Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1125

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогч Г.А, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00725 0337 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Онхуд овогт Б.Д, Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, шат угсрагч мэргэжилтэй, “Жигүүр Гранд” группт шат угсрагч ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошуунаас Хайлааст орох шинэ замын 11 дүгээр гудамжны замд “Тоёота Allex” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Г.А-ийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овогт Б.Д 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошуунаас Хайлааст орох шинэ замын гэр хороолол доторх 11 дүгээр гудамжны замд “Тоёота Алекс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, 19.1-д “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.А-г мөргөж, түүний бие махбодод “зүүн умдаг ясны хугарал, баруун сүүжний тогоо, суудал ясны цууралт, хамрын ясны хугарал, зүүн сарвуу, 2 өвдөгний доор, зүүн ташаанд зулгаралт, баруун тавхайд зулгаралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай нөхрийн дүү Шведээс Шотланд виски авч ирж өгсөн юм. Тэрнээс 2-3 хундага уусан чинь жаахан халчихсан. Дараа нь урд дэлгүүрээс 200 граммын архи аваад, замдаа явж байхдаа талыг нь уусан. Тэгээд овоогоо тойроод гэртээ орох гэж явж байсан чинь араас нэг гэрэл тусах шиг болсон. Нэг мэдэхэд машины дор ухаан алдчихсан хэвтэж байсан. Тухайн үед машин доогуур орохдоо миний цээжин биеийг дайрчихлаа гэж бодсон. 20 минут ухаан алдчихсан байсан бөгөөд сэрээд жаахан дуу гарахад манай хүүхэд миний дуугаар хашаанаас гарч ирсэн. Дараа нь би хамаг хүчээ дайчилж машины доороос хөлөө цухуйлгасан. Тэр үед намайг 2-6 эмэгтэй татаж авч гаргасан. Дараа нь би хүүхдэдээ миний хүү ээждээ халааснаас гар утас аваад өгчих гэж хэлээд эргээд ухаан алдчихсан. Ер нь шүүгдэгчийн ар гэрийнхэн хүний мөс чанар тааруу хүмүүс юм билээ. Юм ярих гэхээр тэр яах вэ гээд хүлээж авдаггүй болохоор өдий болтол ойлголцож чадахгүй явна. Би аарцаг ясны гэмтлээс болж 2 сар шахуу хэвтсэн. Тэгээд энэ хүмүүсээс 2,000,000 төгрөг нэхэмжилсэн чинь өгч чадахгүй гэж хэлсэн. Миний бие эд материал сэтгэл, санаагаар хохирсон, гомдолтой байна. Цаашид аарцгийн гэмтлээ эмчлүүлмээр байна, мөнгөгүй болохоор одоог хүртэл эмчлүүлж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ...Баянхошууны 112-н буудлын дэлгүүрээс 200 грамм савлагаатай нэг шил архи аваад хашааныхаа хажууд байх овооны урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд алхаад явсан, нэг мэдсэн би машины доор орчихсон манай хүүхэд ээжийг дайраад алчихлаа гээд орилж байгаа санагдаж байсан. Тэгсэн машиныг хүмүүс өргөсөн юм уу машин жоохон хөндийрөх шиг болох үед нэг эмэгтэй хүн татаад гаргасан. Аарцаг яс хугарсан, баруун хөлд жижиг жижиг шалбарсан, зүүн хөлд хийлгэсэн төмөр хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас);

4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-12 дугаар хуудас);

5. Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс гараад хашаандаа утсаар яриад зогсож байхад хашааны гадна эмэгтэй хүн орилох шиг болсон тэр дууг сонсоод би ээж мөн байна гэж бодоод хашаанаас гараад ирсэн чинь манай хашааны овооны хажууд нэг машин зогсчихсон өөр хүн байхгүй байхаар нь энэ машин яг дайрчихлаа гэж бодоод машины доогуур харсан чинь манай ээж хэвтэж байсан. Жолооч нь эхнэртэйгээ хамт машиндаа суугаад байхаар нь би өөрөө машин доороос ээжийг гаргах гээд чадахгүй болохгүй болохоор жолоочийн хаалгыг онгойлгоод "чи бууж ирээд туслаач ээ, чи хүн дайраад алчихлаа” гээд уурласан чинь жолооч араандаа хийгээд машинаа хөдөлгөх гэхээр нь би арааг нь буцааж түлхээд жолоочийг машинаас нь татаж гаргасан. ...машиныг данхраадаар өргөж байгаад ээжийг гаргаж авсан. Тэгээд түргэн ирээд ээжийг аваад явсан. Машины зүүн талын дугуй, крыло 2 хоорондоо зүүн хөл нь орчихсон бүтэн бие нь түр чигээрээ машин доогуур орчихсон хэвтэж байсан. Машины зүүн урд дугуй нь ээжийн бүсэлхий хэсгээр дайраад гараад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас);

6. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрийн хашааны урд овоо байдаг юм. Тэр овооны урдуур нь тойроод гарах үед гэнэт машины гадаа нэг эмэгтэй хүн ёолоод дуугарах шиг болохоор нь зогсоод нөхөр бид 2 буугаад ирсэн чинь машины урд талын доод хэсэгт тэр хүний хөл хэсэг нь машин доогуур орчихсон толгой хэсэг нь ил гарчихсан дээшээ хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

7. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа хүмүүс хашхиралдаад байхаар нь хашаанаас гараад ирсэн чинь хашааны цаана байдаг овооны хажууд манай хүү Д-ийн машин зогсчихсон, ...машины баруун талаар нь тойроод харсан чинь нэг эмэгтэй дээшээ харчихсан хөл хэсэг нь машины урд дугуйны харалдаа цээж хэсэг нь ил гарчихсан хэвтэж байхаар нь толгой гарыг нь барьж байгаад машин доороос татаж гаргасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас);

8. Гэрч О.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ахын машины урд буферын доод талд нэг эмэгтэй машины баруун хэсэгт санагдаж байна дээшээ хараад толгой хэсэг нь ил гарчихсан хөл хэсэг нь машины буферын доод хэсэгт орчихсон хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас);

9. Хүний биед хийсэн шүүх эмнэгийн шинжилгээний 7697 дугаартай шинжээчийн: “...Г.А-гийн биед зүүн умдаг ясны хугарал, баруун сүүжний тогоо, суудал ясны цууралт, хамрын ясны хугарал, зүүн сарвуу, 2 өвдөгний доор, зүүн ташаанд зулгаралт, баруун тавхайд зулгаралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

10. Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт: (хх-ийн 53-58 дугаар хуудас);

11. Шинжээчээс мэдүүлэг авсан: “...тухайн гэмтлүүд нь мөргөгдөх буюу тухайн хүний босоо байх үед үүсэх гэмтлүүд юм, харин дайрагдах үед үүсэх гэмтлүүд бишээ...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 126-127 дугаар хуудас);

12. Тээврийн цагдаагийн албаны 346 дугаартай шинжээчийн: “...Тоёота Алекс маркийн ** улсын дугаартай автомашины жолоодон явсан Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 129 дүгээр хуудас);

13. Шүүгдэгч Б.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 73 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 77 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71 дүгээр хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг эргэлзээгүй тогтоосон байх тул шүүх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Д нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.44-т “хороолол гэж орон сууц буюу гэр хорооллын доторх хамруулж ...ойлгоно” гэж заасан бөгөөд энэ хэрэг гэр хороолол доторх зорчих хэсэг дээр гарсан байх тул шүүх үйл баримтыг шинэчлэн тогтоосон болно. Дүрмийн энэхүү заалтыг зөрчсөн эсэхийг дүгнэхэд техникийн тусгай мэдлэг шаардахгүй бөгөөд хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд тайлбарлан хэрэглэх боломжтойг дурдахын зэрэгцээ ийнхүү хэргийн үйл баримтыг шүүхийн мэтгэлцээнд тулгуурлан шинэчлэн тогтоосон нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрээгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Д нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгч шүүхийн мэтгэлцээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Д-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.А нь баримтаар 232,809 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Д нь 240,000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирлын хувьд шүүгдэгч нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлоо төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, харин хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Харин шүүгдэгч Б.Д-ийн “В” ангиллын 946298 жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нь хэрэгт хураагдан ирснийг шүүгдэгч Б.Д-д буцаан олгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээр яллах дүгнэлт үйлдэж хэргээ шүүхээр шийдвэрлүүлж байна. Сая шүүхийн хэлэлцүүлгийг шатанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй. Хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн газар нэлээн өгсүүр бөгөөд орой дээрээ овоотой учир дээшээ овоо руу өгсөж явахад тухайн автомашины гэрэл агаар руу ойсноос болж тухайн осол гарсан байна. Иймд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирогчийн эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний дараа нэхэмжилбэл төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд торгуулийн ялын доод хэмжээ болох 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зүйл ангийг хэрэглэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, тэнсэж болох боловч хохирогчийн гомдолтой байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна...” гэв.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ хуульд нийцсэн бөгөөд үйлдэгдсэн  гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзээд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, орлогыг харгалзан дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О овогт Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Д-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.А цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д-ийн 946298 дугаартай жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                        Б.БАТАА