Алтансүх, охин С.Энхжин нарыг асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул хүү С.Алтансүх, охин С.Энхжин нарыг эх Г.Дэлгэрмаагийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа, хариуцагч Э.Сүхбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Алтансүх, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин С.Энхжин нарыг эх Г.Дэлгэрмаагийн асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчдын дунд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА