Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 02

 

                                                     

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 15 өдөр                                                   120/ШШ2018/00002                                                   Өмнөговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “Э А Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 тоот саналын “Э А Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Х н нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э А Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.

 

 

 

D:\Захиргаа\Ч.БАЯРМАА\Шийдвэр төсөл\”Э А Э” shiidver.docx

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна.

 Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан.

 Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Б ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн саналын үндэслэл нь “Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д заалтанд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар заасан. Уг саналд дэмжээгүй мэдэгдэл ирсэн" тул татгалзаж байна гэсэн байна.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

Мөн дээрхи Улсын Дээд шүүхийн 09 дүгээр тогтоолын “Тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол" байна гэснийг зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан тоотоор санал ирүүлсэн байхад түүнийг үндэслэл болгож дэмжихгүй санал гаргасан бөгөөд Б, Х сумдаас тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал ирсэн байтал сумдаас татгалзсан санал ирсэн гэж дурдсан.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал", Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 тоот саналын “Э А Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Х н нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж зааснаар тухайн талбай байрших Б, Х сумд болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс саналыг авахад уг газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан саналыг ирүүлсэн тул дэмжих боломжгүй гэх саналыг хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт хүргүүлсэн болно.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж аймгийн Засаг даргад хуулиар эрх олгогдсоны дагуу дээрх татгалзсан саналыг хүргүүлсэн тул тус ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс татгалзах санал гаргах нь хуулиар хязгаарлагдаагүй тул Б, Х сумын нутаг Х н нэртэй 1206.32 га газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн саналыг аймгийн Засаг даргад 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм.

Х сум саналдаа тусгай зөвшөөрөл олгох хэсгийг хэсэгчлэн зөвшөөрсөн байдаг. Харин Б сумаас тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг буюу отрын бэлчээр, 20 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн саналыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид татгалзсан саналыг ирүүлсэн.

Аймгийн Засаг дарга хуулийн хугацаанд тухайн сумдын саналыг үндэслэн  Ашигт малтмалын газар саналаа хүргүүлсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал нь тов гаргаж хуралддаг учраас ганц албан бичигт хариу өгөх төлөө хуралдаж тогтоол гаргах боломжгүй байсан учраас эхний ээлжид албан бичгээр хариу саналыг хүргүүлсэн байдаг. Үүний дараа шийдвэрээ баталгаажуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж тогтоол гаргасан.

Татгалзсан саналыг хүчингүй болгож дэмжсэн санал болгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр буюу гаргахгүй байгаа үйлдэл нь  өөрөө хууль бус үйлдэл байж захиргааны акт гаргахыг даалгах эрхтэй байдаг. Хариуцагч талаас шийдвэрийг хуулийн дагуу гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй байна. 

Иймд “Э А Э” ХХК-иас гаргасан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 тоот саналын тус ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Тухайн үед ашигт малтмалын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу хоёр сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар байсан учраас тус хоёр сумаас зөвшөөрөл авсан. 

Хуулийн хугацаанд холбогдох саналуудыг авч нэгтгэж хүргүүлсэн. Х сум саналдаа тусгай зөвшөөрөл олгох хэсгийг хэсэгчлэн зөвшөөрсөн байдаг.

Харин Б сумаас тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг буюу отрын бэлчээр, 20 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн саналыг өгсөн.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 сарын 10-ны өдрийн 73 тоот тогтоолоор холбогдох хуулиудыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй  гэсэн саналыг үндэслэн аймгийн Засаг дарга тухайн үед Х н нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байна гэсэн саналыг албан тоотоор Ашигт малтмалын газарт хүргүүлсэн.

Татгалзсан саналыг дэмжсэн санал болгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Монгол улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн байгууллагаас ирүүлсэн албан тоотод хариу өгөхдөө ямар хариу өгөх нь аймгийн Засаг даргын хуульд заасан эрх нь байгаа. Энэ эрхийг нь зөрчиж хөндлөнгөөс ямар санал өгөх талаар заах ийм эрх нэхэмжлэгчид байхгүй, дэмжих санал өг гэж байгаа нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан шаардлага байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэ нэхэмжлэлийн шаардлагуудаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед үндэслэж байсан 19 дүгээр зүйл бол бүхэлдээ хүчингүй болсон учраас одоо бидний маргалдаж байгаа асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон. Тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн заалтыг үндэслэн саналаа өгсөн боловч одоо Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар аймгийн Засаг даргаас санал авахгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт орж тухайн тусгай зөвшөөрөл бүхий газрыг эзэмших боломжтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 тоот саналын “Э А Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “Х н” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, хариуцагчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “...саналд ямар хариу өгөх нь Монгол улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал тул энэхүү эрхийг нь зөрчиж хөндлөнгөөс ямар санал өгөх талаар заах эрх нэхэмжлэгчид байхгүй...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Э А Э” ХХК нь Өмнөговь аймгийн Б, Хсумын нутаг “Х н” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд тус хэлтсээс хуульд заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/1853 дугаар албан бичиг[1] хүргүүлсний хариуд хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1-845 тоотоор[2] уламжилсан “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дэмжээгүй тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар бүхий санал хууль бус байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Х, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал авахаар 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1-610, 1-613, 1-614 дугаар албан бичгүүдийг[3] хүргүүлсэн байх бөгөөд Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр[4], Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дүгээр[5] тогтоолуудаар “Х н” нэртэй 1206.32 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах үндэслэлгүй гэж, харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар албан бичгээр[6] ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж тус тус хариу ирүүлжээ.

Хариуцагч нарын Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэх тайлбарын үндэслэл болох хэргийн 79 дэх хуудсанд авагдсан Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа танаа,  2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 гэсэн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хариу өгөх тухай” бичгийн нотлох баримт нь гаргацгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах  нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.12-т  “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга ... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д  “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл аймгийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар Ашигт малтмалын газарт санал хүргүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авах бөгөөд хэрэв татгалзсан тохиолдолд тэрхүү татгалзал нь хуульд нийцсэн байхыг шаардсан агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын газарт хүргүүлэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх хариу нь хүсэлт гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх Ашигт малтмалын газрын шийдвэрт нөлөөлөх буюу үр дагавар үүсгэхээр байх тул тэрхүү санал өөрөө үндэслэл бүхий байх ёстой.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолын 10 дахь хэсэгт “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж заажээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга нь тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар татгалзсан хариу өгөх эрхтэй хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан хуулийн зохицуулалт нь “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал татгалзсан бол аймгийн Засаг дарга татгалзана” гэсэн агуулга биш бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эсхүл Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй.

Тэрхүү татгалзсан хариу нь хуульд нийцсэн бодит үндэслэлийг агуулсан байх учиртай байтал дээр дурдсан сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсан атлаа  тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан болон хуулиар хориглосон талбайтай давхцалтай эсэх талаар баримт нотолгоо зааж дурдаагүй, ийм нөхцөл байдал бүхий давхцал байхгүй болох нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7/101 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байх тул Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” буюу Ашигт малтмалын газарт хүргүүлсэн “нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал” нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг болох “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 тоот саналын “Э А Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “захиргааны акт” нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээрх “зөвшөөрөх боломжгүй санал”-ын тухайд захирамжилсан, эрх зүйн шууд үр дагавар шууд бий болгосон захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тухай санал нь өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл эзэмших эрх олгохгүй байх шууд үр дагаврыг бий болгоогүйн дээр тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий Төрийн захиргааны байгууллагын Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд нь шууд үндэслэл болсон, заавал биелэгдэх захирамжилсан шинжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “дэмжээгүй санал” өгснөөс хамааран захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээгээ хууль тогтоомжийн дагуу, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэрэгжүүлэх боломж алдагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин нэхэмжлэгч “Э А Э” ХХК-иас хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дахин санал явуулах талаар хандсан, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дахин санал явуулахгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, ийм нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгчийн “Х н” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.. Ашигт малтмалын тухай хуулийн (2006) 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж,  Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 тоот саналын “Э А Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “Х н” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА

 

 

 


[1] Хэргийн 56 дугаар хуудас

[2] Хэргийн 75 дугаар хуудас

 

[3] Хэргийн 58-60 дугаар хуудас

[4] Хэргийн 83 дугаар хуудас

[5] Хэргийн 84 дүгээр хуудас

[6] Хэргийн 77 дугаар хуудас