| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00298/И |
| Дугаар | 01518 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 01518
2016 оны 12 сарын 08 өдөр Дугаар 142/ШШ2016/01518 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 15 дугаар байрны 113 тоотод оршин суух Галсан овгийн Халзанхүүгийн Чулуундуламын /регистрийн дугаар ФМ67040362/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1963 онд төрсөн, 53 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 14 дүгээр байр 05 тоотод оршин суух Очиржавын Лундаажанцан /регистрийн дугаар ФБ63031878/,
Хариуцагч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 14 дүгээр байр 05 тоотод оршин суух Атигар овгийн Балжиннямын Алтанчимэг /регистрийн дугаарФБ67122941/ нарт холбогдох 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Чулуундулам, хариуцагч О.Лундаажанцан, Б.Алтанчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Чулуундулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2013 оны 03-р сарын 20-нд О.Лундаажанцангийн эхнэр Д.Алтанчимэг нь интернэтээр мөнгө өсгөх ажил байна. Сүлжээ шиг араасаа хүн оруулах шаардлагагүй, өдөрт хийх ажил нь хоёр реклам уншуулах л хэрэгтэй. 1000 долларыг 50хоногт 1500 доллар болгох боломжтой байна. Ингээд 50 дахь хоногоосоо эхлэн мөнгө бага багаар татаад авчихна. Ямар ч эрсдэлгүй гэж байсан. Ингээд Хас банкинд байсан хадалгамжаа хаалгаад Д.Алтанчимэгийн хэлсэнээр ХХБ-нд долларын данс анх нээлгээд мөнгөө байршуулах гэтэл өөрийн нөхөр О.Лундаажанцангийн долларын данс 407226556-нд 1035 доллар шилжүүл, өөрийн нээлгэсэн шиэн дансанд биш гэсний дагуу О.Лундаажанцангийн долларын данс руу хийсэн. Мөн хэд хоногийн дараа дахин 5 доллар хий гэсний дагуу хийсэн болно. Одоо өнөөг хүртэл ганц ч төгрөг гаргаж өгөөгүй, олон янзын шалтаг шалтгаан тоочсоор, сүүлдээ өөр нэг бодсон юм байгаа түүнд оруулаад гаргаад өгөх юм болсон. Аргагүй байдалд шүүхэд хандаж байна. Энэ асуудлыг минь шийдэж тусална уу. Иймд Очиржавын Лундаажанцангаас нийт үндсэн мөнгө болох /1035+25+10/ доллар нийт 1060 доллар буюу тухайн үеийн ханшаар /кватанцан дээр хөрвүүлсэн дүн байгаа/ бодоход 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. О.Лундаажанцангийн эхнэр Б.Алтанчимэгээр дамжуулан нөхрийнх нь дансанд мөнгө байршуулсан тул Б.Алтанчимэгийг хамтран хариуцагчаар татаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Лундаажанцан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х.Чулуундуламын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 1.500.000 төгрөгийг хүлээн эөвшөөрөхгүй байна. Би энэ мөнгийг нь авч хэрэглээгүй болно. Өөрийн хүссэнээрээ энэ интернет бизнесд орсон байдаг бөгөөд би ор гэж шаардаагүй, би энэ хүнийг танихгүй юм. Хэн ч Х.Чулуундуламыг хүчээр оруулаагүй бөгөөд аливаа эрсдэлийг өөрсдөө хариуцдаг болохыг мэдэж байсан шүү дээ. Интернет бизнесийн үйл ажиллагаанд би өөрөө элсээгүй «танай эхнэр Алтанчимэг нь миний нэрийг оруулсан л гэсэн. Би ч сайн мэдэхгүй байна энэ талаар. Х.Чулуундуламын нэхэмжлээд байгаа 1.500.000 төгрөгийг би авч хэрэглээгүй харин энэ мөнгийг манай эхнэр миний дансанд авч хийсэн байх бөгөөд өөрийнх нь нээсэн дансанд нь удахгүй шилжүүлсэн гэсэн. Би ч сайн мэдээч үгүй. Үүнийг манай эхнэр Б.Алтанчимэг Х.Чулуундуламын хажууд онлайн гүйлгээгээр өөрийнх нь дансанд шилжүүлсэн гэсэн ба шилжүүлснээс хойш 2 сар гарны хугацаанд Х.Чулуундулам нь энэ интернет бизнесийн үйл ажиллагаандаа хамрагдаж байсан бөгөөд эрсдлээ өөрөө хариуцахыг сайн мэдэж байсан гэж бодож байна. Миний дансанд ямар учраас 1.500.000 төгрөгийг хийснийг манай эхнэр шүүх хурал дээр хэлэх байх гэж бодож байна. Х.Чулуундулам нь манай ажил дээр хүрч ирээд сайтын үйл ажиллагаандаа танилцаад, дараа нь 2013.03.22-ний өдөр дахин ирж сайтаа нээлгүүлээд 2013.03.25-ний өдөр миний мөнгө бэлэн болчихлоо гээд ярьж байгаад дансаа хаана хийх вэ гэсний дагуу манай нөхрийн дансанд шилжүүлсэн юм. Энэ сайтанд орохын тулд онлайн данстай байх шаардлагатай ба Чулуундулам нь онлайн дансгүй тул манай эхнэрээс би мөнгөө шилжүүлж чадахгүй байна яаж мөнгөө шилжүүлэх вэ гээд байхаар нь Б.Алтанчимэг нь манай нөхөр онлайн данстай юм чинь хийчихгүй, өөрсдөө хурдан дансаа нээлгээд нөхрийн данснаас мөнгөө шилжүүлж аваарай гэсэн яриа болсны дагуу шилжүүлсэн байна лээ. Миний дансанд мөнгө нь орж ирээд удахгүй өөрсдөө дансаа нээлгээд эхнэртэй цуг хамт сууж байгаад мөнгөө шилжүүлж авсан гэсэн. Би энэ мөнгийг хувьдаа ашиглаж хэрэглэсэн зүйл огт байхгүй, шаардлага ч үгүй миний дансан хийгээдэх гэж гуйгаа ч үгүй. Манай эхнэр л миний дансанд хийлгэснээс болж өнөөдөр ийм асуудал үүссэн байна. Х.Чулуундулам нь өөрөө энэ мөнгөө өөрийнхөө онлайн дансандаа шилжүүлээд авсан байж одоо надаас юу нэхэмжлээд байгаа юм бэ? би ойлгохгүй байна. Иймд би жинжэнэ хариуцагч би биш онлайн интернетэд сайн дураараа элсэж орсон хүмүүс” гэжээ.
Хариуцагч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хусэлтээр хамтран хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Х.Чулуундуламын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 1.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ мөнгийг нь авч хэрэглээгүй болно. Өөрийн хүссэнээрээ энэ интернет бизнесд орсон байдаг бөгөөд би ор гэж шаардаагүй, өөрөө миний ажил дээр ирж сонирхож байгаад орсон юм. Хэн ч Х.Чулуундуламыг хүчээр оруулаагүй бөгөөд аливаа эрсдэлийг өөрсдөө хариуцдаг болохыг мэдэж байсан шүү дээ. Интернет бизнесийн үйл ажиллагаанд би өөрөө элсэн ороод өнөөдрийг хүртэл ажиллагаагаа хийгээд явж байна. Х.Чулуундуламын нэхэмжлэлээд байгаа 1.500.000 төгрөгийг би авч хэрэглээгүй, энэ мөнгийг би өөрийнхөө дансанд хийгээгүй бөгөөд нөхрийн эдэмшдэг ХХБ-ны данснаас өөрийнх нь нээсэн данс руу нь удахгүй шилжүүлсэн шүү дээ. Өөрөө ч гэсэн энэ талаар сайн мэдэж байгаа болно. Х.Чулуундуламын хажууд онлайн гүйлгээгээр өөрийнх нь дансанд шилжүүлсэн ба шилжүүлснээс хойш 2 жил гарны хугацаанд Х.Чулуундулам нь энэ интернет бизнесийн үйл ажиллагаандаа хамрагдаж байсан болно. Нэгэнт өөрийнх нь дансанд мөнгө нь орсон тохиолдолд өөрөө л рекламаа уншуулж 2%-ийн ашгийн ажлаа хийх ёстой. Би энэ хүний өмнөөс үйл ажиллагаа явуулж рекламыг уншуулж ашиг авч өгөхөөр хоорондоо тохиролцоогүй, тохиролцох ч үүрэггүй гэж бодож байна. Учир нь нэгэнт энэ үйл ажиллагаанд сайн дураараа элсэн орж өөрийн сайттай болж ашиг авахаар өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас мөнгөө сайтанд байршуулж байгаа шүү дээ. Иймээс цаашид гарах эрсдэлээ өөрөө хариуцах ёстой. Х.Чулуундулам нь манай ажил дээр хүрч ирээд сайтын үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаж журмыг нь судалсны дараа 2013.03.22-ний өдөр дахин ирж сайтаа нээлгүүлээд 2013.03.25-ний өдөр миний мөнгө бэлэн болчихлоо гээд ярьж байгаад дансаа хаана хийх вэ гэсний дагуу манай нөхрийн дансанд шилжүүлсэн юм. Энэ сайтанд орохын тулд онлайн данстай байх шаардлагатай ба Чулуундулам нь онлайн дансгүй тул манай нөхрийн дансруу мөнгөө шилжүүлж дараа нь өөрийн данс руу шилжүүлж авсан, мөн шинээр гишүүнээр орж байгаа хүмүүс эхний ээлжинд данснаас нь 500 $ гардаг тул яалтчгүй манай нөхрийн дансыг ашиглаж өөрийн хүсэлтээр нь 1000$ шилжүүлэх шаардлагатай болсон юм. Иймд би жинжэнэ хариуцагч би биш, онлайн интернетэд сайн дураараа элсэж орсон хүмүүс эрсдэлээ өөрсдөө хариуцахыг сайн мэддэг байх болов уу гэж бодож байна, би энэ мөнгийг нь хувьдаа авч ашиглаагүй, хэрэглээч үгүй. Иймд би Х.Чулуундуламын мөнгийг авч хэрэглээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Чулуундулам нь 2013 оны 03 дугаар сарын 25, 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдийн Худалдаа хөгжлийн банкин дахь О.Лундаажанцангийн дансанд 1 060 ам доллар шилжүүлсэн орлогын маягтыг үндэслэн хариуцагч О.Лундаажанцан, Б.Алтанчимэг нараас 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Чулуундулам нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ :”...Б.Алтанчимэг нь интернэтээр мөнгө өсгөх ажил байна. Сүлжээ шиг араасаа хүн оруулах шаардлагагүй, өдөрт хийх ажил нь хоёр реклам уншуулах л хэрэгтэй. 1000 долларыг 50 хоногт 1500 доллар болгох боломжтой байна. Ингээд 50 дахь хоногоосоо эхлэн мөнгө бага багаар татаад авчихна. Ямар ч эрсдэлгүй гэж хэлсэний дагуу мөнгөө өсгөх зорилгоор О.Лундаажанцангийн 407226556 тоот долларын дансанд нийт 1060 доллар шилжүүлсэн.Гэтэл одоо өнөөг хүртэл ганц ч төгрөг гаргаж өгөөгүй.Иймд О.Лундаажанцан, Б.Алтанчимэг нараас 1060 доллар буюу тухайн үеийн ханшаар 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагч О.Лундаажанцан, Б.Алтанчимэг нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ”... Бид Х.Чулуундуламын мөнгийг нь авч хэрэглээгүй. Өөрийн хүссэнээрээ энэ интернет бизнесд орсон байдаг бөгөөд бид ор гэж шаардаагүй, өөрөө миний ажил дээр ирж сонирхож байгаад орсон юм. Хэн ч Х.Чулуундуламыг хүчээр оруулаагүй бөгөөд аливаа эрсдэлийг өөрсдөө хариуцдаг болохыг мэдэж байсан. Иймд Х.Чулуундуламын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 1.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч Х.Чулуундулам 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөнгөө өсгөх зорилгоор өөрийн сайн дураар 1060 ам долларыг Б.Алтанчимэгээр дамжуулан О.Лундаажанцангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд байршуулсан, Б.Алтанчимэг нь уг сайтад урьдчилан бүртгүүлсэн байсны хувьд тусалж уг сайтын талаар мэдээлэл өгч мөнгийг байршуулан, хандах хаяг, нууц үг зэргийг нээж өгсөн, нэхэмжлэгч Х.Чулуундулам уг сайтад нэвтэрч реклам уншуулан сайтаас хариу авч байсан, Х.Лундаажанцангийн Lundaa 0318@gmail.сом хаягнаас Х.Чулуундуламын эзэмшдэг id-2881406 дугаар бүхий www.adclickxpress.com данс руу 195 $ шилжүүлсэн, багц худалдан авсан зэрэг нь Худалдаа хөгжлийн банкны орлогын баримт, зохигчдын тайлбар, Х.Чулуундуламд ирж байсан хариу захиа, 3284 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Лундаажанцангийн дансанд ямар нэг гэрээний үндсэн дээр мөнгө шилжүүлээгүй, О.Лундаажанцан, Б.Алтанчимэг нар нь нэхэмжлэгч Х.Чулуундуламын мөнгийг үндэслэлгүйгээр олж авч, эзэмшээгүй харин уг сайтын талаар тодорхой хэмжээний мэдээлэл авсаны үндсэн дээр өөрөө интернет хаяг нээлгүүлж, мөнгөө байршуулан уг хаягаараа өөрөө орж мөнгөө өсөж байгаа эсэхийг хянаж байсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн и-мэйл хаягаар уг сайтаас ирсэн захидал, мэдээлэлийг татаж авч орчуулсан баримтуудаар нотлогдсон байна. Дээрхи нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх шийдвэртээ үндэслэсэн болно.
Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл сонирхолоор гадны орны цахим орчин дахь чөлөөт сайтад мөнгөө байршуулан, өөрөө цахим хаягаараа орж хянаж байсан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн мөнгийг өөрийн өмчлөлд аваагүй, уг сайтыг төлөөлж үйл ажиллагаа явуулаагүй, уг сайтын өмнөөс гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй байх тул нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор цахим орчинд бусадтай хийсэн хэлцлийнхээ эрсдлийг өөрөө хариуцна. Хариуцагч О.Лундаажанцан, Б.Алтанчимэг нарын үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөхөөр заасан тул нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн санд үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.Чулуундуламын 1 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Лундаажанцан, Б.Алтанчимэг нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА