| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0898/Э |
| Дугаар | 902 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 902
2019 8 21 2019/ШЦТ/902
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808049420822 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 5 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 6 сар 18 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Өлзий уул овогт Мгийн Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын 1-02 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох ээж Б.Мг ямар ч шалтгаангүйгээр нүүр, хэвлий, дал, гуян тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “21-ний өдөр 2 найз орж ирээд 2 шил архи уусан. Би унтаад өгсөн байсан. Ээж орж ирээд хэрүүл хийж байсан. Би ээжийг түлхсэнээ мэдэж байна. Тэгээд хэвтээд өгсөн. Тэгсэн цагдаа ирсэн, эрүүлжүүлэхэд хоносон. Би тухайн үед тасарчихсан байсан. Сайн мэдэхгүй байна. Архи дарсаа болихыг хүсэж байна” гэв.
Эрүүгийн 1808049420822 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Мгийн: “2018 оны 10 дугаар сарын 21-ний ...17 цагийн үед гэртээ ирэхэд Б ганцаараа согтуу байсан. 0,5 литрийн архи ууж байхаар нь “чи ямар их архи уудаг юм, битгий муухай орилоод бай” гэсэн чинь “чамайг ална, янхан, гичий минь” гээд миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиод би зөрүүлээд цохих гэсэн чинь миний гарыг барьж байгаад газар унагаагаад толгойг орны толгойд хавсарч цохиод байсан. Би ухаан алдчихсан. Би эрүүл байхад нь чи яахаараа ээжийгээ зоддог юм гэхэд дуугүй бай, ингээд үглээд салдаггүй юм гэж байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.26-ны өдрийн 12893 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Мгийн биед хамар, хэвлий, баруун, зүүн хэсэг, баруун гуя, зүүн даланд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-25/,
Шүүгдэгч М.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би жоохон халамцуу байсан. Ээж гаднаас орж ирсэн. Би тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь боссон чинь ээж намайг “чи миний дал, бөөр, толгой хэсэг рүү гараараа цохиж зодсон” гэж хэлж байсан. Тэгээд би ээжийгээ цохиж зодсноо мэдсэн. Өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-69-70/,
аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-29-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, шийтгэх тогтоолуудын хуулбар, ялтны зан байдлын болон суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-40-47/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51/, тээврийн хэрэгсэл “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-52/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн тухай лавлагаа /хх-53/, асап сангийн мэдээлэл /хх-58-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Б согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-ний 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын 1-02 тоот гэртээ эх Б.Мгийн нүүр лүү гараараа 3-4 удаа цохиж, толгойг нь орны толгойд мөргүүлж зодон, биед нь хамар, хэвлий, баруун, зүүн хэсэг, баруун гуя, зүүн даланд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Мгийн “...архи ууж байхаар нь “чи ямар их архи уудаг юм бэ, битгий муухай орилоод бай” гэсэн чинь “чамайг ална, янхан, гичий минь” гээд нүүр лүү гараараа 3-4 удаа цохиод би зөрүүлээд цохих гэсэн чинь миний гарыг барьж байгаад газар унагаагаад толгойг орны толгойд хавсарч цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, шүүх эмнэлгийн 12893 дугаар “1. Б.Мгийн биед хамар, хэвлий, баруун, зүүн хэсэг, баруун гуя, зүүн даланд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-25/, шүүгдэгч М.Бгийн яллагдагчаар өгсөн: “...ээж намайг “чи миний дал, бөөр, толгой хэсэг рүү гараараа цохиж зодсон” гэж хэлсэн. Тэгээд би ээжийгээ цохиж зодсноо мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-69-70/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-29-36/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Бгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эх Б.Мг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-22-23/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Бг гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Согтуурсан байсан нь тогтоогдсон. Хүний эрх, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарч байгаа. Согтуурсан, ээжийгээ зодсон, шүүгдэгчийн хувийн байдал /Асап сангийн мэдээлэл/-ыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эхээрээ тэжээлгэдэг тул торгох ял оногдуулах үндэслэлгүй...” гэж,
шүүгдэгч “300 цагийн ажлыг зөвшөөрч байна. Архи дарсаа болихыг хүсэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг сайн биелүүлнэ” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ эхийгээ хэл амаар доромжилж, гараараа болон толгойг нь юманд мөргүүлж зодсон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эмчилгээ хийлгээгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, хийсэн хэрэгтээ хандаж байгаа байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ. Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу шүүгдэгчийн согтуурсан үедээ эхийгээ хэл амаар доромжилж, гараараа нүүр лүү нь 3-4 удаа цохиж, улмаар толгойг нь орны толгойд мөргүүлж зодсоноор хамар, хэвлий, баруун, зүүн гуя, зүүн дал зэрэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулсан үйлдэлд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өлзий уул овогт Мгийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР