Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1114

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, улсын яллагч Г.Ганхөлөг, хохирогч Д.Г, Х.Д, Г.Б, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Зээрд адуу овогт Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805 00153 0938 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зээрд адуу овогт Д.А, Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан.боловч уг тогтоол “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” хүчингүй болсон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.А  2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ц-т хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3,600,000 төгрөгийг,

 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохиомол зүйлийг зориуд бий болгон “Буянт ухаа-2” хороололд орон сууцанд хөнгөлөлттэй үнээр оруулж өгнө” гэж бусдыг хуураад иргэн Х.Д-р дамжуулан иргэн Б.Г-с 3,780,000 төгрөгийг, иргэн Д.Г-с 6,315,000 төгрөгийг, иргэн Х.Д-с 3,000,000 төгрөгийг, иргэн Д.Э-с 6,150,000 төгрөгийг, иргэн Ц.С-с 6,280,000 төгрөгийг, иргэн Э.М-с 5,380,000 төгрөгийг,

 2018 оны 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б, Г.Б нараас өрх толгойлсон эмэгтэйчүүдэд намын шугамаар байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Драгон” төвийн хаан банкаар дамжуулж 10,000,000 төгрөгийг,

“Буянт-Ухаа” хороололд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн хүмүүст олгож байгаа квотын байранд оруулж өгнө гэж” иргэн Г.А, С.Ү, С.Д нарыг хуурч,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дино” дэлгүүр дотор иргэн Г.А-с хаан банкны 5112112215 тоот данснаас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 2,850,000 төгрөгийг иргэн С.Д-с бэлнээр, мөн газар иргэн Г.А-с 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 5026757181 тоот дансаар 3,000,000 төгрөгийг, мөн газар 2017 онд бэлнээр 150,000 төгрөгийг,

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын Хаан төвийн В1 давхарт иргэн С.Д-с 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд бэлнээр 5,000,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн орчимд иргэн С.Ү-с 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын хооронд “Хаан” банкны 5026757181 тоот данс ашиглан 5,300,000 төгрөгийг тус тус авч залилан нийт 60,805,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Зээрд адуу овогт Д.А нь:

2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ц-т хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3,600,000 төгрөгийг,

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохиомол зүйлийг зориуд бий болгон “Буянт ухаа-2” хороололд орон сууцанд хөнгөлөлттэй үнээр оруулж өгнө” гэж бусдыг хуураад иргэн Х.Д-ээр дамжуулан иргэн Б.-с 3,780,000 төгрөгийг, иргэн Д.Г-с 6,315,000 төгрөгийг, иргэн Х.Д-с 3,000,000 төгрөгийг, иргэн Д.Э-с 6,150,000 төгрөгийг, иргэн Ц.С-с 6,280,000 төгрөгийг, иргэн Э.М-с 5,380,000 төгрөгийг,

2018 оны 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б, Г.Б нараас өрх толгойлсон эмэгтэйчүүдэд намын шугамаар байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Драгон” төвийн хаан банкаар дамжуулж 10,000,000 төгрөгийг,

“Буянт-Ухаа” хороололд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн хүмүүст олгож байгаа квотын байранд оруулж өгнө гэж” иргэн Г.А, С.Ү, С.Д  нарыг хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дино” дэлгүүр дотор иргэн Г.А-с хаан банкны 5112112215 тоот данснаас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 2,850,000 төгрөгийг иргэн С.Д-с бэлнээр, мөн газар иргэн Г.А-с 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 5026757181 тоот дансаар 3,000,000 төгрөгийг, мөн газар 2017 онд бэлнээр 150,000 төгрөгийг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын Хаан төвийн В1 давхарт иргэн С.Дс 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд бэлнээр 5,000,000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн орчимд иргэн С.Ү-с 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын хооронд “Хаан” банкны 5026757181 тоот данс ашиглан 5,300,000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 60,805,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд дурдсан нэр бүхий 6 иргэнээс мөнгө авсан. Авсан мөнгийг МАН-ын Э гэж ажилтанд өгсөн. Э-ийн хаана байдгийг мэдэхгүй, гар утасны дугаарыг нь ч мэдэхгүй, над руу дандаа өөр дугаараас залгадаг байсан. Хамгийн сүүлд 3 дугаар сарын сүүлээр утсаар ярьсан. Одоо бол холбоогүй байгаа. Э-тэй хохирогч нарыг уулзуулж байгаагүй. Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Б сайдыг байх үед Буянт-Ухаа болон Хангай хотхонд байранд оруулж өгч байсан тохиолдол байгаа. Би урьд нь хүн байранд оруулж байсан болохоор оруулж өгч чадна гэж бодоод хохирогч нараас мөнгө авсан. Зарим хохирогч нарын хохирлыг би өөрөө төлсөн. Сонсгож буй зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сард 3, 4 дүгээр хороололд хүүхдүүдтэйгээ дэлгүүр хэсэж яваад А-тай таарсан. Би А-г багаасаа таньдаг болохоор их дотно уулзсан. Би А-аас “хаана юу хийж байгаа вэ” гэж асуухад “Монгол ардын намд ажиллаж байгаа, маргааш тухтай ярилцъя” гээд салсан. Маргааш нь гэртээ байж байтал над руу залгаад Охиноо “Д эгчийг байранд оруулах боломжтой юм байна” гэж хэлсэн. Намайг манай гэр бүлийн хүмүүс болон ойр тойрны хүмүүс Охиноо гэж дууддаг. Би багаасаа найзалсан болохоор итгээд 5,000,000 төгрөгийг хадгаламжид байсан мөнгөнөөсөө гаргаад өгсөн. Маргааш орой нь А дахиж залгаад Б, М нарыг байранд оруулах боломж байна, чи яриач ээ гэж хэлсэн. Б нөхөр нь нас барсан, 3 охин хүүхэдтэйгээ амьдардаг. Би Б-тэй яриад “чи А-тай өөрөө уулз, чиний мөнгийг би үрмээргүй байна” гэж хэлсэн. Бид хоёр А-тай Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр байхад нь очиж уулзуулсан. Тэгээд уулзаад манай дүү Драгоны Хаан банкнаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Гомдолтой байна, би буцааж авсан мөнгө байхгүй. Удаа дараа А-аас мөнгөө авъя, миний мөнгийг өгчихвөл шүүх хурал дээр муу үг хэлэхгүй гэдгээ хэлсэн. Ээж болон ах дүү нар руу ярихад тоосон шинж байгаагүй. А-г би засаршгүй худалч хүн гэж бодож байна. Ярьж байгаа болгон нь надад ярьсантай нийлэхгүй байна. 2011-2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хохирол төлбөрөө төлсөнгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Х.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би хөдөөгөөс шилжиж орж ирээд байранд орох шаардлагатай байна гээд найздаа ярьж байсан. Тэгээд байж байтал Д гээд хүн манай найз дээр орж ирээд “байранд орох боломж байна орох уу” гэж хэлсэн гэсэн. Би итгэж болох хүн үү гэж асуухад манай аймгийн хүн байгаа итгэж болно, хүмүүс бас мөнгөө өгчихсөн, өнөө маргаашгүй байрандаа орох гэж байна гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөний боломжгүй байсан тул ажил дээрээ мөнгө зээлээч, байранд орох боломж байна гэж ярьтал манай ажлын бас 7 хүн орохоор болсон. Би тэдгээр хүмүүсээс мөнгийг нь цуглуулаад өгчихсөн. Зарим нь дансаар зарим нь бэлнээр өгсөн. Бид нийт 33.827.000 төгрөг өгсөн. Үүнээс Гэрэл больё гэхээр нь би А-аас 2,000,000 төгрөгийг нь авч буцааж өгсөн. Г гэдэг хүн нь зээл авч өгсөн байсан, бас надаар дамжуулсан учраас надаас мөнгөө нэхээд байсан. Тэгээд би өөрийн цалингаас Г-д 1,400,000 төгрөгийг төлсөн, үүнийг А-с нэхэмжилнэ. Үлдэгдэл нийт 31,061,000 төгрөгийг А-с аваад хүмүүст  нь буцааж өгмөөр байна...” гэсэн мэдүүлэг;

4. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би орон байргүй, нөхрөөсөө салаад 10 гаруй жил байр хөлсөлж явсан хүн. Манай хадмуудтай Д хамт ажилладаг байсан. Манай хадам эгч 2017 оны 01 дүгээр сард байх над руу утасдаад байрны урьдчилгаа 30 хувь өгөх боломжгүй хүмүүст ийм боломж байна гээд над руу залгасан, дараа нь Д ч мөн энэ талаар хэлсэн. Улмаар би 10,000,000 төгрөгийн зээл аваад Д рүү шилжүүлсэн. Д надад 2,500,000 төгрөг нь байрны урьдчилгаа, 1,000,000 гаруй нь А-ийн бичиг баримт хөөцөлдөх мөнгөнд орно. Орсон хойноо 5,000,000 төгрөгийн хахуул өгчихнө. Нийт 10,000,000 төгрөгт л 3 өрөө байранд орох боломжтой, цалинтай мөртөө мөнгөө хуримтлуулж чадахгүй байгаа хүмүүст зориулаад боломжийн төсөл гарсан гэж надад хэлсэн. Би эхлээд 3,780,000 төгрөг шилжүүлсэн, 5,000,000 төгрөгийг нь хадгалаад байсан. Зун 6 дугаар сард А-ийн гарын үсэгтэй гэрээ хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тамга тэмдэгтэй байсан. Би тэр үед гарын үсэг зурахдаа бага зэрэг эргэлзсэн. Учир нь А үл хөдлөх хөрөнгийн гэрээ хийж байгаа мөртөө машин дотроо гэрээ хийсэн, нөхөртэйгөө хамт явж байсан. Би “ийм сонин байдлаар энэ байрыг худалдаж авах юм уу, албан ёсны контор байдаггүй юм уу” гэхэд санаа зоволтгүй, ингээд л болно. Харин энэ гэрээнд гарын үсэг зурчхаад 5,000,000 төгрөгөө шууд өгөөрэй гэж хэлсэн. Би тийм юм байхгүй гээд хөдөө ажлаар явсан. Хөдөө байх хойгуур над руу яриад ядаж талыг нь өгчих гээд байсан. Би хүүхэд рүүгээ 5,000,000 төгрөг шилжүүлээд С болон Д нарыг таньдаг болохоор нь л өгсөн. Д-г цааш нь өөр хүмүүст дамжуулж өгч байгааг мэдээгүй. Дараа нь Д-ийн ажил дээр очиж уулзаад А-ийн утсыг аваад ярих гэж хүртэл үзэж байсан. А тухайн бүрд л өөр өөр зүйл хэлж байсан. Нэг удаа бороонд Сүхбаатарын талбайн урьд талд хүлээж байсан тохиолдолд байгаа. А сайдтай уулзах гээд Засгийн газрын ордон руу орчихсон байна гээд бид хоёрыг хүлээлгэсэн. Энэ бол цэвэр залилан байсан. Одоо болтол цалингийн зээлээ төлж дуусаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг;

5. Албан бичгийн хариу (1хх-ийн 71 дүгээр хуудас), хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл (1хх-ийн 59 дүгээр хуудас);

6. Хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан тэргүүн гээд А гэх хүүхэн 2015 оны 02 дугаар сард Баянгол дүүргийн 7 дугаар төв дээр таарсан чинь Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэнд Буянт-Ухаа 2 хороололд байр олгохоор болсон, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн нь нас барчихсан юм чи оронд нь орох уу, байранд орохоор бол маргаашийн дотор 4,000,000 төгрөг авчирч өг гэхээр нь би аав Д, ээж Д хоёроос 1,100,000 төгрөгийн зээл авхуулаад үлдсэн мөнгийг нь дүү Ц-ээс зээлэн аваад маргааш нь А-тай утсаар яриад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дүүхээ төвийн гадна уулзаад бэлнээр 4,000,000 төгрөг бичиг баримтынхаа хуулбарыг А-д өгсөн юм. Тэрнээс хойш А байранд орсон хүмүүсийг шалгах гээд ажлын хэсэг гарсан байгаа танайхыг шалгах гэж байна, гэртээ байж байгаарай гэж ярьдаг тэгээд гэртээ хүлээгээд шалгалт нь ирэхгүй болохоор нь А-тай утсаар ярьчхаад шалгалт хойшлогдлоо, дараагийн сар шалгахаар боллоо би бас уг байранд орох гэж байгаа хоёулаа нэг дор өөд өөдөөсөө харсан байр авъя гэж яриад яваад байдаг байсан. Тэгээд 6 сарын дараа байх А утсаар яриад танайх ам бүл олуулаа юм чинь 4 өрөө байр авах уу, 3 өрөө байр авах уу 4 өрөө байр авахаар бол маргаашийн дотор 800,000 төгрөг аваад ир, би маргаашийн төрийн ордонд хуралтай, төрийн ордны үүдэнд аваад ирээрэй гэхээр нь нөхрийнхөө ах Р-с 800,000 төгрөг зээлээд аваад маргааш нь А-д бэлнээр өгсөн юм. А бид хоёр 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр уулзаад тооцоо нийлсэн чинь би анх А-д 2,800,000 төгрөг, дараа нь 800,000 төгрөг өгсөн байсан....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 11-13 дугаар хуудас);

7. Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл (1хх-ийн 112 дугаар хуудас), бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар (1хх-ийн 114-119 дүгээр хуудас), хохирогч Х.Д-ийн эзэмшдэг 5173045652 дансны хуулга (1хх-ийн 120-123 дугаар хуудас);

8. Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ (1хх-ийн 147-150 дугаар хуудас), төлбөр төлөх хэлцэл (1хх-ийн 154 дүгээр хуудас), банкны депозит дансны хуулга (1хх-ийн 155-156, 213-221), зээлийн гэрээ (1хх-ийн 157 дугаар хуудас);

9 Хохирогч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сард өөрийн найз Д-аар дамжуулан А гэх хүнтэй танилцсан. Тухайн А нь Монгол Ардын нам болон Баянгол дүүргийн тахир дутуу иргэдийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг гэж байсан. Тэгээд Буянт-Ухаа 2 хороололд шинээр баригдаж байгаа орон сууцанд хөнгөлөлттэй оруулж өгнө гэж хэлэхээр нь итгээд өөрөө болон ажлынхаа газрын хүмүүсийг хамруулж өгөхөөр нийт 7 хүний 32,850,000 төгрөгийг А болон өөрийн найз Д-ийн дансаар дамжуулан А-д өгсөн. ...Би Г гэх хүнээс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3,780,000 дараа нь ахиж 2,500,000 төгрөгийг Г-ийн дүү гэх эмэгтэй ирж бэлнээр өгсөн. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 35,000 төгрөгийг дансаар авсан. Ингээд Г-с нийт 6,315,000 төгрөгийг авсан. Үүнээс би Г-д өөрийн цалингаасаа нийт 1,250,000 төгрөгийг төлсөн байгаа. С гэх хүнээс 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 2,980,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус дансаар авсан. Би нийт С гэх хүнд 6,300,000 төгрөг өгнө. Э гэх хүнээс би 2017 оны 02 сарын 05-ны өдөр 3,650,000 төгрөгийг дансаар авсан. Дараа нь 2017 оны 05 сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийг дахин дансаар авсан. Ингээд би нийт 6,150,000 төгрөгийг авсан. М гэх хүнээс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2,850,000 төгрөгийг, 2017 оны 05 сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус дансаар авсан. Харин сүүлд хэзээ билээ бэлнээр 30,000 төгрөгийг авсан. Би М-аас нийт 5,380,000 төгрөг авсан. Гэрэл гэх хүнээс би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,980,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 800,000 төгрөгийг дансаар авсан. Би авсан бүх мөнгөө нэг ч төгрөг дутаалгүй Д.А-д өгсөн. Үүнээс Д.А нь 2017 оны 07 сарын 24-ний өдөр Г-д дансаар 2,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Тэгэхээр одоо 1,780,000 төгрөгийг Г-д өгөх ёстой. Ц гэх хүнээс бол би мөнгө аваагүй. Би өөрөө Д.А-д 2017 оны 02 сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард дахиад 1,500,000 төгрөгийг өгсөн. Ингээд би өөрөө Д.А нийт 3,000,000 төгрөгийг өгсөн. Би өөрөө байранд орох гээд байр хайж байтал Даваа надад Д.А гэх хүн байранд оруулж байгаа гэхээр нь би Д.А-ийн дугаарыг аваад утсаар ярьсан. Тэр үед А нь надад хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулж өгнө гэсэн. Тэгэхээр нь би ажил дээрээ очоод ажлынхаа хүмүүсээс мөнгө асуугаад ийм байр байна гэж хэлэхэд манай ажлын дээр нэр дурдсан хүмүүс бид нарыг бас оруулаад өг гээд тэгээд л би эд нараас мөнгө аваад Д.А-д өгсөн..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 104, 105-106 дугаар хуудас);

10. Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3,650,000 төгрөгийг Д-ийн гэх 5173045652 тоот данс руу хийсэн. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ахин 2,500,000 төгрөгийг өгсөн. Д надаас мөнгө авахдаа Д.А гэж хүнд өгнө. Надаар дамжуулаад энэ хүн рүү очно гэж хэлж байсан... Д нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага үндсэн холбооны тэргүүн Д.А гэх эмэгтэйгээр дамжуулан оруулах гэж байгаа талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 160, 187 дугаар хуудас);

11. Хохирогч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.Д гэх эмэгтэйд 3,800,000 төгрөгийг өөрийн хүү болох Б-ын дансаар 1 удаа, 2,500,000 төгрөгийг бэлнээр 1 удаа тус тус өгсөн. Нийт 6,300,000 төгрөгийг өгсөн. Одоогийн байдлаар надад нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Д.А гэх эмэгтэйд өгч байранд оруулж өгнө гэж л хэлж авсан. Д.А надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би мөнгийг чинь удаахгүй өгнөө л гэж байгаа. Одоо өглөө маргааш өглөө гэх мэтээр худлаа яриад л байгаа. Одоо энэ дүүрэг байранд оруулж байна манай дүүрэг маргааш нөгөөдөр гэх мэтээр худлаа хэлээд байдаг. Хүн амьтанд мөнгийг чинь өгөөгүй би өөрөө хэрэглэчихсэн гэж байсан. Буянт-Ухаа 2 хороололд оруулж өгнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 163 дугаар хуудас);

12. Хохирогч Д.Г-ийн мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Х.Д гэх хүнд байрны урьдчилгаа гэж 3,780,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Түүний дараа ахиад 2,500,000 төгрөгийг би 2017 оны 05 сарын 16-ны өдөр өөрийн бэр дүү болох Х.Ж-р дамжуулан Х.Д-д өгүүлсэн байгаа. Уг мөнгийг өгөхдөө Зээлийн гэрээг Х.Д-тэй байгуулж нийлүүлээд 6,280,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Түүний дараа би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би Х.Д-тэй ахин уулзахад надаас гэрээ байгуулсан мөнгө гэж 35,000 төгрөгийг өг гэхээр нь би уг мөнгийг Х.Д бэлнээр өгсөн. Ингээд би Х.Д-д нийт 6,315,000 төгрөгийг өгсөн байгаа. Үүн дээр хүү нэмж бодоод 7,565,000 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Д нь анх надад “Буянт-Ухаа 2” хороололд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөрт 3 өрөө байранд оруулж өгнө. 3 өрөө байрнууд нь үлдээд байна. Урьдчилгаанд нь 3,780,000 төгрөг өгнө. Байрандаа орсныхоо дараа 5,000,000 төгрөг өгнө. Тэгээд болоо” гэж хэлсэн. Анх надаас мөнгө авахдаа цааш нь хүнд өгнө л гэж хэлж байсан. 2018 оны 05 сарын 05-ны өдөр миний хаан банкны 5094245128 тоот данс руу 500,000 төгрөг, 2018 оны 06 сарын 05-ны өдөр мөн дээрх данс руу 500,000 төгрөг, 2018 оны 07 сарын 12-ны өдөр миний дээрх данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад нийт 1.250.000 төгрөгийг надад өгсөн байгаа. Д гэх эмэгтэй миний утсыг мэдсэн цагаас хойш байнга залгаж зээлээ аваач ээ байранд хямдхан оруулаад өгье Буянт-Ухаа 2 хороололд чамайг оруулаад өгье 1, 2 өрөө нь зорилтод бүлгийнхэнд өгчихсөн одоо 3 өрөөнүүд нь үлдчихсэн байна. Эхний ээлжид чи надад 3,780,000 төгрөг өгчихөө дараа нь байрандаа ороод 5,000,000 төгрөгийн хахуульд өгнө тэрийг бэлэн байлгаж байгаарай би тэр мөнгийг чинь А гэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн хүнд хахууль болгож өгнө гэж хэлсэн. Би 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны 5094245128 гэх данснаас Д-ийн 5173045652 тоот данс руу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа гэж 3,780,000 төгрөг шилжүүлсэн тэгээд байрандаа ороход удаа дараа Д-д хэлтэл ямар нэгэн шалтгаан хэлж хойшлуулж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр одоо бэлэн бэлэн байж байгаарай байранд чинь оруулна гэж дуудсан...” (1хх-ийн 167-168, 177 дугаар хуудас);

13. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.Д-д 2017 оны 01 сарын 20-ны өдөр 2,980,000 төгрөгийг, 2017 оны 01 сарын 27-ны өдөр 800,000 төгрөгийг дансаар тус тус өгсөн. Одоогийн байдлаар Х.Д надад 2,000,000 төгрөг төлсөн байгаа. Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг орон сууцанд оруулж өгөх гэж байгаа хүнтэй зуучилж өгнө намын шугамаар оруулна гэж байсан. Сүүлд нь танаас авсан мөнгө Д.А гэх хүн рүү шилжиж орж байгаа гэж байсан. Буянт-Ухаа 2 хороололд л оруулна гэсэн. Яг аль байранд хэдэн тоотод хэдэн м/кв талбайтай орон сууцанд оруулна гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 171-172 дугаар хуудас);

14. Хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Шижир жин” ХХК-д 2014 оны 12 сараас хойш ажиллаж байна. 2017 оны 01 дүгээр сард хамт ажилладаг Д эгч Буянт-Ухаа-2 хороололд хөнгөлөлттэй үнээр байранд оруулж өгнө гэсэн хүн байна урьдчилгаанд нь 2,850,000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь би Х.Д эгчийн данс руу 2017 оны 02 сарын 17-ны өдөр 2,850,000 төгрөгийг эхлээд шилжүүлсэн. Х.Д эгч мөнгөө авчхаад цаашаа А гэх эмэгтэйд өгсөн гэж байсан. Д.А нь байранд оруулж өгч байгаа болохоор хахуульд нь 5,000,000 төгрөг хэрэгтэй гэж байна гэж Х.Д эгч хэлэхээр нь би бүгдийг нь өгөх боломжгүй гэж хэлээд 2017 оны 05 сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг Х.Д эгчийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш би Х.Д эгчтэй уулзаж утсаар ярьж байр юу болж байгаа талаар асуухад одоохон удахгүй л гэсээр байгаад өдийг хүрсэн. Би Х.Д гэж хүнд 2017 оны 02 сарын 17-ны өдөр данс руу 2,850,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2017 оны 05 сарын 08-ны өдөр ахиад Х.Д-ийн данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Х.Д-д цаг хугацааг нь санахгүй байна бэлнээр 30,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгө нь гэрээний мөнгө гэж хэлж авсан. Ингээд би нийт 5,380,000 төгрөгийг өгсөн. Х.Д нь анх надад “Буянт-Ухаа-2 хороололд Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл ганц бие өрх толгойлсон эх зэрэг иргэдэд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулж өгнө. найзын найз эмэгтэй байгаа гэж байсан, сүүлд нөгөө хүнийг нь А гэж мэдсэн. Буянт-Ухаа-2 хороололд л байранд оруулж өгнө гэсэн. Тэрнээс биш яг хаана аль байранд нь хэдэн тоотод нь байранд оруулж өгөх талаар огт хэлээгүй. Би ч асуугаагүй...” гэсэн мэдүүлэг; (1 хх-ийн 175-176 дугаар хуудас);

15. Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сард А манай ажил дээр ирж уулзаад Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаа гэдгээ хэлж утасны дугаараа солилцоод салсан. Тэрнээс хойш удаагүй залгаад Буянт-Ухаа 2 хороололд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан хүмүүст олгож байгаа байранд оруулж өгөх боломж байна чи хамрагдах уу гэж хэлэхээр нь зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын дундуур урьдчилгаа 5,000,000 төгрөгийг бэлнээр нь А-д өгсөн. Тэгээд хүлээж байхад 2016 оны 12 дугаар сарын сүүлээр манай оюутан ангийн хүүхэд Д надтай уулзаад байр байхгүй хөдөөгөөс орж ирчхээд байж байна гэж хэлэхээр нь би хөнгөлөлттэй нөхцөлөөр байр авах гээд материал бүрдүүлээд өгчихсөн байгаа гэдгээ хэлэхэд надаас А-ийн утасны дугаарыг аваад явсан. Тэрнээс хойш А-тай уулзаад өөрийн болон хэд хэдэн хүний материалыг бүрдүүлж урьдчилгаа 33,215,000 төгрөгийг надаар дамжуулж Ариунаад өгүүлсэн...Д  надад мөнгө өгөхдөө миний Хаан банкны данс руу мөнгөө шилжүүлэхээр нь тэр мөнгийг нь бэлнээр авч А-д өгөөд орлогын баримт бичүүлж аваад Д-д өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 110 дугаар хуудас);

16. Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай эгч Г.Б над руу утсаар залгаад өрх толгойлсон эмэгтэйчүүдэд намын шугамаар байранд оруулж байгаа гэж хүн хэлсэн тэгээд өөрөө А гэх хүнтэй уулзаарай гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр очиж уулзсан. Тухайн үед А надад ямар нэгэн намын нэр хэлээгүй санаа зоволтгүй найдвартай шийдэж өгнө гэсэн. Миний регистрийн дугаарыг авсан тэгээд 2018 оны 07 дугаар сард юм уу 2018 оны 09 дүгээр сард байрандаа орно, байрандаа орох үед байрны ордерыг нэр дээр чинь болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уулын эмнэлгээс А гэх нутгийн эмэгтэйтэй уулзаад буцаад гэр рүүгээ явахдаа Драгоны хаан банкны АТМ-ээс 5,000,000 төгрөгөө А-ийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Тухайн дансаар мөнгөө шилжүүлсэн гэж хэлсэн тэгсэн надад танай гэрээр хүмүүс очно зураг хөрөг дарж баталгаажуулна гэсэн тэгээд сураг тасарсан. намайг залгахаар заримдаа утсаа авахгүй эсхүл хөдөө ажлаар явж байна гээд шалтаг тоочоод өдийг хүрсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 250 дугаар хуудас);

17. Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.А гэх эмэгтэйг хар багаасаа л таньдаг байсан. Бид нэг нутагт хөрш айлууд байсан. Би 2018 оны 04 сарын 17-ны өдөр Хороололд дэлгүүр хэсэж явж байгаад Д.А-тай таарсан. Бид уулзаагүй удсан байсан болохоор ойр зуурын юм ярьж байгаад утасны дугааруудаа солилцоод салцгаасан. Тэр өдрийнхөө орой нь Д.А над руу залгаад “Манай Монгол Ардын нам ялсан эмзэг бүлгийн хүмүүст 5,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд байранд оруулж өгнө. Чи ээждээ байр авч өгөхгүй юм уу" гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 04 сарын 18-ны өдөр Д.А 12 цагаас өмнө мөнгөө хурдан шилжүүлээрэй би яаман дээр явж байна гэхээр нь би Д.А-ийн 5058079749 тоот данс руу 5,000,000 төгрөгөө шилжүүлсэн. Д.А мөнгөө аваад удалгүй танай гэрт хүн очиж зураг хөрөг авах байх гэртээ байж байгаарай гэрээсээ гарч болохгүй шүү гэж хэлсэн. Д.А ахиж над руу залгаад ахиад нэг орон тоо байна чи дүү болох Г.Б бас энэ зээлд хамруулах уу гэсэн. Би энэ талаар өөрийн төрсөн дүү болох Г.Б-д хэлж Д.А-тай хамт очиж уулзсан. Тэгээд Г.Б бас Д.А-д 5,000,000 төгрөг өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 4 дүгээр хуудас);

           

18. Мөнгөн шилжүүлгийн баримт (2хх-ийн 185, 3хх-ийн 26-27 дугаар хуудас),  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоол (3хх-ийн 34-38 дугаар хуудас), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (2хх-ийн 139-143 дугаар хуудас);

19. Хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А нь надтай уулзаад би Баянгол дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урьдчилгаа төлбөргүйгээр байр олгож байгаа. Танай ээжийн нэр дээр чамайг байранд оруулж өгье гэж хэлсэн.... П.А над руу яриад би хүнтэйгээ уулзаж ярилцсан, хорооны тодорхойлолт, гэр бүлийн зураг мөн хүмүүст өгөх урьдчилгаа 2,500,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд эхлээд бэлнээр 2,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийн тухайн үед ажиллаж байсан газар болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороололд Хаан төв В-1 давхарт нягтлан бодогч хийж байхдаа өгсөн... 2017 оны 02 дугаар сард Д.А над руу ярихад худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа тул гэрээгээ ирж авна уу, ирэхдээ 2,500,000 төгрөгийг бэлнээр авчраарай гэж хэлсэн. Тэгээд Д.А дахин манай ажил дээр ирээд бэлнээр 2,500,000 төгрөгийг бэлнээр авч явсан ба надад худалдах, худалдан авах гэрээ авчирч өгсөн... байрны талаар асуухаар 2017 оны 02 дугаар сард цагаан сар таарсан ба улмаар 2017 оны 03 дугаар сард Ардын намын баяр таарчихлаа дараагаар нь сонгууль наадам шинэ жилээр цагаан сараар оруулна гэж хэлээд худлаа яриад яваад байгаа...” (2хх-ийн 176-177 дугаар хуудас);

20. Хохирогч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А гэх хүнтэй 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах, гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрчилгээг олгож байранд оруулна гэж заасан байгаа боловч тухайн цаг хугацаанд оруулаагүй. Тэрнээс хойш гэрээнд заасан хугацаа өнгөрч байранд орж чадахгүй байгаа... халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажилладаг учир энэ ажлыг бүтээнэ гэж надад хэлсэн... А хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг иргэд Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Баянгол зөвлөл, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажилладаг учир энэ ажлыг бүтээнэ гэж надад хэлсэн... Би 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дино” дэлгүүрийн хоёрдугаар давхраас Буянт-Ухаа 2 хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хямдхан байранд орохоор өөрийн “Хаан” банкны 5112112215 тоот данснаас С.Д-ийн “Хаан” банкны 5058079749 тоот данс руу 2,850,000 төгрөгийг дараагаар нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөн ажлын байрнаасаа А-ийн 5026757181 тоот данс руу нэмж 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараагаар нь А надаас 150,000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 179, 181 дүгээр хуудас);

21. Хохирогч С.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д нь манай найз, Буянт-Ухаа 2 дугаар хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог байр авах боломжтой гэхээр нь би 2015 оны 11 дүгээр сарын үед 2,000,000 төгрөгийг А-ийн өгсөн Хаан банкны данс руу Алтжин бөмбөгөр дотор байдаг Ариг банкнаас дамжуулан шилжүүлж байсан. Дараагаар нь 300,000     төгрөгийг А-ийн мөн  өөрийнх нь өгч байсан данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд 2017 билүү           2016 оны 05 дугаар сард А гэж манай хүүхэдтэй хамт ажилладаг хүүхдээс 3,000,000 төгрөг зээлээд мөн А-ийн өгсөн нэг данс руу шилжүүлсэн санагдаж байна... Анх А нь тэр байрыг 50 хувийн хөнгөлөлттэй олдоно гэж ярихаар нь би итгээд мөнгөө өгсөн. Одоогоор нэг ч төгрөгийг буцааж аваагүй учраас өгсөн 5,300,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 183 дугаар хуудас);

22. Шүүгдэгч Д.А-ийн төрсний бүртгэлийн лавлагаа (1хх-ийн 79 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 52 дугаар хуудас),

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд би эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэж хэлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан баримт хохирогч нарын мэдүүлэг зэргийг харгалзан үзэж хэргийг прокурорт буцаах саналтай байна. Учир нь хохирогч Д-тэй хамт 6 хүн А-д мөнгө өгсөн гэсэн бөгөөд 7 дахь хүн нь Ц юм уу З гэдэг нь мэдэгдэхгүй байна. 2,815,000 төгрөг нэхэмжилнэ гэж удаа дараа хохирогч Д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдэгдээд байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтад зааснаар хэд хэдэн тогтоолоор ял оногдуулах гэсэн заалтыг 2015 оны Эрүүгийн хуулиар оруулаагүй. Үүнийг баталсан үйл явдал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болоод давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон. Энэ түүх давтагдах гээд байна. Шүүгдэгчийн хохирол дээр нэмж бодуулах гээд байгаа юм биш. Харин өөр хэрэг үлдчихвэл эрх зүйн байдал нь дордох гээд байгаа юм. Ц, Загдсүрэн нараас мөнгө авсан гэдгийг шүүгдэгчээс гадна, хохирогч Д хэлээд байна. Ганцхан шүүгдэгч мөнгө авсан гэж хэлээгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний хүрээнд гэм буруугийн асуудлын хянан хэлэлцэх ёстой бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Ц, З нараас мөнгө авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин хохирогч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө Ц гэж хүнээс мөнгө аваагүй гэж тодорхой мэдүүлсэн тэмдэглэлийг, мөн банкны гүйлгээний баримтад Ц-с мөнгө авсан талаарх лавлагаа байхгүйг улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хохирогч Х.Д-ээс тодруулснаар өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлыг шалгах, нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А-ийн мэдүүлэгт дурдагдсан Э гэгч нь энэ хэрэгт хамааралтай эсэх талаар шинжлэн судлагдсан нотлох баримт үгүй бөгөөд шүүгдэгч мэдүүлэхдээ “тэр хүний бүтэн нэр, гэрийн хаяг, ажлын газар, утасны дугаарыг мэдэхгүй, мөн түүнд мөнгө өгсөн гэх ямар нэгэн баримт байхгүй” гэсэн тул эх сурвалж тодорхойгүй мэдүүлгийг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Д.А-ийн хэд хэдэн удаагийн залилах гэмт үйлдлүүдийг нэг гэмт хэрэгт тооцон нэг зүйлчилж, нэг ял оногдуулах нь зөв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.А-г “залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд шүүгдэгч Д.А-аас нийт 38,905,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-д 1,780,000 төгрөг, хохирогч Д.Г-д 4,915,000 төгрөг, хохирогч С.Үзмээд 300,000 төгрөг, хохирогч Х.Д-д 4,400,000 төгрөг, хохирогч Д.Э-д 6,150,000 төгрөг, хохирогч Ц.С-д 6,280,000 төгрөг, хохирогч Э.М-д 5,380,000 төгрөг, хохирогч Г.Б-д 5,000,000 төгрөг, хохирогч Г.Б-д 5,000,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоолд тусгав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч түүний үйлдлүүд нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл биш тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл ангид зааснаар 3 жил 2 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тус зүйл анги нь 2-8 жилийн хорих ялтай мөн торгох ялын төрөлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч нь 75 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай зэргийг харгалзан 2 жил 6 сарын хугацаатай хорих ял шийтгэж өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зээрд адуу овогт Д-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А-д гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-с нийт 38,905,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г-д 1,780,000 төгрөг, хохирогч Д.Г-д 4,915,000 төгрөг, хохирогч С.Ү-д 300,000 төгрөг, хохирогч Х.Д-д 4,400,000 төгрөг, хохирогч Д.Э-д 6,150,000 төгрөг, хохирогч Ц.С-д 6,280,000 төгрөг, хохирогч Э.М-д 5,380,000 төгрөг, хохирогч Г.Б-д 5,000,000 төгрөг, хохирогч Г.Б-д 5,000,000 төгрөгийг тус тус олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА