| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0881/Э |
| Дугаар | 872 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 872
2019 8 12 2019/ШЦТ/872
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908021020824 дүгээр хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Цэнд-Аюушийн Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ц.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжинд иргэн Ц.Уийг шалтгаангүйгээр толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Унтаад боссон учир архи бараг гарчихсан байсан. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1908021020824 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Уийн: “2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би гадуур явж байхад манай хажуу айл буюу Баттөмөрийн гэрээр орж гараад байдаг Г гэх хүн согтуу явж байсан. Над руу салаавч гаргаад байсан. Пагам бид хоёр дэлгүүр орж хүүхдүүддээ хүнсний зүйлс аваад би Пагамыг гэрт оруулаад “манай хүүхдүүдэд өгчих” гэж хэлээд оруулсан. Манай хүүхдүүд намайг дагаад байдаг учраас би Пагамыг гэр лүүгээ оруулсан. Би гудамж өгсөөд алхаж байтал Г явж байсан. Би Гыг “чи яагаад над руу салаавч гаргаад байсан бэ” гэж хэлтэл шууд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдсан байсан. Сэргэсэн чинь Пагам хажууд ирчихсэн, миний амнаас цус гарсан байсан. ...Г эмчилгээний зардал гэж 150.000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-8-10, 11-12/,
Гэрч Э.Пагамын: “...У “манай бага хүүхэд намайг дагана, чи энэ хүнсний зүйлсийг оруулаад манай хүүхдүүдэд өгчих” гэж хэлсэн. Тэгээд У гудамжинд үлдээд би гэр лүү орж хүүхдүүдэд нь хүнсний зүйлсийг өгчихөөд гараад ирсэн чинь У гудамжинд уначихсан байсан. Очсон чинь амнаас нь цус гарсан, ухаан алдчихсан, нүд нь солийчихсон байсан. Би гэр лүү нь оруулаад ус цацан ухаан оруулаад Уээс “чи юу болсон бэ, яагаад ухаан алдчихсан юм бэ” гэж асуусан чинь “сахалтай Ганбаа намайг цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-16-18/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.15-ны өдрийн 4506 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Уийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын гадна дотор салстад няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22/,
Шүүгдэгч Ц.Гын яллагдагчаар өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би эгчийнхээ хашаа руу орох гээд зогсож байтал өмнө нь надтай хамт архи ууж байсан У гэх эмэгтэй ганцаараа хүрээд ирсэн. У намайг “чи энэ хойд айлаас хулгай хийсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү” гэж хэлээд эгчийнхээ хашаа руу орох гэтэл намайг араас татахаар нь эргэж хараад Уийн нүүр лүү нэг удаа цохичихсон чинь У газар унасан. Амнаас нь цус гарахаар нь би эгчийнхээ гэр лүү оролгүй цаашаа явчихсан. ...Тухайн үед миний баруун гарын долоовор хуруун дээр хоёр шүдний ором гарсан байсан учраас би Уийг их хүчтэй цохисон юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-54-57/,
хохирлын баримтууд /хх-27/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-34/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-35/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-36/, хохирогчийн “Эмчилгээний төлбөрт 300.000 төгрөг авсан” гэх өргөдөл /хх-61/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Г согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжинд хохирогч Ц.Уийг зодож биед нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын гадна дотор салстад няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.Уийн “...Гыг “чи яагаад над руу салаавч гаргаад байсан бэ” гэж хэлтэл шууд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би хэсэг ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-8-10/, гэрч Э.Пагамын “...У гудамжинд уначихсан, амнаас нь цус гарсан байсан. ...“Чи юу болсон бэ, яагаад ухаан алдчихсан юм бэ” гэж асуусан чинь “сахалтай Ганбаа гэдэг хүн намайг цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-16-18/, шүүх эмнэлгийн 4506 дугаар “1. Ц.Уийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын гадна дотор салстад няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22/, шүүгдэгч Ц.Гын яллагдагчаар өгсөн “...Уийн нүүр лүү нь нэг удаа цохичихсон чинь У газар унасан. Амнаас нь цус гарахаар нь...” гэх мэдүүлэг /хх-54-57/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Гын хохирогч Ц.Уийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-11-12/, “...Эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан...” гэх өргөдөл /хх-71/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хувийн таарамжгүй харилцаа, маргалдсан зүйл болоогүй, хохирогчийн үйлдэл, үйлдэл үйл ажиллагаанаас гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэх нотлох баримт тогтоогдоогүй болно. Шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гудамжинд явж байгаа эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдсан мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шалтгаангүйгээр хүний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 300.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа буюу хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Цэнд-Аюушийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР