| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0893/Э |
| Дугаар | 887 |
| Огноо | 2019-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 887
2019 8 15 2019/ШЦТ/887
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908027041106 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй, “Акай интернэйшнл” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Каракас овогт Ээдгээгийн А /РД:\ /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Э.А нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 58 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Ж.Отэй маргалдаж, улмаар зодож, биед нь “баруун чамархай, чихний ар хэсэг, зүүн дал, 2 сарвуун ар гадаргуу, баруун гуяны гадна дээд ба дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хянганд зулгаралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 58 тоотод эхнэрийн дүү Ж.Билгүүнтэй маргалдаж улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэр бүлийн ялангуяа мөнгөний асуудлаас болж эхнэр бид хоёр маргаантай байсан. Гэрлэлтээ цуцлуулсан байсан ч хүүхдүүдээ бодъё гээд хамт амьдарч байгаа. Тэр өдөр эхнэр аяга шидлээд юм хагалаад байхаар нь уураа барьж дийлэлгүй гар хүрчихсэн. Билгүүн намайг “Дуугүй бай, хүүхдүүд айлгаад байна” гэж хэлэхээр нь би уурандаа бас зодсон. Хүн зодсон миний буруу. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Эрүүгийн 1908027041106 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ж.Билгүүний: “2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байхад эгч Ж.О залгаад “нөхөр А намайг зодчихлоо, би цагдаа дээр өргөдөл өгч байна, гэрт очоод хүүхэд хараад байж бай” гэхээр нь би эгчийн гэрт очоод байж байхад эгч “цагдаад өргөдөл өгчихлөө” гээд ирсэн. Тэгээд байж байхад хүргэн ах А орж ирээд эгчтэй маргалдаад хэрүүл хийгээд “яасан их цагдаад өгдөг юм бэ” гээд орилж хашгараад гэрийнхээ эд зүйлийг авч шидээд байхаар нь би Аад хандан “та болиоч дээ” гэхэд “дахиад нэг үг дуугарвал ална шүү” гэхээр нь “зүгээр байгаарай” гээд маргалдахад хүрч ирээд миний нүүр, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод гараад яваад явсан. ...Надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйлгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-30/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.05.16-ны өдрийн 6081 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Билгүүн-н биед тархи доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-48/,
Хохирогч Ж.Огийн: “Би 1996 онд Э.Атай танилцаж 2009 онд гэр бүл болсон. Хувийн таарамжгүй харилцаанаас болж 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирээд хамт амьдарсан. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18:30 цагийн үед хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь аваад гэртээ орж ирээд байхад нөхөр гаднаас орж ирээд над руу уурлаад “чи гэр орноо цэвэрлэсэнгүй, хүүхдүүдэд бэлэн хоол өглөө” гээд хэрүүл хийж байгаад ус буцалгагч аваад миний зүүн дал руу 2 удаа цохиод утасны цэнэглэгчээр баруун хөл, шилбэ, гуя руу ороолгож цохиод гараараа бие рүү цохисон. ...Би гэртээ дүү Билгүүнтэй хамт байхад нөхөр орж ирээд Билгүүнтэй маргалдаад хоорондоо зодолдоод манай нөхөр Билгүүний толгой, нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр хоёр салаад манай нөхөр гэрээс гарч яваад байрны үүдэнд Пүрэвжаргал ахтай маргалдаад явсан. ...Надад гомдол саналгүй. Нөхөр бид хоёр эвлэрсэн цуг амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-35/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.05.16-ны өдрийн 6079 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О-н биед баруун чамархай, чихний ар хэсэг, зүүн дал, 2 сарвуун ар гадаргуу, баруун гуяны гадна дээд ба дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хянганд зулгарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-53/,
Гэрч Б.Пүрэвжаргалын: “2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эхнэрийн дүү Даваасүрэн залгаад “Ог нөхөр А нь зодчихлоо” гэж хэлэхэд Огийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 58 тоот гэрт нь хамт очсон. Орц руу орох гэж байхад А өөдөөс гараад ирэхэд нь “манай эхнэр юу болоод байгаа юм” гээд асуухад “та нарт хамаагүй шүү, бүгдийг чинь ална шүү” гэсэн. Би Аад хандан “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд хамаа байхгүй шүү” гээд миний толгой руу гараараа цохиод авахаар нь “чи муу чинь яахаараа хүн зоддог юм бэ” гэж хэлэхэд “чамд хамаа байхгүй шүү гичий минь” гээд над руу дайрч байгаад гэдэс рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл цаанаас дүү нь машинаас бууж ирээд Аыг салгаад надаас холдуулахад намайг зодох гээд дайраад байхаар нь би зугтаагаад холдоход “та нарыг ална шүү” гээд хараагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-39/,
Шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 15-ны 18 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 58 тоот гэртээ ...ороод эхнэртээ хандан “том өрөөнийхөө ширээг цэвэрлээдэх, хамтдаа цай ууя, би хоол хийе” гэж хэлээд “торон дотроос улаан лооль аваад өгөөч” гэж хэлэхэд эхнэр хариулахгүй байхаар нь би жоохон чанга дуугаар эхнэр лүүгээ хэлчихсэн. Эхнэр “чи хүүхдүүд дарамталлаа, хүүхдүүдээр гэр орон цэвэрлүүлэх гэлээ, чи дандаа хүн дарамталдаг” гээд уурласан. Бид хоёр гэр орон цэвэрлэх, цэвэрлэхгүй дээрээс болж хоорондоо маргалдаж байхад эхнэр аяга тавгаа аваад газар шидэж хагалаад, ус буцалгагч аваад газар шидчихээр нь би уурлаад “чи гэр оронд юм авдаггүй байж эвдэллээ” гээд ус буцалгагчаа аваад эхнэрийн нуруу дал хавьцаа 2 цохисон. Гал тогооны ширээн дээр байсан гар утасны цэнэглэгчээр хөл хавьцаа нь нэг цохисон. Маргалдаж байгаад гараараа толгой буюу чамархайн хэсэгт нь 1 цохисон. Тэгээд эхнэр гараад явчихсан. ...Би цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөөд гэртээ хариад хувцсаа авах гээд очиход эхнэрийн дүү Ж.Билгүүн байсан. Би гэрээсээ гарахдаа эхнэртээ хандан “чи надаас уучлалт гуйхгүй бол би чамайг уучлахгүй” гээд жаахан чанга дуугаар хэлтэл Билгүүн “хүүхэд айлгаад байна, чимээгүй бол” гэхээр нь “чамд хамаагүй” гэхэд Билгүүн “юу гэнээ” гээд хүрээд ирэхэд нь би гараараа баруун талын дух руу нь 1 цохиод тонгойход нь дахиад дагз руу нь гараар 1 цохиход хажуугаас О “боль” гэхээр нь би шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-73-76/,
аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын маягт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-9-17/, дуудлагын “...нөхөр аллаа гээд цаанаа хэрүүл хийгээд байв” гэх лавлагаа /хх-22-23/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-24-25/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-85/, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт /хх-86/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-87/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-88/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-89/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодрхойлолт /хх-90/, “Акай интернэйшнл” ХХК-ийн “Э.А нь сарын нэг сая төгрөгийн цалинтай” гэх тодорхойлолт /хх-91/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.А нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 58 тоот гэртээ гэрлэлтээ цуцлуулсан эхнэр болох хохирогч Ж.Ог зодож баруун чамархай, чихний ар хэсэг, зүүн дал, 2 сарвуун ар гадаргуу, баруун гуяны гадна дээд ба дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хянганд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 58 тоот гэртээ хохирогч Ж.Билгүүнийг зодож тархи доргилт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ж.Билгүүний “...Аад хандан “та болиоч дээ” гэхэд ...миний нүүр, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод..” гэх мэдүүлэг /хх-30/, хохирогч Ж.Огийн “нөхөр ...ус буцалгагч аваад миний зүүн дал руу 2 удаа цохиод утасны цэнэглэгчээр баруун хөл, шилбэ, гуя руу ороолгож цохиод гараараа бие рүү цохисон. ...манай нөхөр Билгүүний толгой, нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-35/, гэрч Б.Пүрэвжаргалын “...эхнэрийн утас руу залгаад “Ог нөхөр А нь зодчихлоо” гэж хэлэхэд...” гэх мэдүүлэг /хх-39/, шүүх эмнэлгийн 6081 дүгээр “1. Билгүүн-н биед тархи доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх шинжилгээ /хх-27/, шүүх эмнэлгийн 6079 дүгээр “1. О-н биед баруун чамархай, чихний ар хэсэг, зүүн дал, 2 сарвуун ар гадаргуу, баруун гуяны гадна дээд ба дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хянганд зулгарал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх шинжилгээ /хх-27/, шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн “...би уурлаад ...ус буцалгагчаа аваад эхнэрийн нуруу дал хавьцаа нь хоёр цохисон. Мөн гал тогооны ширээн дээр байсан гар утасны цэнэглэгчээр хөл хавьцаа нь нэг цохисон. Маргалдаж байгаад гараараа толгой буюу чамархайн хэсэгт нэг цохисон... ...Билгүүн хүрээд ирэхэд нь би гараараа баруун талын дух руу нь нэг цохиход доош тонгойход нь дахиад дагз руу нь гараар нэг цохиход...” гэх мэдүүлэг /хх-73-76/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын маягт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-9-17/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-24-25/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Аын гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох гэрлэлтээ цуцлуулсан эхнэр хохирогч Ж.Ог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
мөн эхнэрийн дүү болох хохирогч Ж.Билгүүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Аын хохирогч Ж.О, Ж.Билгүүн нарыг нэг өдөр, өөр өөр цаг хугацаанд зодож эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О, Ж.Билгүүн нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Билгүүний “Надад гомдол санал, нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-30/, хохирогч Ж.Огийн “...Надад гомдол санал байхгүй. Нөхөр бид хоёр одоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-35/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирогч Ж.Огийн буруутай үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байж болохоор байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Аыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Буруутай зүйл хийснийхээ хариуцлагыг хүлээж байна. Ямар ч шалтгаантай байсан хүн зодсон нь миний буруу гэдгийг ойлгож байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Улсын яллагчийн “Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байж болохоор байна” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, түүнчлэн хохирогч Ж.Огийн “...Нөхөр гаднаас орж ирээд над руу уурлаад гэр орноо цэвэрлэсэнгүй, хүүхдүүдэд бэлэн хоол өглөө” гээд хэрүүл хийж байгаад ус буцалгагч аваад ...цохисон” гэх мэдүүлэг /хх-35/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Том өрөөнийхөө ширээг цэвэрлээдэх, хамтдаа цай ууя, би хоол хийе” гэж хэлээд торон дотроос улаан лооль аваад өгөөч гэхэд эхнэр хариулахгүй байхаар нь би жаахан чанга дуугаар эхнэр лүү хэлчихсэн юм. Гэтэл эхнэр уурласан. Маргалдаж байхад эхнэр аяга таваг шидэж хагалаад ус буцалгагч шидчихээр нь би ус буцалгагч аваад эхнэрийн нуруу дал руу хоёр цохисон...” гэх мэдүүлэг /хх-75/-ээс үзэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан салсан эхнэр, түүний дүүгийн эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан, шүүгдэгчийн илт гэм буруутай үйлдэл /сэтгэлзүйн болон биеэ авч явсан байдал/ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал болон хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Гэвч торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу ахуйн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, мөн түүнчлэн өөр бусад хүнийг зодож хохирогч нарын эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /1.000.000 төгрөгийн цалинтай гэх/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Э.Аыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Каракас овогт Ээдгээгийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР