| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01572/И |
| Дугаар | 01529 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 01529
2016 оны 12 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/01529 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, 59 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12-52 тоотод оршин суух, Зэлмэ овгийн Оргоогийн Тогтохын /регистрийн дугаар ФМ57051613/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Тогтох, гэрч Гаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Тогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Тогтох нь 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын 2 дугаар хэсэгт бохир ус лаг соруулах зориулалтын тоног төхөөрөмжтэй авто машины жолоочоор өнөөг хүртэл ажиллаж байна. Иймд уг машины жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Тогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Би анх 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн орон сууцны удирдах газар ачигчаар ажилд орсон.1985 оны 01 дүгээр сараас Уулын технилоги тээврийн цехэд АНМ 53 машины жолоочоор ажилласан. АНМ 53 маркын автомашин бол бохир ус, лаг соруулах зориулалтын автомашин.Одоо би Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Hyunda HD170 маркын бохир ус, лаг соруулах зориулалтын авто машин дээр ажиллаж байгаа.Марк нь өөр өөр болохоос зориулалт нь ижил тээврийн хэрэгсэл юм.Хөдөлмөрийн дэвтэр дээр намайг “жолоочоор авч ажиллуулав” гэж бичсэн болохоос ямар зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байсан болохыг бичээгүй учраас би хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах боломжгүй байна.Иймд намайг 1985 оны 01 дүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл бохир ус, лаг соруулах зориулалттай тоног төхөөрөмжтэй автомашины жолоочоор ажиллаж байсан, ажиллаж байгааг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Тогтох нь 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Эрдэнэт Үйлдвэрийн Уулын технилоги тээврийн цехэд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллагын 2 дугаар хэсэгт бохир ус, лаг соруулах зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 044256 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн орон сууцны удирдах газар ачигчаар авч ажиллуулав.1985 оны 01 дүгээр сарын 15 ачигчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж Уулын технилоги тээврийн цехэд АНМ 53 машины жолоочоор шилжүүлэн ажиллуулав” гэжээ.
2.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 430 дугаар архивын лавлагаанд “Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 418-к дугаар тушаалд: Оргоогийн Тогтохыг (бүртгэлийн дугаар 66189) 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт 3 дугаар зэргийн тросс шүлжигчээр авч ажиллуулсугай, Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12-к дугаар тушаалд: Орон суун нийтийн аж ахуйн удирдах газарт тросс шүлжигч ажилтай Оргийн Тогтохыг (бүртгэлийн дугаар 66189) 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Уулын технологийн тээврийн цехэд АНМ-53 автомашины жолоочоор шилжүүлэн ажиллуулсугай” гэжээ.
3.Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 418к дугаар тушаалд “Оргоогийн Тогтохыг 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ачигчаар ажиллуулсугай” гэжээ.
4.Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 412к дугаар тушаалд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ачигч Оргоогийн Тогтохыг 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс уулын технологийн тээврийн цехэд АНМ-53 машины жолоочоор ажиллуулсугай” гэжээ.
5.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн байгууллагын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/30 дугаар тушаалд “”Авто цуваа 2 хэсгийн жолооч О.Тогтохыг 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бохир сорох зориулалтын Hyunda HD170 автомашины жолоочоор ажиллуулсугай” гэжээ.
6.Гэрч Л.Гаваа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 1984 оны 10 дугаар сараас эхлэн Эрдэнэт үйлдвэрийн авто тээврийн байгууллагад жолоочоор ажиллаж байна.Тэр үед би бохир ус, лаг соруулах зориулалттай АНМ-53 автомашины жолоочоор ажиллаж байгаад 1985 оны 01 дүгээр сараас Тогтох манай цехэд шилжиж ирээд энэ АНМ-53 автомашины жолоочоор ажиллаж эхэлсэн.Би одоо ч үйлдвэрт жолоочоор ажиллаж байна.Тогтох одоо Hyunda HD170 маркын бохир ус, лаг сордог автомашин дээр ажиллаж байгаа” гэжээ.
7.Гэрч Л.Гаваагийн хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уулын тээвэр технологийн цехэд жолоочоор томилон ажиллуулав” гэжээ.
Нэхэмлэгч О.Тогтох нь 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Эрдэнэт Үйлдвэрийн Уулын технилоги тээврийн цех болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын 2 дугаар хэсэгт бохир ус лаг соруулах зориулалтын тоног төхөөрөмжтэй авто машины жолоочоор ажиллаж байсан, ажиллаж байгаа нь нэхэмжлэгчид 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 044256 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 430 дугаар архивын лавлагаа, Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 418к дугаар тушаал, Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 412к дугаар тушаал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн байгууллагын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/30 дугаар тушаал, гэрч Л.Гаваагийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Гавааг гэрчээр асуусан ба гэрч Л.Гаваа 1985-2016 хүртэл нэхэмжлэгч О.Тогтохтой хамт ажиллаж байсан, ажиллаж байгаа болох нь гэрчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч О.Тогтохоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зэлмэ овгийн Оргоогийн Тогтохыг 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Эрдэнэт Үйлдвэрийн Уулын технилоги тээврийн цех болон Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын 2 дугаар хэсэгт бохир ус, лаг соруулах зориулалттай тоног төхөөрөмжтэй автомашины жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Тогтохоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА