Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0329

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, прокурор Ч.Б нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.Б-ын гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Г-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр:

“...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Г-ын үйлдсэн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0176853 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах гомдолдоо:

“...Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээр дурьдсан шийдвэрийн үндэслэх хэсэг эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй шалтгаанаа “ ... төрийн үйл ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж олон удаа утсаар дуудсан боловч ирээгүй ..." гэж тайлбарлаж байгаа ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16-д заасан холбогдогчийг дуудан ирүүлэх журмыг хэрэгжүүлсэн талаар утасны дуудлага хийсэн жагсаалтаас өөр баримтууд байхгүй тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 1.13 дугаар зүйлд заасан хүсэлт гаргах болон мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэгтэй танилцуулах, шаардлагатай бол түүнийг цахим хаяг болон гэрийн хаягаар шуудангаар холбогдох ажиллагаа хийж байгаа тухай баримтуудаа илгээгээгүй зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна” гэжээ

Шүүхийн шийдвэрийн дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Үндэсний аудитын газраас ирүүлсэн “Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай” 2879 дугаартай албан бичгийн хавсралтаар холбогдох материалтай танилцаж, холбогдох байгууллагуудаас лавлагаа мэдээлэл авсаны дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай тхуулийн 4.16-д заасныг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Б-ын 99089902 дугаарын утсаар холбогдож Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн байранд ирж мэдүүлэг, болон ирүүлсэн гомдол мэдээллийн талаар нотлох баримт гаргаж өгөх талаар хэлж Аудитын газрын албан бичгийн талаар танилцуулсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллгааны бүхий л хугацаанд өөрийн биеэр ирээгүй, ямар нэгэн тайлбар нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Татварын улсын байцаагч Л.Г нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллгааны явцад иргэн Б.Б-тай нийт 10-аас дээш удаа утсаар холбогдож, дуудан ирүүлэх, хэргийн оролцогчийн хувьд эрх үүргийг нь тайлбарлаж өгөх, мөн шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөхийг хүссэн боловч иргэн Б.Б нь тухай бүр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэх болон мэдүүлэг байлбар өгөхөөс татгалзаж байсан талаар тухай бүрт тэмдэглэл үйлдэж батлагаажуулсан боловч шүүх уг нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал: шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э миний бие энэ талаар тайлбар өгөхдөө шаардлагатай гэж үзвэл утсаар ярьсан талаарх тэмдэглэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа бол холбогдох үүрэн холбооны операторуудаас лавлагаа мэдээллийг гаргуулан авч шинжлэн судлах боломжтой байсан ч уг ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр хариуцагчаас ирүүлсэн тайлбар нотлох баримтыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журмыг зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлэх боломжийг тайлбарлаж өгөх талаар удаа дараа сануулсан боловч иргэн Б.Б нь хуульд заасан эрхээ тайлбарлуулах болон эдлэхээс удаа дараа шалтгаангүйгээр татгалзсан байна. Хариуцагчийн зүгээс эрхийг нь эдлүүлэх талаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай ажиллагааг хэрэгжүүлсэн боловч иргэн Б.Б нь эрхээ эдлэхээс татгалзсан төдийгүй мөн хуулийн 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх”, 3.3-д “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх”, 3.4-д “оролцогчид нөлөөлөхгүй байх” гэх үүргээ биелүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад доорх байдлаар нотлогдсон болно. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтныг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өөрийн биеэр очиж мэдүүлэг өгч хэргийн материалтай танилцана гэж ярьсан боловч Хөвсгөл аймгийн Хатгал тосгон хүртэл зорчихдоо Татварын улсын байцаагчтай холбогдоогүй, мөн мэдүүлэг тайлбар өгөөгүй байна. /тухайн үед Хөвсгөл аймгийн тариалан сумын нутаг Намнангийн арын хяналтын цэг болон Мөрөн сумруу орох хяналтын цэгт зорчсон талаарх лавлагааг эрх бүхий байгууллагаас авч хариуцагчийн гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байсан ч шүүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаагүй/

Иргэн Б.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүхий л хугацаанд эрх бүхий албан тушаалтны зүгээс тавьж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хамаарах шаардлагыг биелүүлээгүй, саад учруулсан нь хэрэгт авагдсан гомдол гаргагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт огт байхгүй болон холбогдох ямар нэгэн материал болон утсаар ярьсан бичлэг зэргээр нотлогдож байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны хүссэн мэдүүлэг нотлох баримт зэргийг огт өгөхгүйгээр хяналт тавьж буй прокурорын утасны дугаар бусад хувийн мэдээллийг удаа дараа шаардаж байсан нь хяналт тавьж албан тушаалтанд нөлөөлөх оролдого юм. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш Аудитын байгууллагатай очиж уулзана гэх зэргээр тайлбар өгч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан нь бусдад нөлөөлөх оролдого гаргасан шэж үзэхээр байсан.

Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчлийн талаарх гомдол мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Б-тай утсаар ярихдаа татварын улсын байцаагч материалтай өөрийн биеэр ирж танилцана гэж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохоос санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэл бүхий шаардлагыг харгалзан үзэж Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Г-ын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176853 тоот шийтгэлийг хүчин төгөлдөр болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Б.Б-ыг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Г-ын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176853 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгосонд Л.Г-аас эс зөвшөөрч тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гарган маргасанд анхан шатны шүүх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дахь хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийтгэлийн хуудсыг буруутгах боломжгүй байна.

Учир нь энэ тохиолдолд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тухайд маргаж байх ба уг харилцааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмаар илүү нарийвчлан зохицуулсан бөгөөд 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзвэл тухайн журам нь нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнахтай холбоотой буюу хууль бус хандив цуглуулж, төвлөрүүлэхийг хориглож, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд зорилго бүхий зохицуулалтыг агуулжээ.

Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /цаашид “хууль” гэх/ 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 3.4-д “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ.” гэж тус тус зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын нэг данстай байх бөгөөд сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын дансыг нээлгэж санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлэх зохицуулалттай.

Гэтэл Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/3414 албан бичгээр дээрх хуульд заасан үүргээ гомдол гаргагч Б.Б биелүүлээгүй талаар ирүүлсэн лавлагаа 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн банкны 37/659, Хас банкны 117/1356, мөн сарын 18-ны өдрийн Голомт банкны 10/481, 23-ны өдрийн Хаан банкны 5890/751 албан бичгүүдээр гомдол гаргагч нь хуульд зааснаар сонгуулийн зардлын тусгайлсан данс нээлгээгүй, сонгуулийн зардлын дансыг бүртгэлжүүлж, мэдээлээгүй болох нь нотлогдож байх тул маргаан бүхий шийтгэл хуудас үндэслэл бүхий байна.

Хэдийгээр гомдол гаргагчаас хариуцагч татварын байцаагч Л.Г нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй хэмээн маргаж байх боловч 2038000675 бүртгэлийн дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 07, 17, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх ба харин эсрэгээр гомдол гаргагч Б.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Холбогдогч дараахь үүрэгтэй:” 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж заасан үүргийг биелүүлээгүй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа алдаатай явагдсан гэж үзэхгүй.

Мөн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, 57.5-д “сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар Б.Б-аас Үндэсний Аудитын газарт сонгуулийн зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан тайлангийн хураангуй, тайлан зэргийг хүргүүлсэн талаарх баримтыг гомдол гаргагчаас гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй байхад дээрх зөрчлийг зөвтгөсөн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх эдлүүлээгүй, мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлаж байх боловч Зөрчлийн тухай хууль зөрчсөнд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа хийж шийтгэлийн хуудас үйлдсэн харилцаанд Захиргааны ерөнхий хууль, захиргааны актын хуульд заасан шаардлага хамаарахгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА