| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 172/2017/0050/э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-10-24 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 54
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор С.Мөнхтулга
Шүүгдэгч Т.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал
Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Сүхбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн Т.Лхамсүрэнд холбогдох 201716000076 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Лхамсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мухар шивэртийн ам орох замд буюу баруун хойш 35 километрт Э.Оюунболдын эзэмшлийн 72-14 УНА улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1.а, 2.7.а-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Ирээдүйн амь насыг хохироосон, Т.Түвшинсайханы бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Лхамсүрэнг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Лхамсүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Т.Лхамсүрэн нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч Сүхбаатарт 3 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Г.Сүхбаатар нь сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, 2002 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Т.Лхамсүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнгийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Сүхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Бидний өмөг түшиг, ууган хүүгээ алдаад үнэхээр хэцүү, яахаа ч мэдэхгүй, юугаа ч ойлгохгүй маш хэцүү байна. Хэргийн ул мөр тодоос тод байхад автын байцаагчийн галын шалтгааныг гүйцэт төгс тогтоогоогүй, бүрхэг дүгнэлт гаргаж, замын ослын шалтгааныг нарийн тогтоогоогүй байдлыг эсэргүүцэж байна. Үнэхээр анхан шатны шүүгч шүүх хурлаа яаруу, нухацтай биш, хар үгээр бол бидэнд тааруулж, гурилдаж хийсэнд гомдолтой байна. Хайртай хүүгийнхээ араас цөхөрч, толгой гудайж, гашуудаж байгаа биднийг шүүгдэгчийн ар гэр, цагдаа, шүүхийнхэн элэг барьж болмоор дорой буурай, хүмүүс байна гэж ойлгов уу. Энд зөвхөн цагдаа, шүүхийнхэн, прокурор нь хуулиа дээдэлж, хуулийг зөв хэрэгжүүлэхийг харж хүлээж байсан.
Иймээс хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж, хэргийн галын шалтгааныг төгс тодорхой тогтоож өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Лхамсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун хойш 35 километрт буюу Ханхонгор сумын нутаг болох Мухар шивэртийн амнаас буцаж аймгийн төв орох замдаа Э.Оюунболдын эзэмшлийн 72-14 УНА улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1.а, 2.7.а-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Ирээдүйн амь насыг хохироосон, Т.Түвшинсайханы бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 31, 260 тоот дүгнэлтүүд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 30 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцос болон өмсөж явсан хувцсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу хорих ял эдлэх дэглэм, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус тус тогтоож, засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Цагдаагийн байгууллагад хариуцуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн гэж үзлээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Т.Лхамсүрэнгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсгээр зүйлчилж хэргийг шүүхэд анхан шатны шилжүүлсэн. Шүүхээс Т.Лхамсүрэнд холбогдох хэргийг шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хуулийг /шинэчилсэн найруулга/ дагаж мөрдсөн байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг зааж, мөн зүйлийн 215.3 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Энэ гэмт хэргийн шинж нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг заасан бөгөөд мөн зүйлийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийн шинжтэй адил байна. Хоёр хуулийн тухайн зүйлийн өмнөх хэсэгт хоёуланд нь гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэсэн нөхцөл байсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 3 жил гэж тогтоосон байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хорих ялын доод хэмжээг 1 жил гэж тогтоогдсон байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтсан байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоох боломжтой байсан бол, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.
Иймд Т.Лхамсүрэнг ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэлийг шинэ хуульд нийцүүлэн өөрчилж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзээд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдал нотлогдсон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул хэргийн болон ослын шалтгаан буюу машины хурдыг өөрчлөн тогтоолгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Т.Лхамсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, Т.Лхамсүрэнг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Лхамсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 жил хугацаагаар тэнссүгэй” гэж,
3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Т.Лхамсүрэнг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж,
8 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 185, 186 дугаар зүйлд зааснаар Лхамсүрэнд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай гэж,
9 дүгээр заалтыг “Т.Лхамсүрэнд авсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА