| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0049/э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2017-10-24 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 53
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор А.Амгалан /цахим сүлжээгээр оролцсон/
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл
Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Ц.*******д холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ний кемпийн амрах байранд иргэн Б.*******тэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Ц.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасньг журамлан шүүгдэгч Ц.*******г ялаас чөлөөлж, Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.*******д 4200000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тэмдэглэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.*******гийн 3 ширхэг компьютер томографийн шинжилгээний зургийг хохирогчид буцаан олгож, Ц.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдсан эсэргүүцэлдээ:. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх Ц.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хэрэгт хяналт тавьсан прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллах дүгнэлтийн хамт шүүхэд шилжүүлсэн.
Шүүх мөн журмаар хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болох “хүнд” ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох тухай заалт нь хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон, “хөнгөн” ангиллын гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаархаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай журам зөрчсөн. Мөн энэ хэрэг нь хүнд ангилалын хэрэгт хамаарч байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналыг гаргаж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хүнд төрлийн гэмт хэрэгт хамаардаг. Уг гэмт хэрэг маань хорих, торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Тухайн хэргийг анхан шатны шүүх рүү буцаалгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлж оногдуулах хуульчилсан зохицуулалт байдаг. Миний үйлчлүүлэгч Ц.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн учраас торгох ял оногдуулж ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагыг хангаагүй байдал тус тус тогтоогдов.
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5/01 дугаартай тогтоол /хх-91/ гаргаж Ц.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх /хх-92/ саналын хамт анхан шатны шүүхээр шийдэрлүүлэхээр шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д заасан ...шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэсэн заалтыг зөрчиж Ц.*******г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрээ гаргалгүйгээр Ц.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 2.6 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан заалтуудыг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Давж заалдах шатны шүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулах эрхийг Эрүүгийн хуулиар олгоогүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн Ц.*******д давж заалдах шатны шүүхээс ял оногдуулж өгөхийг хүссэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5/01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.*******д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА