Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 01534

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 12 өдөр                 Дугаар 142/ШШ2016/01534                          Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Рапид харш 24 дүгээр байрны 171 тоотод оршин суух Хайрхан овгийн Ганцогтийн Цолмонгийн  /регистрийн дугаар ПЮ88090308/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрх” ХХК, “Эрх” ХХК-ийн захирал Баасансүрэнгийн Амаржаргалд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 30 334 326 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Цолмон, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Цолмон би Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргалтай 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 30 тнн 130 кг гала үрийн төмс, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5 тнн 133 кг гала таваарын төмс, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 1 тнн 800 кг гала үрийн төмс, зээлээр худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Эрх” ХХК-ийн өмчлөлийн Ү-2101019893 тоот улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Ургацын 01 дүгээр гудамжны 3б тоот хаягт байршилтай 195 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 01-нд худалдсан 30 тн 130 кг гала үрийн төмсийг дараах нөхцөлтэйгээр худалдсан

1. 2016.05.01-2016.05.31-ний хооронд ттөлөх тохиолдолд 1 кг-ийг 450 төгрөгөөр бодож нийт 13 558 500 төгрөг

2.2016.06.01-2016.06.30-ны хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 500 төгрөгөөр бодож нийт 15 065 000 төгрөг,

3.2016.07.01-2016.07.31-ний хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 550 төгрөгөөр бодож нийт 16 571 500 төгрөг.

“Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргал нь гэрээнд тохиролцсон энэхүү нөхцөлийг огт биелүүлээгүй тул гэрээний 2.1.3-т заасанчлан 30 тн 130 кг гала үрийн төмсийг  1 кг-ийг 550 төгрөгөөр бодож 16 571 500 төгрөг болсон.

1. Гэрээний 3.3-т заасанчлан төлбөл зохих 16 571 500 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,5 хувийн алданги 7 208 602 төгрөг, алданги болон үндсэн төлбөр нь нийт төлбөл зохих 23 780 102 төгрөгийг төлөх үүрэгтэй,

2. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гала таваарын төмс зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 5 тн 133 кг таваарын төмсийг 1 кг төмсийг 550 төгрөгөөр тооцож худалдсан нийт үнэ 2 823 150 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-нд төлөх ёстой байсан боловч огт төлөөгүй бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,5 хувийн алданги 1 947 974 төгрөг болсон. Энэхүү гэрээний дагуу төлбөл зохих нийт төлбөр 4 771 124 төгрөг болсон байна.

3.Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргал нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний нөхцөлөөр иргэн ГЦолмонтой 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэмж 1 тн 800 кг гала үрийн төмсийг 1 кг-ийг 550 төгрөгөөр тооцож зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан нийт үнэ 990 000 төгрөг бөгөөд энэхүү гэрээний дагуу төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөхөөр авсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны алданги нь 683 100 төгрөг, нийт төлбөл зохих 1 673 100 төгрөг болсон байна. Ийнхүү 3 удаагийн гэрээний нийт 37 тн 63 кг төмсний үнэ 20 384 650 төгрөг, алданги нь нийт 9 839 676 төгрөг, төлбөл зохих нийт төлбөр 30 224 326 төгрөг, Эрдэнэтэд очиж уулзахсан замын зардал бензиний мөнгө 60 000 төгрөг, буудалд хоносон 50 000 төгрөгийг Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргалаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:”...нэхэмжлэгч Г.Цолмонгийн нэхэмжлэлтэй 2016 оны 05 дугаар сарын 01, 04-нд зээлээр худалдан авсан төмсний үнэ болох 16 571 500 төгрөгийг өөр хүнээс авч өгөх байсанаас бүтэхгүй өдий хүрсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ноос төлөх боломжтой болно.Зээлийн хүүнд төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд учир нь хавар үрийн төмс 300 төгрөг байх үед худалдан авахдаа 50% илүү үнээр авсан болно.2016 оны намар товарын төмс 200 төгрөг байх үед өөр хүний үрийн төмсний төлбөр болох 10 сая төгрөг төлсөн тул дараагийн санхүүжилтийг хүлээх шаардлагатай байгаа болно.Шүүх хуралд биеэр оролцохгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Цолмон 2016 оны 05 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 04, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагч “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргалд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 30 334 326 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч зээл, зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байгаа.

Нэхэмжлэгч Г.Цолмон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргалтай 2016 оны 05 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 04, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Эрх” ХХК-д үрийн болон товарын төмс нийлүүлсэн.3 удаагийн гэрээний нийт 37 тн 63 кг төмсний үнэ 20 384 650 төгрөг, алданги 9 839 676 төгрөг, нийт 30 224 326 төгрөг, үүн дээр Эрдэнэтэд ирж очсон бензиний зардал 60 000 төгрөг, буудлын төлбөр 50 000 төгрөг, нийт 30 334 326 төгрөгийг “Эрх” ХХК захирал Б.Амаржаргалаас нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:”...нэхэмжлэгч Г.Цолмонгийн нэхэмжлэлтэй 2016 оны 05 дугаар сарын 01, 04-нд зээлээр худалдан авсан төмсний үнэ болох 16 571 500 төгрөгийг өөр хүнээс авч өгөх байсанаас бүтэхгүй өдий хүрсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ноос төлөх боломжтой болно.Зээлийн хүүнд төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд учир нь хавар үрийн төмс 300 төгрөг байх үед худалдан авахдаа 50% илүү үнээр авсан болно.2016 оны намар товарын төмс 200 төгрөг байх үед өөр хүний үрийн төмсний төлбөр болох 10 сая төгрөг төлсөн тул дараагийн санхүүжилтийг хүлээх шаардлагатай байгаа болно” гэжээ.

Зохигчдын хооронд нэхэмжлэгч нь Г.Цолмон нь хариуцагчийг үнийг төлөхөөс өмнө төмс шилжүүлсэн, худалдан авагч “Эрх” ХХК нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 04, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орлогын баримт, “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргалын бичиж өгсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 30 тн 130 кг гала үрийн төмсний үнийг 2016.05.01-2016.05.31-ний хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 450 төгрөгөөр бодож нийт 13 558 500 төгрөг, 2016.06.01-2016.06.30-ны хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 500 төгрөгөөр бодож нийт 15 065 000 төгрөг, 2016.07.01-2016.07.31-ний хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 550 төгрөгөөр бодож нийт 16 571 500 төгрөг төлөхөөр,

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 5 тнн 133 кг гала таваарын төмсний үнэ / 1 кг төмсийг 550 төгрөгөөр тооцож / 2 823 150 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-нд төлөхөөр,

2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ дагуу 1 тнн 800 кг гала үрийн төмсний үнэ / 1 кг-ийг 550 төгрөгөөр тооцож / 900 000 төгрөг төлөхөөр,  мөн худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ тус бүрээр тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй хамт барьцааны гэрээ байгуулжээ.

Зээл болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээл болон барьцааны гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна.

Хариуцагч шүүхэд шүүхэд “....Г.Цолмонгийн нэхэмжлэлтэй 2016 оны 05 дугаар сарын 01, 04-нд зээлээр худалдан авсан төмсний үнэ болох 16 571 500 төгрөгийг өөр хүнээс авч өгөх байсанаас бүтэхгүй өдий хүрсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ноос төлөх боломжтой болно.Зээлийн хүүнд төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд учир нь хавар үрийн төмс 300 төгрөг байх үед худалдан авахдаа 50% илүү үнээр авсан болно” гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн, сайн дурын үндсэн дээр гэрээ хийсэн ба хариуцагчийн төлбөрийн чадваргүй байгаа нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн  буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч “Эрх” ХХК нэхэмжлэгч Г.Цолмонд гэрээгээр тохиролцсон үнийг хугацаанд нь төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаан дээр хариуцагч ч гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй.Тиймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч “Эрх” ХХК-иас зээлээр худалдан авсан төмсний үнийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч тайлбартаа “...зээлийн хүүд төлбөр төлөх шаардлагагүй” гэж дурьдсан боловч нэхэмжлэгч хариуцагчаас хүү шаардаагүй, харин талуудын гэрээгээр тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 30 тн 130 кг гала үрийн төмсий үнэ 16 571 500 төгрөг, алданги 7 208 602 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 5 тнн 133 кг гала таваарын төмсний үнэ 2 823 150 төгрөг, үүний 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 1 411 575 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ дагуу 1 тнн 800 кг гала үрийн төмсний үнэ 900 000 төгрөг, үүний 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 450 000 төгрөг, нийт 29 364 827 төгрөгийг хариуцагч “Эрх” ХХК-с гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү тооцсон алданги 859 499 төгрөг, мөн нотлох баримтаар тогтоогдоогүй тул бензин, буудалын зардал болох 110 000, нийт 969 499 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Гэрээ тус бүрийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг тооцсон болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...бид хариуцагчийг “Эрх” ХХК, тус ХХК-ийн захирал Б.Амаржаргал гэж тодорхойлсон боловч “Эрх” ХХК-иас шүүхэд хуульд заасан хугацаанд тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагч “Эрх” ХХК-иас нэхэмжилж буй 30 334 326 төгрөгийг бүхэлд нь гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Шүүх хариуцагч “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргалд нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч тэрээр шүүхэд Б.Амаржаргал гэсэн нэрээр хариу тайлбарыг ирүүлсэн. Хариуцагч  “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргал хуулийн этгээдийн хувиар шүүхэд тайлбар ирүүлэх үүрэгтэй ч ийнхүү үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн нэхэмжилсэн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэл болохгүй гэж үзсэн.

            Хариуцагч “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргалд  шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 622 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 304 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч “Эрх” ХХК /захирал Б.Амаржаргал/-иас 29 364 827 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 969 499 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 622 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Эрх” ХХК /захирал Б.Амаржаргал/-иас 304 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цолмонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА