Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 679

 

 

 

 

 

 

 

 

      2020        04         14                                  2020/ШЦТ/679

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

 улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

 хохирогч Б.Жавзандулам,          

 хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа /ҮД:0644/          

 шүүгдэгч Ө.О,

 шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр /ҮД:1338/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө.Од холбогдох эрүүгийн 2006 00082 0410 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Багш овогт Өлзийгийн Ө.О, Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кино урлагийн дээд сургууль”-ийн 4а дамжаанд суралцдаг, оюутан, ам бүл 6, эцэг, эх, 2 эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Жаргалант Эхийн 2-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, //,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ө.О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино урлагийн дээд сургуульд иргэн Б.Жавзанпагамын зүүн чих рүү гараараа алгадаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч Ө.Огийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сагсан бөмбөгийн тэмцээнд хожигдож өгсөнгүй гэх шалтгааны улмаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кино урлагийн дээд сургууль”-д иргэн (тус сургуулийн 2 дугаар дамжааны оюутан)  Б.Жавзанпагамын зүүн чих рүү гараараа алгадаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ө.О гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Огийн өгсөн: “...Маргаан тэмцээнд хожигдсоноос болсон. Би түргэн зан гаргаж, гэмгүй хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Хохирлын 2,500,000 төгрөгийг 9 хүүхэд хувааж гаргасан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жавзанпагмын өгсөн: “...Тухайн үед шүүгдэгч миний чих рүү 2 удаа алгадсан. Шүүгдэгч 2 дахь удаа алгадахдаа нэг үг хэлсэн. Би сонсохгүй байсан. Миний чих өвдсөн учир эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг цоорсон байсан. Шүүгдэгчээс хагалгааны зардалд 2,500,000 төгрөгийг авсан. Би одоо жирэмсэн. Эмч надад “унтуулах тариа тариулж болохгүй” гэж хэлсэн тул хүүхдээ төрүүлээд чихний хагалгаанд орно. Иймд эмчилгээний зардалд 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[2],

3. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[3],

4. Гэрч Э.Ануужингийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ангидаа ороход 2, 3 дугаар курсын хөвгүүд зогсож байхаар нь “танай ангийн охидууд хаан байна вэ?“ гэж асуухад гаднаас охидууд нь орж ирсэн. Тэгээд 2 дугаар курсын охидуудыг Ариунзул, Хонгорзул, Түвшинжаргал, Анхтуяа, Ө.О, Хулан, Сумъяа, Хонгорзул бид нар бүгд алгадсан. Манай ангийн хөвгүүд эрэгтэйчүүдийг нь цохиж байсан. Бид нар бүгд зүүн хацар рүү нь алгадсан. Би бас бүгдийг нь нэг нэг алгадсан. Тухайн үед бүгдийнх нь хацар улайсан байсан. Тухайн үед 2 курсын охидууд эсэргүүцэл үзүүлээгүй. Сагсан бөмбөгийн тэмцээн дээр хожигдож өгөөгүй гэх шалтгаанаар зодсон” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Анхтуяагийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ангидаа орсон чинь 2, 3 дугаар курсын хөвгүүд байсан ба бид нар “охидууд чинь яасан юм бэ?” гэж асуугаад байж байхад 2 курсын охидууд гаднаас орж ирсэн. Бид нар 01-ний өдөр сагсан бөмбөгийн тэмцээн дээр 2 курсын охидуудаас хожигдоод өгчих гэж гуйхад тэд нар хожигдож өгөөгүй. Тэгээд Ариунзул, Хонгорзул, Түвшинжаргал, Ануужин, Ө.О, Хулан, Сумъяа бид нар бүгд тэр охидуудын зүүн хацар руу нь алгадсан. Би тэр охидуудын зүүн хацар руу нь тус бүр нэг алгадсан” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.Ариунзулын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Бид нар 2 дугаар курсын охидуудаас хожигдоод өгчих гэж гуйсан боловч хожигдож өгөөгүй. 11 дүгээр сарын 04-ний өдөр бид нар ангидаа ороход 3 дугаар курсын хөвгүүд 2 дугаар курсын хөвгүүдтэй уулзаж байсан. Тэгээд хэсэг байж байхад доод курсын Жавзанпагма, Долгор, Гансувд, Алтанцэцэг, Шүрээ гэх мэт 7 охидууд орж ирсэн. Бид нар тэр охидуудыг хөвгүүдийнх нь хажууд зогсоож байгаад бүгд нэг нэг удаа алгадсан. Алтанцэцэгийн хамарнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч О.Түвшинжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Манай ангийн охидууд доод ангийн охидуудаас хожигдоод өгөөч гэж гуйсан боловч хожигдож өгөөгүй. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бид нар ангидаа ороход 2, 3 дугаар курсын хөвгүүд байсан. Хэсэг хугацааны дараа 2 дугаар курсын охидууд орж ирсэн. Манай ангийн Ариунзул, Хулан, Сумъяа, Ануужин, Ө.О, Анхтуяа, Хонгорзул бид нар тэр охидуудыг бүгд алгадсан. Би бүгдийг нь нэг нэг удаа зүүн хацар руу нь алгадсан” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Т.Хонгорзулын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургуулийн гадаа байж байхад Ариунзул эгч дуудахаар яваад ороход 2 дугаар курсын охидууд орж ирсэн байсан. Анхтуяа эгч тэр охидуудыг цохь, үгүй бол яахыг мэдэж байгаа биз дээ гэхээр нь би эхлээд цохиод араас нь Хулан, Сумъяа нар тус бүр нэг нэг удаа алгадсан. Араас нь 4 дүгээр курсын эгч нар алгадаж байсан. Хулан, Сумъяа бид гурвыг Ануужин, Ариунзул нар хацар руу алгадсан. Алтанцэцэгийн хамарнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч М.Сумъяагийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургуулийн гадаа машинд сууж байхад Ариунзул эгч дуудахаар нь анги руу ороход 2 дугаар курсын охидууд байсан. Тэгээд Анхтуяа эгч “2 дугаар курсын охидуудыг цохь, үгүй бол яахыг мэдэж байгаа биз дээ” гэхээр нь Хонгорзул эхлээд нэг нэг алгадсан. Араас нь Хулан, бид хоёр үргэлжлүүлээд нэг нэг удаа зүүн хацар руу нь алгадсан. Тэгээд үргэлжлүүлээд Хулан, Хонгорзул бид гурвыг Ариунзул, Ануужин нар алгадсан” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч Т.Хулангийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ариунзул эгч дуудахаар нь Хонгорзул, Сумъяа нартай хамт анги руу ороход 2 дугаар курсын охидууд байсан. Анхтуяа эгч “2 дугаар курсын охидуудыг цохь, үгүй бол яахыг мэдэж байгаа биз” гэхээр нь Хонгорзул эхлээд цохиод араас нь Сумъяа бид хоёр тус бүр нэг нэг удаа хацар руу нь цохисон. Тэгээд 4 дүгээр курсын эгч нар 2 дугаар курсын охидуудыг алгадаж байсан. Мөн Хулан, Хонгорзул бид гурвыг бас алгадсан” гэх мэдүүлэг[10],

11. Гэрч Ө.Хонгорзулын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ангидаа ороход 2, 3 дугаар курсын хөвгүүд уулзаж байсан. Бид нар 2 курсын охидуудыг дуудахад 7 охин орж ирсэн. Ариунзул, Анхтуяа, Ануужин, Түвшинжаргал, Ө.О, Хулан, Хонгорзул, Сумъяа бид нар алгадсан. Би хамгийн сүүлд алгадах гэтэл охидуудын зүүн хацар улайсан байсан тул зүүн гараараа баруун хацар руу нь алгадсан” гэх мэдүүлэг[11],

12. Гэрч Н.Гансувдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Манай ангийн охидууд 4 дүгээр курсын охидуудтай таарч тоглоод хожиж цом авсан. Тэгээд 3 дугаар курсын охидууд бид нарыг анги руугаа авч ороход 3, 4 дүгээр курсын Ануужин, Ө.О, Нямцэцэг, Ариунзул гэх мэт охидууд байсан ба “бид нарыг хождог яасан овоо юм бэ” гэх мэтээр загнасан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ангидаа байж байхад Бямбасүрэн, Жамъяансүрэн нар орж ирээд манай ангийн Даваадорж, Самдан нарыг зодсон. Тэгээд орой явж болохгүй шүү гэж хэлээд гараад явсан. Тэгээд бид нар орой уулзахгүй зугтсан. Гэтэл хөвгүүд баригдаж байгааг хараад бид нар очихоор болсон. Гэтэл Самдан “та нар ороод хэрэггүй. Та нарыг байхгүй гээд хэлчихье” гэж хэлсэн. Бид нар хамт орсон нь дээр гээд анги руу нь Алтанцэцэг, Жавзанпагма, Шүрэнчулуун, Бямбасүрэн, Даваадулам нартай хамт орсон. Гэтэл 3, 4 дүгээр курсын ах нар хөвгүүдийг зодож эхэлсэн. Тэгээд 3, 4 дүгээр курсын эгч нар бид нарыг бүгд алгадсан. Тэгээд хөвгүүдийг гаргаж байгаад Ө.О, Хонгорзул эгч нар дахин алгадсан. Бид нарыг “нүүрээ буд” гэж хэлсэн тул бид нар нүүрээ будаад гарсан. Даваадорж “та нарын чих зүгээр үү?” гэж асуухад Жавзанпагма хамраа чимхэж байгаа үлээхэд зүүн талын чих сонин байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг[12],

13. Гэрч Б.Даваадоржийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бид нар сургууль дээр явж байгаад 3 дугаар курсынхэнтэй таарахад бид нарыг анги руугаа авч орсон. Бид нарыг анги руу нь ороход 4 дүгээр курсынхэн байсан ба бид нарыг ороход гараад явсан. Тэгээд 3 дугаар курсын Зундуй, Бямбасүрэн, Жамъяансүрэн нар бид нарыг зодож эхэлсэн. Тэгээд ангийнхаа охидуудыг дуудаад ир гээд Самданг гаргасан. Манай ангийн 7 охин орж ирэхэд 3, 4 курсын эмэгтэйчүүд бүгд охидуудыг алгадаад, цээж рүү нь цохиод байсан. Тэгээд ангиас охидуудын цүнхийг авч ирээд бүгдийнх нь нүүрийг будуулаад гаргасан” гэх мэдүүлэг[13],

14. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №735 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1.Б.Жавзанпагмын биед зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[14],

15. Хохирогч Б.Жавзанпагмын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Кино урлагийн дээд сургууль”-ийн 2 дугаар курсын оюутан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Дээд курсын хоёр оюутан орж ирээд манай ангийн хүүхдүүдийг бүгдийг байж бай гэж хэлээд гарсан боловч бид нар тоохгүй тараад явсан. Орой нь тэмцээн дээр хожигдож өгсөнгүй, байж бай гэж хэлэхэд тоохгүй тарсан гэсэн шалтгаанаар дээд курсын Хонгорзул, Ану, Анка, Хулан, Түвшинжаргал, Сумъяа, Хулан, эрэгтэй нь Бямбасүрэн, Жамъянсүрэн, Лхагва, Зундуй, Мандхаа болон өөр танихгүй 7-9 хүүхдүүд нийлж манай ангийн 8 эр, 7 эм хүүхдийг хоёр давхрын мухрын ангид оруулж байгаад манай ангийн охидуудыг 2-3 удаа алгадсан. Эрэгтэйчүүд нь хөвгүүдийг цээж рүү нь цохиж байсан. Тухайн үйл явдал 1-2 цаг болсон ба эрэгтэйчүүд нь манай ангийн хөвгүүдийг зодсон. Мөн эмэгтэйчүүд нь манай ангийн охидуудыг “нүүрээ будаад гар” гэж хэлсэн тул бид нар нүүрээ будсан. Тэр охидууд миний зүүн чих рүү алгадаад байсан бөгөөд хамраа дараад үлээхээр чихнээс салхи сийгээд байсан. Маргааш нь “ЭмЖиЖи” чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн талын чихний хэнгэрэг цоорсон байсан. Тухайн үед миний зүүн шанаа хөхөрсөн, чихний омог хүртэл хавдсан, Алтанцэцэгийн дээд уруул нь язарч, зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, Шүрэнчулууны зүүн талын хацар, шанаа улайж, хавдсан, Долгорын зүүн талын хацар, шанаа хавдаж, хөхөрсөн, Бямбасүрэнгийн зүүн талын шанаа улайж, хөхөрсөн байсан. Мөн зодуулж байхад Алтанцэцэгийн хамарнаас цус гарахад цусыг нь арчуулж байгаад зодоод байсан. Бид нар бүгд эсэргүүцэл үзүүлэхгүй зогсож байгаад зодуулсан. Анх сургуульд ороод мөн дээд курсын Хулан, Сумъяа, Хонгорзул нар орж ирээд манай ангийн охидуудыг алгадаж байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орох гэж байгаа. Тэр эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Зүүн чихний эмчилгээний зардал 2,500,000 төгрөг болно гэж хэлсэн” гэх мэдүүлэг[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Огийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

             Шүүгдэгч Ө.Огийн зүгээс гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жавзанпагмад учруулсан эмчилгээний бодит зардалд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна. Хохирогч Б.Жавзанпагма нь цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.

                                      Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Ө.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ө.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт тооцож, хорих ялаар солихыг Ө.Од мэдэгдсэн.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ө.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Огийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт тооцож, хорих ялаар солихыг Ө.Од мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ө.О нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жавзанпагмад учруулсан эмчилгээний бодит зардалд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч Б.Жавзанпагма нь цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

            6. Шүүгдэгч Ө.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Од авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 18 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 20 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 21 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 24 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 26 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал