Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0233

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Өийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908048651843 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 6, ах, эгч, охин, дүү нарын хамт оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 706 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилээр хянан харгалзсан, Боржигон овогт Нямсүрэнгийн Ө /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо,  баян уулын 8 дугаар гудамж, од Б.этэй “намайг шоглолоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой тус газар нь модон сандлаар цохиж зодон, эрүүл мэндэд нь “духны  хэсэгт шарх, дух ясны  хэсгийн цөмөрсөн хугарал, тархи доргилт,  зовхи хацар шанааг хамарсан зөөлөн эдийн гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “э бид нар найзууд, нэг шил архи уусан. Хоорондоо маргалдаад сандлаар 1 удаа цохисон. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1908048651843 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

 Хохирогч Б.ийн: “2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Батчулууны гэрт Батчулуун, Базаррагчаа, Ө нарын хамт архи ууж байтал Ө “тамхиа өгөөч” гэхээр нь би “за ,байж бай” гэтэл Ө намайг “бие муутай банди минь тамхиа хурдан өгчих” гээд маргалдсан. Тэр үед Ө Батчулууныг “аниа” гээд дуудахаар нь би “ах, эгчээ ялгахгүй байж” гээд дооглосон чинь Ө өөрийнхөө урд байсан модон сандлаар миний толгой руу нэг удаа цохичихсон. Толгойноос цус гараад эхэлсэн. Базаррагчаа миний толгойг боож байтал миний ухаан орж гараад байсан. Надад Ө эмчилгээний зардал гэж эхлээд баримтанд тусгагдсан 170.060 төгрөг, дараа нь сайн дураараа 300.000 төгрөгийг бэлнээр өгсөнд баярлаж байна” гэх мэдүүлэг /хх-10, 13, 127/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.15-ны өдрийн 11195 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.э-н биед духны  хэсэгт шарх, дух ясны  хэсгийн цөмөрсөн хугарал, тархи доргилт,  зовхи хацар шанааг хамарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-25/,

Шинжээч Б.Ариунзулын: “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар дух, зулайн ясанд хамаардаг тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2019 оны 9 сарын сарын 14-ний өдрийн компьютер томографийн дүгнэлтэд Б.ийн биед дух ясны цөмөрсөн хугарал гэж оношлогдсон байсан. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт модон сандал орно. Б.ийн биед учирсан гэмтлүүд нь сандлаар нэг удаа цохиход үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-26-28/,

Гэрч М.Базаррагчаагийн: “...Батчулууны гэрт архи ууж байсан. Ө ийг “тамхиа өгчих” гэсэн чинь э “байж бай” гэсэн чинь Ө “бие муутай банди минь хурдан тамхиа өгчих” гэж хэлсэн. э “би банди явж үзээгүй” гэж маргалдаж эхэлсэн. Батчулуун маргалдахыг болиулаад байж байтал Ө Батчулууныг “аниа” гээд дуудсан чинь э Өийг “ах эгчээ ялгадаггүй байж” гээд дооглосон чинь Ө урдаа байсан модон, бор шаргал өнгийн жижиг сандлаар ийн толгой хэсэг рүү нэг удаа цохихоор нь би Өийг ор луу түлхээд “яагаад байгаа юм бэ” гэчихээд эргээд хартал ийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-21/,

Гэрч Б.Батчулууны: “...Манай гэрт архи уугаад сууж байтал ...Ө ийг “тамхиа өгчих” гээд байсан. э “байж бай” гэхэд “бие муутай банди минь хурдан тамхиа өг” гэхэд э “намайг бие муутай байхыг хаана харсан юм бэ” гээд маргалдаж эхлэхээр нь би болиулаад байж байтал Ө намайг “аниа” гэж дуудахаар нь гайхаад хартал э Өийг “чи аниа, ахаа ялгахгүй байж” гээд шоолоод байсан чинь Өийн уур нь хүрсэн үү, яасан манай гэрт байдаг түшлэггүй модон сандлаар ийн толгойн тус газарт нэг удаа цохьчихсон. Мөнх- Эрдэнийн толгойноос цус гараад...” гэх мэдүүлэг /хх-23/,

Шүүгдэгч Н.Өийн яллагдагчаар өгсөн: “Хэрэг гардаг өдөр э 13 цагийн үед залгаад “уулзах уу” гэхээр нь би “хуурай ах Улаанаа /Батчулуун/-ийнд хүрээд ир” гэсэн. Тухайн үед э архи үнэртүүлчихсэн байсан. э бид хоёр Батчулуун ахынд очоод дөрвүүлээ нэг шил архи ууж ...байгаад би Улаанаа /Батчулуун/-г “аниа” гээд андуураад дуудахад э намайг шоолоод “чи эр, эмээ ялгадаггүй” гээд байхаар нь би урдаа байсан модон сандлаар ийн толгой хэсэг рүү 1 удаа цохьсон. Толгойноос нь цус гарсан... Базаррагчаа “гэмтэл явах уу” гэхэд э “зүгээр зүгээр, би харилаа” гээд байсан чинь Базаррагчаа таксинд суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-85-86, 128-129/,

гэрч Д.Солонгын мэдүүлэг /хх-15/, гэрч Ү.Үүрцайхын мэдүүлэг /хх-16/, хохирлын баримт /хх-65/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-73-77/, таньж олуулах ажиллагаа явуулсан “Б.ийн цохиулсан сандлыг 3 дугаарт тавьж бэлдээд Б.ийг гэмтээсэн сандал байна уу гэхэд Н.Ө 3 гэсэн дугаар дээр байгаа сандал нь миний барьж байсан сандал мөн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-89-92/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-93-96/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-97-99/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-107-108/, материалаар гаргасан шүүх эмнэлгийн 66 дугаар шинжилгээ /хх-115-117/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-132/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-134/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн “Н.Өийн охин Ө.Өлзийжаргалд асран хамгаалагч томилж өгнө үү” гэх албан бичиг /хх-157, 158/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Ө согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.ийг модон сандлаар цохиж зодон хүнд гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Хохирлоо төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Ө согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо,  баян уулын 8 дугаар гудамж, од иргэн Б.этэй “намайг шоглолоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгой тус газарт модон сандлаар цохиж, духны  хэсэгт шарх, дух ясны  хэсгийн цөмөрсөн хугарал, тархи доргилт,  зовхи хацар шанааг хамарсан зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.ийн “...Ө өөрийнхөө урд байсан модон сандлаар миний толгой руу нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-10/, шүүх эмнэлгийн 11195 дугаар “1.Б.э-н биед духны  хэсэгт шарх, дух ясны  хэсгийн цөмөрсөн хугарал, тархи доргилт,  зовхи хацар шанааг хамарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно...” гэх шинжилгээ /хх-25/, гэрч М.Базаррагчаагийн “...Ө урдаа байсан модон, бор шаргал өнгийн жижиг модон сандлаар ийн толгой хэсэг рүү нэг удаа цохихоор нь...” гэх мэдүүлэг /хх-21/, гэрч Б.Батчулууны “...Өийн уур нь хүрсэн үү, яасан манай гэрт байдаг түшлэггүй модон сандлаар ийн толгойн тус газар нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч Н.Өийн яллагдагчаар өгсөн “...би урдаа байсан модон сандлаар ийн толгой хэсэг рүү 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-85-86/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Өийн хохирогч Б.ийг модон сандлаар толгойд нь цохиж хүнд гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Надад нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. Одоо гомдол санал байхгүй. Ө эмчилгээний зардал гэж баримтад тусгагдсан 170.060 төгрөг, сайн дураараа 300.000 төгрөгийг бэлнээр өгсөнд баярлаж байна” гэх мэдүүлэг /хх-13, 127/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өөд 2 жил 2 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шийтгэх тогтоол биелэгдэх ёстой байдаг учраас торгох ял оногдуулах үндэслэлгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Шүүгдэгч харамсаж, гэмшиж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. “Хишиг Арвин” ХХК-д сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилд орох гэж байгаа. Эх нь Турк улсад гэрээгээр ажилладаг тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн толгойг сандлаар нэг удаа цохиж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохиролд 470.060 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал буюу ам бүл 6, ах, эгч, тэдний хүүхэд, өөрийн бага насны хүүхдийн хамт амьдардаг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувиараа барилгын ажил эрхэлдэг/-ыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Н.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тодорхой орлого олдог болох нь дансны хуулгаар тогтоогдсон/-ийг үндэслэн шүүгдэгч Н.Өийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямсүрэнгийн Өийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өийг 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Өөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР