Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 3

 

2018 оны 01 сарын 23 өдөр             Дугаар 127/ШШ2018/0003                      Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 127/2017/0019/3

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Саригийн А-26-09 тоотод оршин суух, Б.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ...Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 92 тоот захирамжийг хүчинтэйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Хэрлэн сумын 5 дугаар багт үйлдвэрлэлийн зориулалтаар 6000 м2 газрыг эзэмшихээр бүх бичиг баримтаа бүрдүүлэн газрын албанд өгсөн юм. 2010 оноос хойш газрын гэрчилгээгээ аймгийн газрын албанаас авах гэж хөөцөлдөж явсан. Тухайн газар эзэмших гэрчилгээгээ авч чадаагүй бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 28-нд газар эзэмших эрх хүчингүй болсоныг 2014 оны 4 дүгээр сард мэдсэн.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг нь үзтэл гэрээ байгуулаагүй үндэслэлээр цуцлагдсан байсан. Гэтэл тухайн газрын гэрчилгээ нь 2012 оны 11 сард гарсан байсан. Түүнийг би 2014 онд буюу газар эзэмших эрхийг маань цуцалсан захирамж гарснаас хойш мэдсэн. Энэ хугацаанд газрын албанаас хэн ч намайг дуудаагүй, энэ талаар би мэдээгүй. 2014 онд л аймгийн Газрын албаны архиваас хуулбарлан авч өөрөө мэдсэн.

... 2008 оноос хойш Газрын албанаас, удаа дараа гэрчилгээгээ авъя гэхэд надад газрын гэрчилгээг маань өгөөгүй. Би газрын гэрчилгээгээ авах гэж олон жил явсан. Газрын гэрчилгээ гараад хүчингүй болсон гэдгийг би 2014 оны 4 сард мэдээд аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Миний өргөдөлийг аймгийн засаг дарга шийдэж өгөөгүй, албан ёсны хариу өгөөгүй.

...Би газар эзэмших гэрчилгээгээ өөрөө гардаж аваагүй, газрын албатай албан ёсны гэрээ байгуулаагүй байхад миний газар эзэмших гэрчилгээг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон. Газрын албаны архиваас шүүхэд, аль хэдийн миний газар эзэмших гэрчилгээ гарчихсан байсан. “Гэрчилгээгээ ав, гэрээгээ хий” гэж надад хэлээгүй, мөн Газрын албаныхны хүнд суртал хэрээс хэтэрсэн учраас би шүүхэд гомдол гаргасан юм.  Иргэн хүнд яагаад гэрчилгээгээ ав, гэрээгээ хий гэж хэлж болдоггүй юм бэ? Би аймгийн Засаг даргад олон удаа өргөдөл бичихэд надад нэг ч удаа хариу өгөхгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэхэд л хариу ирсэн. Төрийн байгууллага нь иргэний хүсэлт, гомдолд заавал хариу өгөх ёстой байтал, хариу өгөх хугацааг тоогоогүй бөгөөд хүний эзэмшлийн газрыг дураараа хүчингүй болгосон. Би иргэн хүнийхээ хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Б- нь Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 92 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх” захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар баг “Суно” уурын зуухны урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 6000 м2  газрыг “Өндөрхаан” ХК-иас шилжүүлэн авсан боловч 2012 он хүртэл 4 жилийн хугацаа болоход шилжүүлэн авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй зэргийг үндэслэн аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот захирамж гарсан. Тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь анх 2008 онд 10000 м2 газар эзэмших өргөдөл гаргасан байсан. 2008 онд тухайн өргөдөлийг шийдвэрлэхдээ 6000 м2 газар олгогдохоор шийдэгдсэн юм билээ. Яагаад ингэж гарсан бэ гэвэл тухайн газрын цаана “Мах экспорт” ХХК-ны орц гарцыг хаасан асуудал байсан. Гарц орцыг хаасан учраас 6000 м2 газар гэж шийдэгдсэн юм билээ. 2008 оны 4 сард эрх шилжүүлэх захирамж гарсан. Засаг даргын захирамжийн 2 дугаар заалтад “газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, газрын төлбөрийг хугацаанд нь төлж, Газрын тухай хууль болон гэрээний дагуу эзэмшихийг Б.Б--д даалгасугай” гэж зааж өгсөн байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч нь гэрээг шинэчлэн байгуулж, газрын төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч газрын төлбөрийг төлөхгүйгээр 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 жил сураггүй алга болсон. Нэхэмжлэгчийг ирэхгүй болохоор нь бид харж байгаад 2013 оны 6 дугаар сард гэрчилгээг хүчингүй болгосон” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...аймгийн Засаг даргын захирамжийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримталсан. Уг заалт нь шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодог. Тийм учраас уг заалтыг үндэслэж захирамж гарсан байгаа. Тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй бөгөөд газрын гэрчилгээг хүчингүй болгох хуулийн заалтын нөхцөл байдал хангагдсан байсан учраас Засаг даргын захирамж гарсан” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Б.Б- Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 92 тоот захирамжийг хүчинтэйд тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан: Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар “...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад дараахи үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэн Б.Б- нь 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Дорлигтой “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулжээ. Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 92 тоот захирамжаар тухайн гэрээг баталгаажуулж, Б.Б-од Хэрлэн сумын 5 дугаар баг “Суно” уурын зуухны урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 2311010106 дугаар бүхий 6000 м2 газрыг, 60 жилийн хугацаатай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.[1]

Б.Б-ын эзэмшлийн газрыг, Хэнтий аймгийн Засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/286 тоот захирамжаараа хүчингүй болгожээ.[2]

Нэхэмжлэгч Б.Б- өөрийн эзэмшлийн газраа хүчингүй болсоныг 2014 оны 4 дүгээр сард мэдээд, Хэнтий аймгийн Засаг даргад 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр[3], 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрүүдэд[4] тус тус өргөдөл гаргаж байжээ. Иргэн Б.Б-ын Хэнтий аймгийн Засаг даргад гаргасан өргөдөлд, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5/1839 тоот албан бичгээр[5] хариу өгчээ. Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэлийг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааны дотор буюу “...нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 02/156 тоот албан бичиг[6] шүүхэд ирүүлжээ. Тухайн албан бичигт:  “...иргэн Б.Б-ын эзэмшиж байсан газрыг одоогийн байдлаар өөр иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага эзэмшиж ашиглаагүй болно” гэснийг,

Нэхэмжлэгч Б.Б- нь Хэнтий аймгийн Газрын албаны, Төрийн сан дахь дансанд 2010 онд “...гэрчилгээ, зургийн үнэ” гэж 12500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөг шилжүүлснийг,[7]

Гэрч Л.Тунгалагийн “...би Б.Б-ын хашаанд байдаг байсан. Б.Б- нь надаас, аймгийн захиргаанаас болон Газрын албанаас ямар нэгэн албан бичиг, мэдэгдэл ирсэн үү гэж асууж лавладаг байсан, тийм зүйл ирээгүйг өөрт нь хэлдэг байсан.”[8] гэх мэдүүлэг зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар нь нэхэмжлэгч Б.Б-той газар эзэмших гэрээг байгуулаагүй, гэрээ байгуулсан нотлох баримт, эрхийн акт гаргаагүй,  ....жил бүр дүгнэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зайлшгүй үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хяналт тавих үүргээ биелүүлээгүй атлаа “...гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил болон түүнээс дээш жил дараалан” ашиглаагүй гэж үзэж Б.Б-ын газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “... энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол..... эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргана.... гэснийг” зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч гэрээ байгуулсаны дараа, гэрээнд заасан зориулалтаар  тухайн газрыг эзэмшиж, ашиглах, газрын төлбөрөө төлөх тухай зохицуулалт байхад хариуцагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн № 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-т “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.

Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 02/158 тоот албан бичиг[9] шүүхэд ирүүлжээ. Үүнд: “...иргэн Б.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот захирамжаар хүчингүй болгосон, ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон мэдэгдлийг хүргүүлсэн албан бичиг, нэгж талбарын хувийн хэрэгт нь  болон манай байгууллагын архивт байхгүй байна, ...иргэн Б.Б-од 2008 онд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх нээгдсэн. ...манай байгууллагад маргаан бүхий газрын кадастрын зураг байхгүй байна” гэжээ. Үүнээс үзвэл ......  гэрээ байгуулагдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй ба шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасан болохыг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн № 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.11-т “ ...хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “...мэдэгдэнэ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ” гэж тайлбарлажээ. Дээрхи байдлыг дүгнэхэд: Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь  Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс иргэн Б.Б-ыг шилжүүлэн авсан газрын эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй гэх боловч үүнийг нотолсон, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглаагүй, хариуцагч захиргааны байгууллага нотолж чадахгүй байна.

Иймд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамж нь, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаа өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БАЯСГАЛАН

 

 

 


[1] Хавтаст хэргийн 8-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас

[3] Хавтаст хэргийн 9-р хуудас

[4] Хавтаст хэргийн 12-р хуудас

[5] Хавтаст хэргийн 10-р хуудас

[6] Хавтаст хэргийн 21-р хуудас

[7] Хавтаст хэргийн 38-р хуудас

[8] Хавтаст хэргийн 43-р хуудас

[9] Хавтаст хэргийн 34-р хуудас