Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1113

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Д.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02231 1362 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Д.Ш, Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бичигтийн **  тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд: 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2019 оны 04 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бичигтийн ** тоотод оршин суух иргэн О.Д  /88 настай/-ыг “гэрт нь ирсэнд уурлалаа” гэх шалтгаанаар толгойн тус газар нь өөрийнх нь таягаар цохиж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Боржигон овогт Д. Ш нь 2019 оны 04 сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бичигтийн ** тоотод оршин суух иргэн 88 настай О.Д-ыг “гэрт нь ирсэнд уурлалаа” гэсэн шалтгаанаар толгой руу нь таягаар цохиж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний бие махбодод “...зулайд няцарсан шарх, тархи доргилт... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Ш-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр өдөр гэртээ байж байхад өглөө 9 цагийн үед Ш манай нэрт орж ирээд нэг шил архи байна гэхээр нь би манайд ууж болохгүй гэхэд Ш “хөгшин хүний дэргэд хэрэггүй” гээд бид 2 гэрээс гарч гадаа гудамжинд уусан. Ш-ийн авч ирсэн 0,75 граммын “Хамаг монгол” нэртэй архийг Ш, Б бид 3 хувааж уусан. Тэгээд би архиа уучхаад гэртээ орж ирээд ээжид хоол хийж өгсөн. Ээж бид 2 хоолоо идчихээд унтаад сэрэхэд ээж О.Д намайг галаа түл гэхээр нь би галаа түлээд сууж байтал Ш 17 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн тэгэхээр нь би галдаа аргал хийх гээд гэрээс гартал гэр дотор ээж О.Д орилоод байхаар нь буцаад гэр рүүгээ ортол ээжийн толгойноос цус гарсан байхаар нь би Ш-г гэрээсээ чирч гаргасан. Манай ээж 88 настай хэлж ярьж чадахгүй, муу ярьдаг, миний асаргаанд байдаг учир биеэ хамгаалах чадваргүй хүн юм. Ш нь ээжийн эрүүл мэндийн талаар мэддэг байсан. Манай ээжид ямар нэг эмнэлэгт үзүүлсэн бичиг баримт байхгүй..., ...тухайн үед манайд Д.Ш согтуу орж ирэхэд манай ээж О.Д их уурласан байдалтай нүүр ам нь улайгаад таягаараа заагаад хэлж ярьж чадахгүй ч авиа дуу гаргаад, их уурласан байдалтай байсан. Тэгээд би дотроо Ш согтуу ирсэн болохоор уурлаж байгаа юм байна гэж бодоод галдаа аргал хийх гэж гэрээс гартал гэр дотор манай ээж О.Д нь орилоод байхаар нь буцаад гэр лүү ортол ээжийн толгойноос цус гарч байсан...“ гэсэн мэдүүлгүүд (хх-ийн 52-54, 72 дугаар хуудас);

3. Гэрч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү С гэрээс гарсны дараа Ш намайг нэг юмаар цохичихсон. Би өндөр настай болохоор ухаан санаа орж гараад байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4840 дугаартай “...О.Д-ын зулайд няцарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 13-14 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Д.Ш-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би тэр өдөр их согтуу байсан. С-ын гэрт ороход ээж О.Д нь их ууртай байсан гэж санаж байна. Би нэг ухаан ороод сэртэл гадаа байж байсан, тэгтэл С гараас зуураад чи миний ээжийн толгойг ээжийн өөрийнх нь таягаар цохиод хагалчихлаа шүү дээ чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө хамгаалах чадваргүй хөгшин хүнийг таягаар цохисондоо их харамсаж байна. Миний буруу би тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй миний буруу учир надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өнгө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 78-82 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Д-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ш-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.Д-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Хохирогч О.Д нь өндөр настай, биеэ хамгаалах чадваргүй болох нь хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Ш нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй өндөр настайг мэдсээр байж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Ш-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ш нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ял дээр нэмж дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Д.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Ш-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж, дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Ш-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА