| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0853/Э |
| Дугаар | 846 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 846
2019 8 05 2019/ШЦТ/846
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч С.Мөнхтулга,
шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908031041034 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуут овогт Барсэдийн Ч /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын дан байрны 13-03 тоотод оршин суух Б.Урангуагийн гэрт иргэн Д.Мын биед халдаж, эрүүл мэндэд нь цохонд шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний доод зовхины зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 03-нд Урангуагийнд очсон. Унтаж байтал хохирогч дээр гарчихсан хоолой боож байсан. Тэгэхээр нь босоод хавирсан чинь унаад өгсөн. Тэгээд салахгүй болохоор нь би гараад явсан. 1 шил архинаас багахан уугаад орой ажилтай байсан тул би унтаад өгсөн. Хохиролд 300.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908031041034 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Мын: “2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэг хашаанд байдаг Урангуа намайг гэртээ дуудахаар нь орсон чинь Ч орноосоо босолгүй, “Хараа” архи өвөртөө хийчихсэн хэвтэж байсан. Урнаа өөрөө нэг пиво задалчихсан сууж байсан. Чын өвөрт байгаа архийг аваад ахыг дуудчих гэхээр нь архийг аваад өөрийг нь дуудсан. Ч босоод ирэхээр нь гурвуулаа нэг том пиво, “Хараа” архийг ууж дуусаад байсан чинь Ч миний өврөөс зөвшөөрөлгүй архи авсан гэсэн зүйлээс болж бид хоёр маргалдсан. Бид гурав нилээн согтсон байсан. Чыг томроод байхаар нь би заамдаад авсан чинь Ч өөрийгөө “Орос улсад байлдааны самбо бөхөөр 4 жил хичээллэсэн хүн” гээд бид хоёр барьцалдаж байгаад салсан. Ч хоёр гараараа миний мөрнөөс барьж байгаад хавсарч унагаасан. Би зуух руу толгойгоороо мөргөж унаад босож ирсэн чинь миний хоёр хөмсөгний гол цох хэсэгт язарч цус гараад бид хоёр зодолдохоо болиод би Урангуагийн гэрээс гараад хажуу айлын Эрдэнэ гэх хүнийг дуудаад цагдаа дууд гэж хэлсэн. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25/,
Гэрч Б.Урангуагийн: “2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ч ах гаднаас манай гэрт 0,75 литрийн “Хараа” архи авч орж ирээд бид хоёр тэр архийг нь талд нь ортол уугаад Ч ах “орой ажилтай” гээд унтаад өгсөн. М гэдэг манайхтай нэг хашаанд амьдардаг хүн орж ирээд гарч байсан. Нэг мэдсэн М ах толгойгоо оёулсан “толгойндоо боолт хийгээд ирлээ, танайд байсан бүдүүн хүнд би зодуулчихлаа” гэж хэлсэн. ...Ч ахтай уулзаад “та яагаад хүн цохиж байгаа юм бэ, хүн алвал яана” гэж хэлсэн чинь Ч ах “тэр хүн чинь миний хүзүүг боогоод, намайг өшиглөөд байхаар нь тэгсэн” гэж хэлээд хүзүүгээ үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-27/,
Гэрч А.Эрдэнийн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 16-17 цагийн орчимд манай хаалгыг хүн нүдэхээр нь “хэн бэ” гэсэн чинь “М ах нь байна” гэхээр нь хаалга онгойлгож өгсөн. М ахын нүүр нь цус болсон согтуу ороод ирсэн. Асуухад “намайг хүн зодчихлоо, цагдаа дуудаад өг” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-29/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.06.04-ний өдрийн 6932 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Мын биед цохонд шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-33/,
Шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн: “2019-оны 6 дугаар сарын 03-ны өдөр Б.Урангуагийн гэрт очсон. ...Би ганц 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч очсон. Тэр архийг Б.Урангуа бид 2 ууж байгаад талд нь оруулаад орой ажилтай байсан тул би больсон. Урангуагийн гэрт газар орных нь урд хэвтэж байсан чинь гаднаас М орж ирсэн. ...М орж ирээд Урангуатай хамт архи уусан юм шиг байсан. Намайг хэвтэж байхад М цамцнаас заамдаж аваад цамцаар боосон. Би уур хүрээд босож хөлийг нь хавирчихсан чинь урагш шургаж унаад босож ирсэн чинь хөмсөгний гол цох хэсгээс нь цус гарсан. Юунд яаж цохисон талаар би мэдэхгүй байна. М цус нь гоожоод босож ирээд над руу дайраад байхаар нь би гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-40-43/,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20/, Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн тодорхойлолт /хх-54/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /хх-60/, дансны хуулга /хх-61-63/, түүний хүүхдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ч согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын дан байрны 13-03 тоотод иргэн Д.Мыг зодож биед нь цохонд шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Мын “...гурвуулаа нэг том пиво, “Хараа” архийг ууж дуусаад ...Ч хоёр гараараа миний мөрнөөс барьж байгаад хавсарч унагаасан. Би зуух руу толгойгоороо мөргөж унаад босож ирсэн чинь миний хоёр хөмсөгний гол цох хэсэгт язарч цус гараад...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Б.Урангуагийн “...М ах толгойгоо оёулсан “толгойндоо боолт хийгээд ирлээ, танайд байсан бүдүүн хүнд би зодуулчихлаа” гэж хэлсэн. ...Ч ах “тэр хүн чинь миний хүзүүг боогоод, намайг өшиглөөд байхаар нь тэгсэн” гэж хэлээд хүзүүгээ үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-27/, гэрч А.Эрдэнийн “...М ахын нүүр нь цус болсон согтуу ороод ирсэн. Асуухад “намайг хүн зодчихлоо, цагдаа дуудаад өг” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-29/, шүүх эмнэлгийн 6932 дугаар “1.Д.Мын биед цохонд шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-33/, шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн “...М заамдаж аваад намайг цамцаар боосон. Би уур хүрээд босож хөлийг нь хавирчихсан чинь урагш шургаж унаад босож ирсэн чинь хөмсөгний гол цох хэсгээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-40-43/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Чын хохирогч Д.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч өвчтэй хүүхдээ хардаг, ажил эрхэлдэг, хохирол төлсөн, гэмшиж байгааг нь харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай” гэж,
шүүгдэгч “Хүүхдийн эм, тариа их үнэтэй байдаг. Тиймээс торгох ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ хүний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан, ахуйн хүрээнд архидан согтуурсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, түүний хүүхэд элэгний фиброз ба цирроз өвчтэй буюу ар гэрийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сард 830.000 төгрөгийн цалинтай гэх/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б.Чыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуут овогт Барсэдийн Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР