| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0867/Э |
| Дугаар | 858 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 858
2019 8 07 2019/ШЦТ/848
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908035471151 дүгээр хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Галзад овогт Батсүхийн Э /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Э нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талд иргэн Г.Бийг “Билгүүнийг дагуулж ирлээ, салаавч гаргалаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун тохойд цус хуралт, баруун зүүн тохойнд зулгаралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Дахин ийм асуудал гаргахгүй. Энэ хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1908035471151 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.Бийн: “2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусаны буудлын урд талд байх “Хишиг арвин” ХХК дээр очсон чинь манай найз Э байсан. ...Тэгээд Жаргал, Э бид 3 хамт Даргоны баруун талд байх Намуун гэх газар ороод ...Э “би Идэрээтэй уулзчихаад ирье” гээд гараад явсан. Жаргал бид 2 сууж байсан чинь Эийн найз Билгүүн над руу залгаад “хаана байна, Э гар утсаа авахгүй байна” гэсэн. “Драгоны баруун талд Намуун нэртэй газар байна” гэж хэлсэн чинь удалгүй Билгүүн ирсэн. Би Эийн найз Идэрээ гэх залуу руу залгаад хаана байгаа талаар асуусан чинь 21 дүгээр хорооллын автобусаны буудал ард “Дэн буудал” гэсэн хаягтай байрны 202 тоотод “Э бид 2 байна” гэж хэлсэн. Тэгээд Билгүүн, Жаргал бид 3 тэр газар нь очсон чинь Э “чи Билгүүнийг дагуулж ирлээ” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Жаргал, Э, Билгүүн, Идэрээ бид 5 хамт буудлаас гараад 21 дүгээр хороолол гэх газрын баруун талын автобусны буудлын баруун талаас би таксинд суух гээд замын хажуу талд зогсож байсан чинь Э араас ирээд үснээс зулгаагаад газар унагаагаад миний гар утсыг булааж аваад газар шидсэн. ...Миний биед учирсан гэмтлийг Э учруулсан. Би газар унахдаа 2 өвдөг, 2 тохой хэсгээрээ унасан. Э намайг үсдээд чирсэн. Миний нүүр лүү цохих гэхээр нь бултах гэсэн миний хамрыг самардсан...” гэх мэдүүлэг /хх-7-8/,
Гэрч С.Идэрбатын: “2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Этэй уулзсан. Бид 2 дэн буудалд орсон. Э бид 2 хоорондоо ойр зуурын юм яриад сууж байсан чинь Эийн найз Б над руу залгаад “хаана байгаа юм” гэхээр нь би “...буудалд байна” гэж хэлсэн. Удалгүй Жаргал, Б, Билгүүн 3 орж ирсэн. Тэгсэн Э, Б 2 хоорондоо маргалдаад байсан. Би тухайн үед доош хараад сууж байсан чинь Э, Б хоёр нэг нэгнийгээ өшиглөөд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-15/,
Гэрч Э.Билгүүний: “2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Э над руу залгаад “би 1 дүгээр хороололд байна, ажлаа тараад хүрээд ир” гэсэн. Орой ажил тараад явж байхад Эийн найз Б над руу залгасан байсан. Тэгээд би Бийн утас руу залгасан чинь “Жаргал бид 2 хамт байна, чи Драгоны баруун талд байх Намуун гэх газар хүрээд ир” гэсэн. Очсон чинь Б надад “Э хуучин нөхөр Идэрээтэй уулзах гээд явсан, хамт очъё” гээд Жаргал, Б бид 21 дүгээр хороолол, зочид буудалд орсон чинь Э, Идэрээтэй хамт байсан. Би “явлаа” гээд Эд хэлээд гарах гэсэн чинь Э, Б хоёр хоорондоо маргалдсан. ...Э гараараа Бийн нүүр лүү нь нэг удаа цохисон. Үсдээд газар унагаагаад дараад байхаар нь би очоод салгасан чинь Б Эийн урдаас салаавч гаргаад байсан чинь Э, Бийн гар утсыг яваад газар шидсэн...” гэх мэдүүлэг /хх-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.09-ний өдрийн 8290 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Бийн биед баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун тохойнд цус хуралт, баруун зүүн тохойнд зулгаралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/,
Шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ...“Идэрбаттай уулзаад ирье” гээд би гараад явсан. Идэрбат бид хоёр уулзаад дэн буудал гэх газар байж байсан чинь Билгүүн, Жаргал, Б нар ороод ирсэн. Би Бт “Чи яагаад Билгүүнийг дагуулж ирж байгаа юм” гэсэн чинь хэл амаар доромжлоод байсан. Би Бийг нэг удаа нуруу руу нь гараараа цохисон. ...Билгүүн бид 2 таксинд суугаад явж байсан чинь Б, Идэрбаттай утсаар яриад зогсож байсан. Би буцаж ...очсон чинь над руу салаавч гаргаад байхаар нь нүүр лүү нь алгадаад, үсдээд газар унагаагаад, гарнаас нь гар утсыг нь авах гэсэн чинь гар утас газар шидэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-36-39/,
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-44/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-46/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/, хохирлын баримт /хх-51/, шүүгдэгчийн ажлын тодорхойлолт /хх-54/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-55-60/, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талд хохирогч Г.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, биед нь баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун тохойд цус хуралт, баруун зүүн тохойд зулгаралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.Бийн “...Жаргал, Э бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Э миний үснээс гараараа зулгааж газар унагаасан. Унахдаа би 2 өвдөг, 2 тохой хэсгээрээ унасан. Тэгсэн Э намайг үсдээд чирсэн...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч С.Идэрбатын “...Э, Б хоёр нэг нэгнийгээ өшиглөөд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-15/, гэрч Э.Билгүүний “...Э гараараа Бийн нүүр лүү нэг удаа цохисон. Үсдээд газар унагаагаад дараад байхаар нь... Э, Б хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүх эмнэлгийн 8290 дүгээр “1.Г.Бийн биед баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун тохойнд цус хуралт, баруун зүүн тохойнд зулгаралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-19/, шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн “...би очоод гараараа нүүр лүү нь алгадаад, үсдээд газар унагаагаад...” гэх мэдүүлэг /хх-36-39/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эийн хохирогч Г.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...140.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх гар бичвэр /хх-64/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй. Дахиж ийм асуудал гаргахгүй. Энэ хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан хүний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 140.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу буудлын өрөөнд болон гудамж талбайд үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх чөлөөнд халдаж зодсон, мөн эд зүйлийг авч шидсэн /гэмт хэргийн шинжгүй/ үйлдэлд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сарын 450.000 төгрөгийн цалинтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б.Эийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Галзад овогт Батсүхийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР