| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01647/И |
| Дугаар | 01528 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 01528
2016 оны 12 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/01528 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол, 49 дүгээр байрны 01 тоотод оршин суух, Урианхан овгийн Сүхбаатарын Дандарын /регистрийн дугаар ХЛ56101918/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Дандар, гэрч Б.Энхбат, С.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Дандар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие улсад нийт 34 жил ажилласан. Ингэхдээ сургуульд төгсөөд Улсын клиникийн төв эмнэлэг буюу 1 дүгээр эмнэлэгт анх 1982 оны 07 дугаар сараас 1994 оны 07 дугаар сар хүртэл ажилласан. Ингээд Эрдэнэт хотод шилжин ирж Эрдэнэт үйлдвэрт ажилласаар өдий хүрсэн. Миний бие 60 нас хүрсэн учраам өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангаж, тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ ажлаас 1994 онд чөлөөлөгдсөн байдлыг бичихдээ өөр хүний мэдээллийг бичиж түүнийгээ дарж миний мэдээллийг бичсэнээс хөдөлмөрийн маань дэвтэр засвартай болж улсад ажилласан жил маань бүрэн тодорхойлогдохгүй 12 жил алдахад хүрч тэтгэвэр маань дутуу тогтоогдох болоод байна. Энэ байдлыг 1996 онд Хөдөлмөрийн дэвтэрийг улс орон даяар баталгаажуулах үед тухайн засвартай гэх тушаалын хуулбарыг авчирч хөдөлмөрийн дэвтэртээ хавсаргасан ба Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас намайг 12 жил 1 сар ажиласнаар баталгаажуулсан байдаг. Гэтэл Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар энэхүү баталгаажуулсан байдлыг үл хэрэгсэн хүчинтэйд тооцож өгөхгүй байгаагаас шүүхийн байгууллагаар тогтоолгох болоод байна. Иймд миний бие 1982 оны 07 дугаар сараас 1994 оны 08 дугаар сар хүртэл нийт 12 жил 1 сар Улсын клиникийн төв эмнэлэг буюу 1 дүгээр эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дандар нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улсын клиникийн төв эмнэлэг буюу 1 дүгээр эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1982 оны 08 дугаар сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүлийг хамгаалах яамны сайдын 173 дугаар тушаалаар томилогдон ирсэн тул мэс заслын 1,2 дугаар тасагт их эмчээр ажиллуулав, 1979 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Курс төгсөж ирсэн тул Хонгортолгойн 3 дугаар бригадад тракторчноор авч ажиллуулав, 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотод шлжин ажиллах болсон тул их эмчийн ажлаас чөлөөлөв” гэжээ.
2.Эрүүл мэндийн яамны харьяа улсын клиникийн төв эмнэлгийн даргын 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/137 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд “Мэс заслын 1, 2 дугаар клиникийн их эмч С.Дандар Эрдэнэт хот шилжих болсон тул 8 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.
3.Клиникийн 1 дүгээр нэгдсэн эмнэлгийн дарга Л.Гэпилийн гаргасан С.Дандарын ажил байдлын тодорхойлолт.
4.1992 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн С.Дандарын бүтээлийн жагсаалт,
5.1992 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн С.Дандарын ажлын тайлан
6.Гэрч С.Сарантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие Санжаа овогтой Сарантуяа нь 1989 онд Улсын клиникийн тө эмнэлгийн дотрын 1 дүгээр тасагт дотрын эмч, сэргээн засах эмчлгээний тасгийн эмчээр ажиллаж байхад С.Дандар эмч нь 1982 оноос мэс заслын тасагт эмч, дотоод шүүрлийн мэс заслын эмчээр ажиллаж байсан. 1996 он хүртэл ажиллаад Эрдэнэт рүү шилжсэн” гэжээ.
7.Гэрч С.Сарантуяагийн хөдөлмөрийн дэвтэрт “1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд эм судлалын хичээлийн багшаар авч ажиллуулав.1994 оны 12 дугаар сарын 01 Эрдэнэт хот шилжих болсон тул их эмчийн ажлаас чөлөөлөв” гэжээ.
8.Гэрч Б.Энхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Миний бие 1984 онд оюутны мэс заслын дадлага хийж байсан үеэс тус эмнэлгийн мэс заслын 1, 2 дугаар тасгийн эмчээр ажиллаж байсан С.Дандар эмчийг мэднэ. АУДэС-ийг 1987 онд төгсөж Улсын клиникийн төв эмнэлэгт ажиллах болсон цаг хугацаанд хамт ажиллаж байсан.Өи 1997 он хүртэл 1 дүгээр эмнэлэгт ажилласан” гэжээ.
9.Гэрч Б.Энхбатын хөдөлмөрийн дэвтэрт “1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЭХЯ, АБЯ, Сангийн яамны сайд нарын 181, 256, 191 тоот тушаалыг хэрэгжүүлэн Улаанбаатар Эрдэнэтийн эмнэлгүүдэд дадлага хийлгэхээр туслах эмчээр ажиллуулав” гэжээ.
10.Гэрч Б.Энхбатын нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 07 дугаар сарын 01 чих хамар хоолойн клиникт их эмчээр авч ажиллуулав” гэжээ
Нэхэмжлэгч С.Дандар нь 1982 оны 07 дугаар сарыг 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улсын клиникийн төв эмнэлэг буюу 1 дүгээр эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Эрүүл мэндийн яамны харьяа улсын клиникийн төв эмнэлгийн даргын 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/137 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, клиникийн 1 дүгээр нэгдсэн эмнэлгийн дарга Л.Гэпилийн гаргасан С.Дандарын ажил байдлын тодорхойлолт, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн С.Дандарын бүтээлийн жагсаалт, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн С.Дандарын ажлын тайлан, гэрч С.Сарантуяа, Б.Энхбат нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Сарантуяа, Б.Энхбат нарыг гэрчээр асуусан ба гэрч С.Сарантуяа 1989-1994 онд, гэрч Б.Энхбат 1987-1997 он хүртэл Улсын клиникийн төв эмнэлэг буюу 1 дүгээр эмнэлэгт тус тус эмчээр ажиллаж байсан болох нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Дандараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Урианхан овгийн Сүхбаатарын Дандарыг 1982 оны 07 дугаар сарыг 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улсын клиникийн төв эмнэлэг буюу 1 дүгээр эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Дандараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА