| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01583/И |
| Дугаар | 01521 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 01521
2016 оны 12 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/01521 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Толгойн 01 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, Шалбаг овгийн Моломын Батхүүгийн /регистрийн дугаар ОЭ60100174/ хүсэлттэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Батхүү, гэрч М.Чулуун, Ж.Ёндоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн НААҮ-ний комбинатын Хими цэвэрлэгээний цехэд химийн машинистаар ажилд орж 13 жил 7 сар хортой нөхцөлд тасралтгүй ажилласан. 1990 оны үед манай орон зах зээлийн нийгэмд шилжиж үйлдвэр аж ахуйн газрууд олноор дампуурсан билээ. Миний ажиллаж байсан Увс аймгийн НААҮ-ний комбинат 1990 оны сүүлчээр татан буугдсан юм. Би хортой нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан. Иймээс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн НААҮ-ний комбинатын Хими цэвэрлэгээний цехэд химийн машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Батхүү нь 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн НААҮ-ний комбинатын Хими цэвэрлэгээний цехэд химийн машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар ажилд томилох тухай тушаалд “Молом овогтой Батхүүг 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хими цэвэрлэгээний машинистаар авч ажиллуулсугай” гэжээ.
2.Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 286 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд “Ахуйн үйлчилгээний салбар хувьчлагдсан тул хими цэвэрлэгээний машинист Молм овогтой Батхүүг 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хоршооны мэдэлд шилжүүлсүгэй” гэжээ.
3.Гэрч М.Чулуун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “М.Батхүү нь Увс аймгийн ахуйн үйлчилгээний газарт хими цэвэрлэгээний машинистаар 1977 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан нь үнэн. Би тэр үед ахуйн үйлчилгээний комбинатад жолоочоор ажиллаж байсан” гэжээ.
4.Гэрч М.Чулууны хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс Мэргэжлийн дагуу хог тээврийн ГАЗ-52 машины жолоочоор авч ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ахуйн үйлчилгээний газар хувьчлагдсан тул жолоочийн ажлаас чөлөөлж, хоршооны мэдэлд шилжүүлэв” гэжээ.
5.Гэрч Ж.Ёндоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “М.Батхүү нь Увс аймгийн ахуйн үйлчилгээний газарт хими цэвэрлэгээний машинистаар 1977 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан нь үнэн. Би тэр үед уурын зуухны машинистийн ажил хийж байсан” гэв.
6.Гэрч Ж.Ёндоогийн хөдөлмөрийн дэвтэрт “1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Халаалтын зуухны машинистийн ажилд авч ажиллуулав” гэжээ.
7.Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 158 дугаар ажилд авах тухай тушаалд “халаалтын зуухны машинистаар Ж.Ёндоог 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэжээ.
Нэхэмжлэгч М.Батхүү нь 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн НААҮ-ний комбинатын Хими цэвэрлэгээний цехэд химийн машинистаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 286 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, пропуск, мэргэжлийн үнэмлэх, гэрч М.Чулуун, Ж.Ёндоо нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Чулуун, Ж.Ёндоо нарыг гэрчээр асуусан ба гэрч М.Чулуун, Ж.Ёндоо нар нь 1982-1990 он хүртэл М.Батхүүтэй хамт Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Ёндоог ажилд авсан тухай тушаал зэрэг баримтаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч М.Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шалбаг овгийн Моломын Батхүүг 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн НААҮ-ний комбинатын Хими цэвэрлэгээний цехэд химийн машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Батхүүгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА