Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 01526

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 09 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01526                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 10 дугаар гудамжны 26 тоотод оршин суух, Луужин овгийн Дугуйн Чимгээгийн /регистрийн дугаар ДО62042802/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох, мөн 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 тоот тушаалын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Чимгээ, гэрч Я.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Чимгээ нь Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 тоот тушаалаар оёдолчноор тус ахуйн үйлчилгээнд орсон байдаг. Ахуйн үйлчилгээний даргын 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 тоот ажилд томилох тухай тушаалд миний нэрийг Дугуй овогтой Чимгээг андуурч Дугуй овогтой Цэцгээ гэж буруу бичсэн байна. Иймд миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр гэх мэт бусад бүх бичиг баримтанд Дугуй овогтой Чимгээг нэрээр минь бичигдсэн байдаг. Иймд миний нэрийг зөвөөр нь Дугуй овогтой Чимгээ болгон шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Мөн намайг 1980 оны 07 дугаар сараас 1989 оны 01 сар хүртэл Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Чимгээ нь 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчиноор, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлаа, мөн 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 тоот тушаалын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс оёдлын тасагт оёдолчиноор ажиллуулав1986 оны 04 дүгээр сарын 01-ний Ахуйн үйлчилгээний комбинатын оёдолчны ажлаас чөлөөлж, Чандмань сумын ахуйн үйлчилгээний төвд шилжүүлэв, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Үүрийнтуяа нэгдлийн мэдэлд шилжүүлэв” гэжээ.

2.Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тушаалд “... Дугуй овогтой Цэцгээг 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн оёдлын тасагт оёдолчноор ажиллуулсугай” гэжээ.

3.1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхэд 1979-1989 он хүртэл бүртгэсэн.

4.Гэрч Я.Энхээ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие Говь-Алтай аймгийн ахуй үйлчилгээнд 1973 оны 06 дугаар сарын 15-наас 1989 он хүртэл оёдолчин, эсгүүрчин хийж байсан. Тэр үед Д.Чимгээ оёдолчиноор ажиллаж байсан. 1980 онд ТМС төгсөөд ирээд хамт ажиллаж байсан гэв.” гэжээ.

5.Гэрч Я.Энхээгийн хөдөлмөрийн дэвтэрт “1973 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс Нийтийн ахуйн үйлчилгээний газрын оёдлын тасагт оёдолчноор авч ажиллуулав” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Чимгээ нь 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчиноор, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тушаал, 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, гэрч Я.Энхээгийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.Энхээг гэрчээр асуусан ба гэрч Я.Энхээ нь 1980-1986 он хүртэл Д.Чимгээтэй хамт Говь-Алтай аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний оёдлын тасагт ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тушаалд Дугуйн Цэцгээг оёдлын тасагт оёдолчноор ажиллуулсугай гэсэн байх ба энэ нь хүсэлт гаргагч Д.Чимгээд 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичсэн түүнийг ажилд авсан тушаалын дугаартай тохирч байх тул 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тушаалд Чимгээгийн нэрийг Цэцгээ гэж ташаа бичсэн байх үндэслэлтэй байна.

Иймд Д.Чимгээг 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 115 тоот тушаалын эзэмшигчээр тогтоож шийдвэрлэлээ.   

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Чимгээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6,  дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Луужин овгийн Дугуйн Чимгээг 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчиноор, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр   тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Чимгээгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА