| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1336/Э |
| Дугаар | 1330 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1330
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч Д.Туяана,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0382 11844 дугаартай, нэг хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.................................................................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын 48б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Д.Гантуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр гэртээ эхнэр Д.Гантуяа дүү, Үнсгэлжингийн хамт гаднаас орж ирсэн. Тэр үед би хоёр хүүхдээ салхилуулахаар гарах гээд коридорт хувцсаа өмсөж байхад манай хүүхэдтэй Үнсгэлжсэн маргалдаж байсан. Үнсгэлжинг манай хүүхэд “аавдаа хэлнэ шүү” гэж байсан, Үнсгэлжин “тэгэхээр яадаг юм” гэж хариу хэлснийг сонсоод миний уур хүрсэн. Би уурлаад Үнсгэлжинг загнасан. Тэгтэл эхнэр дүү Үнсгэлжингээ өмөөрсөн. Үүнээс болоод эхнэр бид хоёр маргалдаж, би эхнэрээ гараараа цохиод, ариун цэврийн өрөө рүү түлхсэн гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0382 11844 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:
1.Хохирогч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дүү Үнсгэлжин бид хоёр гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ ирэхэд нөхөр 2-6 насны хоёр хүүхдээ хараад байж байсан. Манай том хүү хамраа мааждаг зуршилтай. Үнсгэлжин “миний дүү хамраа маажихаа боль” гэж хэлтэл хүү болихгүй зөрүүдлээд, дахин хэлэх үед “би чамайг аавдаа хэлнэ” гэж хэлсэн чинь дүү “тэгээд аавдаа хэлэхээр яадаг юм” гэхэд нөхөр Б сонсчихоод “чи муу эргүү царайлчихаад юу гээд байгаа юм” гээд дүү рүү дайрахаар нь би дүүгээ өмөөрч бид хоёр маргалдсан. Тэр үед намайг мангастаад түлхэхээр нь би дүүдээ “хоёр хүүхэд аваад гарч бай” гэж хэлээд гаргасны дараа нөхөр намайг ариун цэврийн өрөө рүү түлхэж оруулахдаа зүүн гарын бугалга руу гараараа цохиж хөхрүүлсэн. Бид хоёр хамт амьдраад найман жил болох хугацаанд дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Сүүлийн нэг жил бид хоёрын харилцаа хөндийрч эхэлсэн. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Б эмэгтэй хүн шиг сонин зантай хүн байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
2. Гэрч Э.Үнсгэлжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хоёр дүүгээ гадаа тоглуулах гээд гарах гэж байтал дүү Бөхбилэгт хамраа маажаад байхаар нь би “миний дүү хамраа маажихаа боль” гэж хэлэхэд “аавдаа хэлнэ шүү” гэхээр нь “тэгээд хэлэхээр яадаг юм” гээд хэлчихсэн чинь цаад өрөөнд байсан хүргэн ах сонсчихоод “чи битгий худлаа яриад бай” гээд хүүхдээ өмөөрөөд босоод ирэх үед эгч намайг өмөөрч Б ахтай хэрэлдсэн. Тэр үед эгч “хоёр дүүгээ аваад гар” гэхээр нь би гараад явсан. Намайг гарах гэж байхад хүргэн ах эгчтэй хэрэлдээд салаавч гаргаад зогсож байсан. Буцаад ороод иртэл эгч уйлчихсан, зүүн гарын бугалга хэсэг нь улайсан байдалтай байсан. Б ах түргэн ууртай хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),
3. Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“... Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48/б байрны 695 тоотод эхнэр, хоёр хүүхэд болон дүү Үнсгэлжин нарын хамт амьдардаг юм. 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хоёр хүүхдийг маань эхнэрийн дүү Үнсгэлжин гадаа тоглуулах гээд хувцаслаж байхдаа манай хүүг хамраа маажаад байна гээд Үнсгэлжин эхнэр Гантуяад хэлтэл хүү маань “эгч худлаа яриад байна” гэж хэлэх үедээ эгчдээ “чамайг аавдаа хэлнэ шүү” гэхэд Гантуяа “чи аавдаа хэлэхээр яадаг юм” гээд хүүг маань загнасан. Тэрийг нь би сонсчихоод “танай дүү чинь хүүхэд гүжирдээд байгаа юм биш үү” гэж хэлтэл эхнэр “чи манай дүүг ад үзлээ” гээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Үнсгэлжин манай хоёр хүүхдийг аваад гарсан. Би араас нь гарах гэтэл эхнэр гаргахгүй гээд зуурахаар нь би гараараа зүүн гарын булчин хэсэгт нь цохиод угаалгын өрөө рүү түлхэж унагаагаад гэрээс гарсан. Араас миний хувцаснуудыг шидэхээр нь би хувцаснуудаа аваад явсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Гантуяагаас уучлалт гуйж, хоорондоо эвлэрсэн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8291 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 3.5х5.0 см, гадна дунд, доод хэсэгт 15.0х7.3 см, гадна доод хэсэгт 7.0х3.8 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон.
ГССҮТ-ийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хүлээн авахын үзлэгт: онош: тархи доргилт, цээжний хэнхэрцэг, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэжээ.
Дүгнэлт: Д.Гантуяагийн биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч О.Болороо/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал),
5. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 51-57 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 70-74 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),
6. Шүүгдэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), хохирогч Д.Гантуяа, шүүгдэгч Н.Б нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 72-73 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Гантуяатай 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсон, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Н.Б-, хохирогч Д.Гантуяа нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.
Шүүгдэгч Н.Б нь нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын 48-б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Гантуяаг гэр бүлийн үл ойлголцлын улмаас маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай том хүү хамраа мааждаг зуршилтай, Үнсгэлжин “миний дүү хамраа маажихаа боль” гэж хэлтэл хүү болихгүй зөрүүдлээд, дахин хэлэх үед “би чамайг аавдаа хэлнэ” гэсэн чинь дүү “тэгээд аавдаа хэлэхээр яадаг юм” гэсэн. Үүнийг нөхөр Б сонсчихоод “чи муу эргүү царайлчихаад юу гээд байгаа юм” гээд дүү рүү дайрсан. Би дүүгээ өмөөрч бид хоёр маргалдсан. ...Нөхөр намайг ариун цэврийн өрөө рүү түлхэж оруулахдаа зүүн гарын бугалга руу гараараа цохиж хөхрүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
-гэрч Э.Үнсгэлжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дүү Бөхбилэгт хамраа маажаад байхаар нь “миний дүү хамраа маажихаа боль” гэхэд “аавдаа хэлнэ шүү” гэсэн. “Тэгээд хэлэхээр яадаг юм” гээд хэлчихсэн чинь цаад өрөөнд байсан хүргэн ах сонсчихоод “чи битгий худлаа яриад бай” гээд хүүхдээ өмөөрөөд босоод ирсэн. Эгч намайг өмөөрч Б ахтай хэрэлдсэн. ...би гараад явсан. ...Буцаад ороод иртэл эгч уйлчихсан, зүүн гарын бугалга хэсэг нь улайсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),
-шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...манай хүүг хамраа маажаад байна гээд Үнсгэлжин эхнэр Гантуяад хэлтэл хүү маань “эгч худлаа яриад байна” гэсэн. Энэ үед эгчдээ “чамайг аавдаа хэлнэ шүү” гэхэд Гантуяа “чи аавдаа хэлэхээр яадаг юм” гээд хүүг маань загнасан. Тэрийг нь би сонсчихоод “танай дүү чинь хүүхэд гүжирдээд байгаа юм биш үү” гэхэд эхнэр “чи манай дүүг ад үзлээ” гээд бид хэрэлдсэн. ...эхнэр намайг гаргахгүй гээд зуурахаар нь би гараараа зүүн гарын булчин хэсэгт нь цохиод угаалгын өрөө рүү түлхэж унагаагаад гэрээс гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8291 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Гантуяаг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Н.Б-, хохирогч Д.Гантуяа нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Гантуяагийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Д.Гантуяа нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Н.Б-той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Н.Б-ид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Н.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 306 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч Н.Б-ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА